Үе үеийн хүмүүс өөрийн гэсэн урт аян, үүрэг хариуцлагатай байдаг. “Ковид-19”-ийн хатуу шалгалтаар дамжин 1990-ээд оныхон, 95 оноос хойш төрсөн, тэр байтугай 2000-аад оныхон хүртэл хошуучлан гарч ирж, хариуцлага үүрэглэж байна. Бид халдварт тахлын эсрэг тэргүүн эгнээн дэх өөр өөр ажлын байранд эрэмгийлэн тэмцэж байгаа хэд хэдэн "1990-ээд оны" залуустай ярилцаж, тэдний үзэл бодолтой танилцахыг зорьлоо.
Ажлын анд маань ажилласаар байна, би очиж ээлжлэх ёстой
Хүбэй мужийн Жинжоу хотын Гүн-Ань шяний Бань Жү Дан суурингийн Ян Жя гарам тосгоноос Үхань хотын Жян Шя дүүргийн Жинь Коу эрүүл мэндийн төвийн Фань Хү салбар хороо хүртэл 300 гаруй километр зайтай. Baidu газрын зураг дээр хурдны замаар 5 цаг гаруй явна гэж зааж байлаа. Гэхдээ Үхань хотын Жян Шя дүүргийн Жинь Коу Эрүүл мэндийн төвд ажиллана гэсэн тодорхойлолттой нэвтрэхийг зөвшөөрөх үнэмлэхийн машины дугаарын хэсэгт "унадаг дугуй" гэж бичсэн байв.
Ийнхүү 1996 онд төрсөн охин 01-р сарын 31-нд гар утасны навигаци ашиглан унадаг дугуйтайгаа замд гарчээ. Нийт 4 өдөр 3 шөнө явсны эцэст зорьсон газартаа хүрсэн 24 настай охиныг Гань Рү-И гэдэг. Үхань хотын Жян Шя дүүргийн Жинь Коу эрүүл мэндийн төвийн эмч.
"Ажлын анд маань тэргүүн эгнээнд ажилласаар байна, би очиж ээлжлэх хэрэгтэй".
Үхань хотын Жян Шя дүүргийн Жинь Коу эрүүл мэндийн төвийн цусны шинжилгээний хэсэгт Ган Рү-И, өөр нэг ажилтантайгаа хоёулханаа ажиллана. Халдварт өвчин дэгдсэний дараа хамт ажиллагсад нь 10 гаруй өдөр ганцаар ажилласан байна. Сар шинийн баяраар гэртээ хариад байсан Ган Рү-И найзынхаа төлөө их санаа зовж, заавал ажлын байрандаа буцахаар шийдсэн байв.
“Ковид-19”-ийн улмаас Хүбэй мужийн хэмжээнд төмөр зам, авто замын тээвэр бүгд зогссон тул Ган Рү-И эмнэлгийн захиралтайгаа холбоо барьж, ажлын байрандаа буцах гэрчилгээгээ хийлгээд, мөн тосгоны зөвлөлөөс түр нэвтрэхийг зөвшөөрсөн гэрчилгээ авсан байна. Эхэндээ түүний эцэг эх эсэргүүцэж байлаа. Нэг талаас замын аюулгүй байдал хангагдаагүй, нөгөө талаас халдвар авах магадлалтай гэж санаа зовж байв.
Би замын унаанд дайгдах боломжтой. Ямар ч асуудалгүй. Би эмч хүн. Би өөрийн хариуцлагыг хүлээнэ гэж Ган Рү-И аав ээжийгээ тайвшруулаад, унадаг дугуйгаар замд гарчээ.
01-р сарын 31-ний өдөр Ган Рү-И гэрээсээ гараад Гүн-Ань шяньд очиж, нэгэн садныхаа гэрт хонов. 02-р сарын 01-ний өдөр Жинжоу хотод хүрч, нэг зочид буудалд хонов. Жинжоу хотын Хөхмөрний гүүр зөвхөн явган алхах боломжтой тул Ган Рү-И унадаг дугуйгаа гүүрэн дээрх дэлгүүрт түр хадгалуулжээ. 02-р сарын 02-ны өдөр тэрээр олон нийтийн унадаг дугуйг уншуулан авч унаад үргэлжлүүлэн аяллаа. Цянь Жян хотын хяналтын цэг дээр ирэхэд оройн 20:00 цаг болсон байв. Түүнийг ажилдаа буцаж явааг мэдсэн орон нутгийн цагдаа нар зочид буудалд хүргэн, маргааш нь Үхань хотын Цусны төв рүү явах унаа олж дайлгахаар болов. 02-р сарын 03-ны өдөр Хань Ян дүүрэгт буусны дараа Ган Рү-И мөн олон нийтийн дугуй унаж, дотуур байр руугаа буцсан байна.
02-р сарын 04-нд Ган Рү-И ажилдаа оржээ. Тэрээр гол төлөв өвчтөний цусны дээжийг шалгах, цусны ердийн шинжилгээ, биохимийн шинжилгээ зэргийг хийж байв. - Би орон нутгаас ирсэн. Орон нутгийн эмнэлгүүдэд эмнэлгийн ажилтан дутагдаж байгааг ойлгож байна. Би хувь нэмрээ оруулахад бэлэн. Халдварт өвчний эсрэг тэмцлийн хугацаанд хүн бүр гэрээсээ гараагүй ч хүмүүсийн хоорондын зай ойртсоор байгааг Ган Рү-И мэдэрсэн байна.
Жинжоу хотод миний гар утасны цэнэг дууссанд дэлгүүрийн эзэн утсаа зээлүүлсэн. Цянь Жян хотын цагдаа нар надад жимс, маск, бэлэн гоймон өгсөн. Мөн олон олон цахим сүлжээ хэрэглэгч иргэд надтай холбоо барьж, аюулгүй байдалд минь анхаарч байсан. Надад энэ бүхэн маш дотно санадсан гэж тэрээр ярьсан юм.
Жинькоу эрүүл мэндийн төвийн Намын хорооны нарийн бичгийн дарга Фань Фүшэн:
1995 оноос хойш төрсөн хүүхдүүд эрх дураараа гэж бүгд хэлдэг. Гэхдээ Ган Рү-Игийн үйлдлээс харахад зоригтой, хариуцлагатай байна. Ган Рү-И бол маш даруухан. Бид үнэндээ өөрсдийн гэсэн бодол санаатай, мөн түүнийгээ биелүүлэх итгэл зоригтой гэж хэлж байлаа.
Гань Рү-Игийн үйл ажиллагаа Бээжингийн Чао Ян дүүргийн туршилтын бага сургуулийн сурагч Хао Шюэтинд их зүйл бодогдуулсан байна. Хао Шюэтин Гань Рү-Ид бичсэн захидалдаа:
Би удахгүй 9 настай болно. Би шаргуу сайн сурч, эрдэмтэд шиг вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг судлах болно гэсэн байна. Гань Рү-Игийн эрч зориг залуу үеийнхний хувьд урам зориг авчирч байна.
Хотоо хамгаалахын тулд бид чадах бүхнээ хийхэд бэлэн
Бэлгэ тэмдэг болохуйц улаан өнгийн ажлын өмсгөл өмсөн, хар хүрээтэй нүдний шил зүүж, нүүрээ халхалсан маск зүүгээд зөвхөн өтгөн хар хөмсөг нь ил гарсан, хурдан шаламгай залуу бол хүмүүсийн мэддэг Жя Шэнжы. 1992 онд төрсөн тэрээр нас нь залуу ч Жин Дүн логистик группын Үхань хот дахь Хуан Пү дүүргийн Борлуулалтын хэлтсийн дарга болжээ. Халдварт өвчний эсрэг тэмцлийн үеэр Жя Шэнжы ерөөсөө амраагүй.
“Ковид-19”-ийн дэгдэлт эхэлсний дараа дэлхийн өнцөг булан бүрээс Хүбэй муж, Үхань хотод хандив өргөсөөр байсан бол Жиа Шэнжы эдгээр эд зүйлсийг эмнэлгийн ажилтнуудад хүргэдэг хүн болов.
Нэгэн өдөр Жя Шэнжы хэдэн арван хайрцаг эрдэс ус хүлээн авлаа. Хүргэлтийн хаяг нь Ханькөү эмнэлэг байсан боловч хүлээн авагч дээр нь ямар ч эмч байсан болно гэсэн байв. Үүнийг хараад Жя Шэнжы ихэд сэтгэл хөдөлжээ. Хайр халамж дүүрэн ийм илгээмж ирнэ гэж тэр бодоогүй. Түүнийг илүү их гайхшруулсан зүйл бол энэ дөнгөж эхлэл байлаа.
Сүүлд нь Ханькөү эмнэлэгт хүргэх эд зүйлс улам олон болсоор байв. Ихэвчлэн маск, талх, ус, сүү байсан. Бүгд их хэмжээгээр ирдэг бөгөөд тэдгээрийн олонх нь нэг хүлээн авагч учир утас нь ерөөсөө холбогдохгүй байв. Жя Шэнжы эхлээд Ханькөү эмнэлэг худалдаж авсан байж магадгүй гэж бодож байлаа.
Бараа хүргэх боломжгүй бол шууданчид сандардаг. Жя Шэнжы системийг шалгаж үзээд захиалга өгсөн хүн нь Жянсү мужийн хүн байсан ба бусад захиалгууд ч Хятад улсын өнцөг булан бүрээс ирсэн болохыг олж мэдэв.
Маш их сэтгэл хөдөлсөн. Үханьд эд материал хандивлаж байгаа хүмүүс бүгдээрээ чин үнэнээсээ Үхань хот, Хүбэй муж хүнд хэцүү байдлыг даван туулахад туслахыг хүссэн юм гэж тэрээр ярьлаа. Тэрээр бусад хоёр шууданчтай хамт ус, талхны нэг хэсгийг авч, хүлээн авагчийг олохоор эмнэлэгт очив. Эцэст нь тэр хүн бол эмнэлгийн эд материал хариуцагч байсныг мэдэж, маш олон утас орж ирдгээс заримдаа утас нь нээгдэх боломжгүй байсныг мэджээ. Ийнхүү Жя Шэнжы эмнэлгийн холбоо барих хүний WeChat-ийг нэмж, бараа ирсэн үед шууд түүнтэй харилцах болов.
Жя Шэнжы:
- Одоогийн байдлаар эмнэлгүүдэд илгээсэн захиалга ихэвчлэн Хятадын өнцөг булан бүрээс ирсэн хандивын материал. Эхэндээ маск, хоол хүнс байснаа сүүлдээ том хүний живх зэрэг ирдэг болсон. Олонх захиалгын хуудас дээр "Үхань чармай” гэх зэрэг урам зоригоор дэмжсэн үгсийг бичсэн байна. Мөн "Шуудан зөөгчид баярлалаа, хамгаалалтдаа анхаарах хэрэгтэй", “Шуудан зөөгчид мундаг шүү, та нар бол баатрууд, танд хүндэтгэл дэвшүүлье" гэх зэрэг үг үлдээсэн нь ч бий. Эмнэлгийн үйлчилгээнд хандивласан эмчилгээний хэрэгсэлд заримдаа шууданчдад зориулсан тохиолдол ч байдаг. Нэг удаа "Шуудан хүргэгч та шаргуу ажилласан. Энэ бол таны төлөө. Хамгаалалтдаа анхаараарай, хүндэтгэл дэвшүүлье" гэж бичсэн байсан гэж догдлон ярьлаа.
- Үнэндээ манай энд бүрэн хамгаалах хэрэгсэл, материалтай. Гэхдээ эдгээр үгсийг хараад надад маш их халуун дотно санагдсан. Бид баатрууд биш. Тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч нар шиг хүнд хэцүү байдаггүй. Гэхдээ хотоо хамгаалахын тулд бид чадах бүхнээ хийхэд бэлэн байна гэж Жя Шэнжы ярьсан юм.
Тэдний төвд түүнтэй адил "1990-ээд оны" залуу зөөгч 50 хувийг эзэлдэг. Хятадын цагаан сарын үеэр зарим хамт ажиллагсад ажилдаа түр хугацаагаар эргэж очих боломжгүй болсноор ажил дээрээ байгаа бусад нь туслахыг хичээжээ.
- Төвийнхөө захирал болсны хувьд би ажилчдынхаа ноён нуруу нь юм. Өдөр бүр тэдэнтэй хамт ажилладаг. Манай ажилчид маш шаргуу ажилладаг гялалзсан залуус бий. Би утсаар ярихад л тэд гар дахь ажлаа хийж дууссаны дараа шууд надтай хамт бусад хамт ажиллагсдад туслахыг хичээдэг гэж тэрээр мөн ярьлаа.
- Үхань хотын автобус, метроны үйл ажиллагааг түр зогсоосон тул чөлөөтэй зорчих боломжтой шуудан зөөгчид мөн орлох захиалгыг маш их хэмжээгээр авсан. Хуурай сүү хайлгах, ногоо авахуулах, шуудан тосуулах, муур тэжээлгэх тохиолдол ч байсан. Энэ бол юу ч биш. Сайн дурынхны ихэнх нь манай 1990-ээд оных. Үхань бол бидний ажиллаж, амьдардаг хот. Бид бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсдэг гэж Жя Шэнжы ярьлаа.
Би том болсон. Ээжтэйгээ хамт тахлын эсрэг тэмцэнэ
Үхань хотод амьдардаг Юньнань их сургуулийн 2-р курсын оюутан Ван Ваньгэгийн хувьд энэ өвлийн амралт мартагдашгүй байлаа. Удаан хугацаагаар амарсан төдийгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн дурын ажилд оролцсонтой холбоотой юм.
Ван Ваньгэгийн ээж Жү Минлань Төв хэсгийн Нэгдсэн эмнэлгийн Цөмийн эмчилгээний тасгийн орлогч эрхлэгч. Үхань хотод “Ковид-19” дэгдэж эхэлсний дараа тус эмнэлгийн авралтын бус гишүүд сайн дурын хамгаалалтын баг байгуулахад Жү Минлань маш идэвхтэй оролцсон юм. Өвлийн амралтаар гэртээ байсан Ван Ваньгэ мөн ээжийнхээ дэмжлэг, урамшууллаар энэхүү сайн дурын хамгаалалтын командад нэгдсэн байна.
Ээж маань Веньчуаны газар хөдлөлтийн үед аврах ажилд оролцож байсан юм. Тухайн үед би дөнгөж 7 настай, тусалж чадахгүй байсан. Би түүнийг бусдад туслахаар явсан гэдгийг л мэдэж байсан. Одоо би том болсон, ээжтэйгээ хамт "тахал"-тай тэмцмээр байна гэж Ван Ваньгэ ярьлаа. Үхань хотын хүүхэд, мөн эмнэлгийн ажилтны хүүхэд болсны хувьд тэрээр энэ удаа ээжтэйгээ хамт тэмцэхийг хүссэн байна.
Мэргэжлийн туршлагагүй Ван Ваньгэ материал зохицуулагч болсон бол түүний ажил нь эд материал нүүлгэж зөөх, статистикийн бүртгэл, хандивын утасны хариулт зэрэг ажил юм. Тэрээр эмнэлэгт өглөө 07.00-оос өмнө очиж, орой 20:00 цагт л гэртээ харих боломжтой байдаг. Ван Ваньгэ:
Үнэндээ завгүй ажиллаад эхэлбэл тийм ч их зүйл боддоггүй, ядарсан үедээ хоолоо идээд дараа нь үргэлжлүүлэн ажиллаад, цагийн хуваарийг өөрөө зохицуулдаг. Сайн дурын ажилд оролцож байхдаа үнэхээр ядардаг байсан. Бид ядарч байна гэж үргэлж хэлдэг байсан ч ажлаа хэзээ ч зогсоодоггүй. Учир нь одоо бол онцгой цаг үе, үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой гэж хэллээ.
Анх удаа албан ёсоор ажилд оролцож байгаа Ван Ваньгэгийн хувьд маш их туршлага олж авсан байна. Жижиг зүйлийг хийж бүтээхэд тийм амархан биш, нэг л төрлийн ажилд олон хүний оролцоо, олон хөтөлбөр хэрэгтэй, нэг алхам ч буруутаж болохгүйг тэрээр ойлгосон гэх. Сайн дурын ажилд оролцсон энэ туршлага зөвхөн сайхан дурсамж төдийгүй амьдралынх нь чухал үнэт зүйл болжээ.
Мэдээж, Ван Ваньгэ бас сэтгэл догдлуулах, халуун дулаан мэдрэмжийг олж авав. 01-р сарын 31-ний өдөр Ван Ваньгэд дуудлага ирсэн байна. Нэгэн эмэгтэй төрөл бүрийн хоол хүнс хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тухайн үед эмнэлэг олон зүйлээс шалтгаалж ихэвчлэн эмнэлгийн хэрэгсэл л хүлээж авч байсан тул Ван Ваньгэ нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэнд утасны цаана хэсэг чимээгүй болсноо ойролцоогоор 10 секундын дараа уйлах чимээ сонсдов. Ван Ваньгэ яаран учрыг асуулаа. "Та яагаа вэ?" гэхэд нөгөө эмэгтэй уйлсан хоолойгоор уучлал гуйв. Эмнэлгийн хангамж дутагдаж байсан ч өөрөө тус хүргэж чадахгүйдээ сэтгэлээр унасан нь тэр аж. Ван Ваньгэ түүнийг яаран тайвшруулж, утсаа тасалсны дараа ч сэтгэл нь ихэд хөдөлж байлаа.
Тэр өдөр ажил тарсны дараа Ван Ваньгэ нөгөө хатагтай руу гар утсаараа мессеж илгээв.
Сүүлийн өдрүүдэд би олон дуудлага хүлээж авсан. Таны дуудлага надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Эмнэлгийн ажилтнуудад анхаарал тавьж байгаад баярлалаа. Мөн хандив өргөх хүслээр бидэнд хандсанд баярлалаа. Та бүхэндээ маш их талархаж байна. Хамгаалалтдаа анхаарах болов уу. Хамтдаа халдварт өвчний эсрэг тэмцье. Шинэ жилийн мэнд дэвшүүлье, аз жаргалтай байгаарай гэж илгээсэнд удалгүй уулзаж үзээгүй тэр эмэгтэй мессежэнд хариу өглөө. Баярласан сэтгэлээ илэрхийлж, мөн хүнд бэрхшээлийг даван туулах урам зориг өгсөн байна.
Ван Ваньгэгээс сурвалжлагч:
- Халдварт өвчний тэргүүн эгнээнд ажиллахаас айх уу? гэж асуухад тэрээр халдвар авахаас санаа зовж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч айхгүй гэдгээ илэрийлсэн юм.
- Биднээс илүү аюултай орчинд ажиллаж байгаа хүн зөндөө байгаа ч тэд айхгүй байна. Хамгаалалтаа сайн хийвэл халдвар авах эрсдэл бага байдаг. Би ээжтэйгээ хамт тэмцэж байгаадаа үнэхээр бахархаж, баярлаж байна гэж Ван Ваньгэ ярьлаа.
Ван Ваньгэ бол "2000 оноос хойш" төрсөн хүүхэд гэдгийг мэдээд олон хүмүүс маш их гайхаж байсан. Гэвч тэр өөрөө:
Үнэндээ наснаас үл хамаардаг. Халдварт өвчнийг эсэргүүцэхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг л бол сая сая эх оронч хүний хичээл зүтгэлээр Үхань хот хямралыг даван туулах нь гарцаагүй гэж хэлсэн юм.





























































