
“COVID-19”-ийн халдвар дэлхий дахинд аюулын харанга дэлдэж, халдварт өвчинтэй тэмцэн хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах нь хүн төрөлхтний хамтын зорилт болоод байна. БНХАУ халдварт өвчний эсрэг авсан хариу арга хэмжээний дүнд анхан шатны ялалт байгуулсан хэдий ч бидний мөнхийн хөрш болох Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Монгол Улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх онцгой комисс байгуулж, холбогдох байгууллагууд халдварт өвчний эсрэг тэмцэлд идэвхтэй оролцон, урьдчилан сэргийлэх тууштай арга хэмжээ авч байгаа энэ үед Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн Холбооноос хандивын аян өрнүүлэн, цар тахлын эсрэг тэмцэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байгаа билээ.
Монгол Улсад халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэнийг зарласны дараа Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүд зөвшилцөн, хандивын аяныг зохион байгуулснаар тус бизнесийн холбооны гишүүд, нутаг нэгтнүүд, Монголд сурч буй хятадын оюутнуудын өргөн дэмжлэгийг хүртсэн байна. 03 дугаар сарын 20-ы өдрийг болтол Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн Холбоо нь 25 сая төгрөг болон 20 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалтын эд материалыг цугласан байна. Үүнд ММК компаниас 20 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалтын эд материалыг хандивлажээ. Мөн Монгол Улс дахь Тунляохотын Бизнесийн Холбоо нь 5.7 сая төгрөгийн хандивын мөнгийг цуглуулжээ. Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн Холбоо болон Тунляогийн Бизнесийн Холбоонд нийтдээ 50.7 сая төгрөгийн хандивын мөнгө, эд материал цугларсан байна. Мөн өдөр Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн Холбоо, Түнляогийн Бизнесийн Холбоо болон ММК компанийн төлөөллөөс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд хандивын мөнгө, эд материалыг хүлээлгэн өгсөн байна. Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол дахь Өвөр Монголын аж ахуй нэгж болон халуун сэтгэлт хүмүүсийн Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэн ажлын амжилт хүссэн байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга О.Амартүвшин оролцов.
Мөн Хянган аймгийн Хорчин монгол уламжлалт сур харвааны нийгэмлэг болон Хянган аймгийн Зул сайн үйлсийн нийгэмлэгийн гишүүдээс 4 сая төгрөгийг Монгол Улсын Цэргийн төв эмнэлэгт хандивласан бол мөн сарын 27-ы өдөр Монгол Улс дахь Улаанхад хотын бизнесийн холбоо, СҮСК компани нь Цагдаагийн Ерөнхий Газарт 400 багц хамгаалалтын хувцас хандивлаж, цар тахлын эсрэг өмнө эгнээнд тэмцэж буй цагдаагийн албан хаагчдад чин сэтгэлийн бэлэг барьсан байна.
04 дүгээр сарын 10-ы өдөр Монгол Улс дахь Тунляогийн Бизнесийн Холбооны дэд тэргүүн бөгөөд нарийн бичгийн дарга Цэцэнгоо тэргүүтэй Монгол Улс дахь Тунляо хотын Бизнесийн Холбооны гишүүн аж ахуйн нэгж “Уеrаdiсо" компанийн захирал Хөгжил нар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд 30 сая төгрөгийн хандивын мөнгийг хүлээлгэн өгсөн байна. Шадар сайд Ө.Энхтүвшин Өвөр Монголын хөрөнгө оруулагчид, бизнесменүүд Монгол Улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэн, "Цар тахлын улмаас хүн төрөлхтний эрүүл мэндэд аюулын харанга дэлдээд байгаа энэхүү эгзэгтэй үед дэлхийн бүх улс орон нэгдэн, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх шаардлагатай байна. Бид бүхэнтэй тулгараад буй энэхүү хүнд сорилын өмнө хамтдаа нэгдэн, хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулах шаардлагатай юм" гэжээ. Шадар сайд Ө.Энхтүвшин, Бизнесийн холбооны төлөөлөгчдийн хамт дурсгалын зураг татуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөжээ.
Мөн сарын 14-ний өдөр Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн Холбооны Нарийн бичгийн даргын орлогч Цэнцэнгоогоор ахлуулсан баг Баяннуур хотын захиргааны хүсэлтээр Монгол Улсын Гашуунсухайт боомтод хүрч, Өвөр Монголын Баяннуур хотын захиргаа болон Монгол дахь Баяннуур хотын Бизнесийн холбооноос хандивласан 142000 ширхэг амны хаалтыг хүлээн авч, тус боомтын Гадаад иргэн, харьяатын газар, Хил, Гааль, Мэргэжлийн хяналт зэрэг 4 байгууллагад 12000 ширхэг амны хаалтыг хандивласан бол мөн өдөр Өмнөговь, Дундговь аймгийн захиргаанд тус бүр 30000 ширхэг амны хаалт хандивлажээ. Мөн 17-ы өдрийн үдээс хойш Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан хандивын арга хэмжээний үеэр холбогдох албан байгууллагуудад 70000 ширхэг амны хаалт хандивлав.
Монгол Улс дахь хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон халуун сэтгэлт хүмүүсийн хандивын аян үргэлжилсээр байна.





























































