Хятад улс жил бүрийн "Хоёр чуулган"-ы үеэр эдийн засгаа тодорхой хувиар өсгөх зорилт дэвшүүлдэг ч 2020 онд ийм зорилт дэвшүүлэхгүй байхаар шийджээ. Энэ нь дотоодод болон дэлхий дахинд тулгараад буй ярвигтай нөхцөл байдлыг шийдвэрлэхийн төлөөх хариуцлагатай бөгөөд алсыг харсан шийдвэр юм.
05-р сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газрын ажлын тайлангаас үзвэл тус улс шинэ коронавирусын тархалтаас үүдэлтэй тодорхойгүй байдал болон бэрхшээлүүд, дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор “Амьдралд илүү ойрхон байх” зарчмыг баримтлан бодлого шийдвэрүүдээ гаргаж байна.
Шинэ коронавирусын цар тахал нь энэ оны нэгдүгээр улиралд Хятадын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөн. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.8 хувиар буурчээ.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих бодлогуудын үр дүнд Хятадын эдийн засгийн өсөлт эргээд сэргэх нь гарцаагүй боловч тус улс дэлхий нийтэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, эрсдэл болоод тодорхойгүй байдлыг харгалзан үзэж байна.
Гэхдээ Хятадын Засгийн газар илүү уян хатан бөгөөд хэрэгжих боломжтой буюу тогтвортой хөгжлийн зарчмуудад суурилсан зорилтуудыг энэ онд дэвшүүлээд байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийг хөхүүлэн дэмжих, зах зээлд бүх хүчин чадлаараа тоглох боломжийг аж ахуй эрхлэгчдэд олгох, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахыг Хятадын Засгийн газрын тайлан илтгэлд чухалчилсан байна.
Хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгаж, ажлын байрыг энэ онд есөн сая гаруйгаар нэмэгдүүлнэ гэж уг илтгэлд дурдсан нь “ард түмэн нэгдүгээрт” гэдэг зарчмаа онцолж буйн илрэл юм.
2020 он нь Хятад улсын хувьд онцгой жил билээ. Учир нь үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах, бүх талаараа цэцэглэн хөгжсөн, чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоох зорилтынхоо сүүлийн шатанд явна. Өөрөөр хэлбэл, тус улсын Засгийн газар ард иргэдээ орон сууцаар хангах, эмнэлгийн болон бусад төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилтоо биелүүлэхээр зүтгэж байна.
Харин эдийн засгаа чухам хичнээн хувиар өсгөнө гэж тодорхой зорилт дэвшүүлээгүй нь Хятад улс эдийн засгаа тогтвортой өсөлтөд хүргэх шийдэмгий байдлаасаа хүнд хэцүү үе тулгарахаар ухарсан гэсэн үг биш юм.
Өмнөө тавьсан зорилтууддаа хүрэхийн тулд Хятад улс шинэчлэл, нээлттэй байдлын бодлогоо тууштай баримталж байх учиртай.
Хятадын Засгийн газраас танилцуулсан шинэ тайлан илтгэл нь Хятад улс илүү бодитой, уян хатан, алсын хараатай, бүх хүмүүст үр өгөөжтэй, шинэлэг бөгөөд нээлттэй, ногоон хөгжилд хүрэхийг эрмэлзэж буйг харуулж байна.
Хятадын эдийн засгийн төлөв байдал өнөөдөр ч “гэрэлтсэн” хэвээр байна.
Олон улсын валютын сангийн “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал” тайланд дурдсанчлан, энэ онд Хятадын ДНБ-ий өсөлтийн түвшин нь мэдэгдэхүйц буурах ч тус улсын эдийн засаг өсөлттэй гарч, 2021 оноос эрчимтэй сэргэх төлөвтэй байна. Тодорхой зорилт дэвшүүлэхгүй байх нь ч нэг талаараа“оновчтой зорилт” байж болох юм.





























































