Сири дэх Хятадын Элчин сайдын яам энэ сарын 04-ний өдөр Сири улсад халдварт өвчний эсрэг эд материал хандивлав. Үүнд, хамгаалалтын хувцас, амны хаалт, хамгаалалтын шил, халдваргүйжүүлэлт хийх хэрэгсэл зэрэг багтаж буй.
Хандивын ёслол Сирийн Эрүүл мэндийн яаманд боллоо. Сири дэх Хятадын элчин сайд Фэнь Бяо ёслолын үеэр хэлэхдээ: - "COVID-19"-ийн халдвар дэгдэж эхэлснээс хойш Сирийн Засгийн газар урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ авч, ард түмэн ч яаралтай хариу арга хэмжээ авч, тархалтыг таслан зогсоов. "COVID-19"-ийн халдвар нь хүн төрөлхтний хамтын дайсан бөгөөд Хятад улс хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогцын үзэл баримтлалыг баримталж, Сири улстай тахлын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Сирид үргэлжлэн эмнэлгийн тусламж үзүүлж, Сирийн ард түмний эрүүл мэндийг хамгаалахад тусалж байна гэжээ.
Сирийн Эрүүл мэндийн яамны даргын туслах Ахмед Халифави Хятад улсын үзүүлж буй тусламжид талархал илэрхийлэв. Тэрээр: - Сирийн тал Хятад улсын тусламжийг ихэд сайшааж, тархалтыг бууруулах талаар хоёр талын харилцаа холбоо, зохицуулалтыг өндөр үнэлж байна. "Хятад улс дэлхийн олон оронд эмнэлгийн тусламж үзүүлсэн нь их гүрний хэв маягийн бодит илрэл юм." гэжээ.
Хятадын Засгийн газраас үзүүлсэн тахлын эсрэг тусламжийн анхны ээлжийн материалыг 04-р сарын 15-нд Сирийн нийслэл Дамаскт хүлээлгэн өгч байсан юм. Мөн 04-р сарын 23-ны өдөр Сири дэх Хятадын ЭСЯ-наас зохион байгуулсан видео хурал дээр хоёр орны мэргэжилтнүүд "COVID-19"-ийн халдварын талаарх оношилгоо, эмчилгээний талаар гүнзгий солилцоо хийсэн юм.





























































