Хятад-Пакистаны эдийн засгийн коридор байгуулах санаачилгыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян /Li Ke Qiang/ 2013 оны 5 дугаар сард Пакистанд айлчлахдаа гаргасан. Уг коридорын эхлэх цэг нь Шиньжянгийн Кашгар хотоос эхэлж Пакистаны Гвадар боомт хүртэл үргэлжилж, нийт урт нь 3000км, хойд талаараа Торгоны замын эдийн засгийн бүстэй хиллэж, урд талдаа 21 дүгээр зууны Далайн торгоны замтай холбогдсон өмнөд, умард Торгоны замын гол зангилаа болсон авто зам, төмөр зам, нефтийн хоолой, кабелийн шугамаас бүрдсэн “Дөрвийн нэгдэл”-ийг бий болгосон тээвэр болон худалдааны коридор, “Нэг бүс-Нэг зам”-ын тэргүүлэх төсөл гэж нэрлэгдэж байна. 2015 оны 4 дүгээр сард Хятад, Пакистан хоёр улс ХятадПакистаны эдийн засгийн коридорын ирээдүйн хөгжлийн урьдчилсан төлөвлөгөөг баталж, уг коридорын дагуу бүтээн байгуулалт, зам тээвэр болон эрчим хүчний бүтээн байгуулалтыг хийхээр болж, хоёр тал коридорын дагуу томоохон төслүүд, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрдэс баялгийн олборлолт, хөдөө аж ахуй, усжуулалт, мэдээллийн технологийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эхлүүлж, аж үйлдвэрийн паркууд болон чөлөөт худалдааны бүс байгуулахаар тогтжээ. Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлын өртөг нь урьдчилсан байдлаар 45 тэрбум юань буюу 2030 онд дуусгахаар төлөвлөсөн байна. 2015 оны 4 дүгээр сарын 20-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Пакистаны Ерөнхий сайд Миан Мохаммад Наваз Шариф /Mian Muhammad Sharif/-тай эдийн засгийн коридорын таван томоохон төслийн шав тавих ёслолд оролцож, 30 гаруй төслүүд, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын хамтын ажиллагааны хэлэлцээр болон санамж бичигт гарын үсэг зуржээ. Эдийн засгийн коридор нь Хятад, Пакистаны хоорондын зам тээвэр, эрчим хүч, далайн хэрэг зэрэг хүрээний хамтын ажиллагааг нэг шат ахиулж, талууд дэд бүтцээрээ харилцан холбогдож бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хоёр орны хамтын хөгжлийг дэмжиж байгаа юм. Эдийн засгийн коридор нь Өмнөд Азийн дэд бүтцээрээ харилцан холбогдох үйл явцад томоохон түлхэц өгч Өмнөд Ази, Төв Ази, Хойд Африк, Булангийн орнуудтай эдийн засаг, эрдэс баялгийн хүрээний хамтын ажиллагаагаа нягтруулахад үр дүнтэй бөгөөд 3 тэрбум хүн ам бүхий эдийн засгийн нийтийн сэргэн мандалтыг авчрах боломжтой юм.





























































