“Торгоны замыг сэргээн босгох төлөвлөгөө” нь 20 дугаар зууны 60-аад оноос эхэлж, эхний үеийн төлөвлөгөөндөө Сингапурыг Турктэй холбох 14000км төмөр замын төсөл байжээ. Торгоны замыг сэргээх хүсэлтэй Засгийн газар болон байгууллагууд олон байдаг ба НҮБ үүнд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. 2008 оны 2 дугаар сард НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр албан ёсоор “Торгоны замыг сэргээн босгох төлөвлөгөө”-г зарлав. Үүнд Хятад, ОХУ, Иран, Турк зэрэг 19 орны төлөөлөгч, Швейцарийн Женевт санамж бичигт гарын үсэг зурж, цаашид 43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эртний Торгоны зам болон бусад Ази, Европыг холбосон 7000км замыг сэргээн хөгжүүлэхээр болов. Уг төлөвлөгөө нь 230 төслөөс бүрдэх ба 2008-2014 онд хэрэгжиж, гол хөрөнгө оруулалт нь эртний Торгоны зам зэрэг Ази, Европыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт бас эдийн засгийн коридорыг нээн хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байв. Уг хөтөлбөр нь эртний Торгоны замын үүрэг ролийг чухалчилж Төв Ази, Зүүн Европын улс орнуудад хөгжлийн боломжийг олгож, Ази, Европыг холбосон бүс нутаг нь глобалчлалын үе шатаас ашиг хүртэх боломжийг олгохуйц хөтөлбөр юм.





























































