“Умард, өмнөдийн эдийн засгийн коридорын төлөвлөгөө” нь хамгийн анх Орос, Энэтхэг, Иран улс 2000 оноос санаачилж, Өмнөд Азиас гарч Төв Ази, Кавказаар дамжин ОХУ-д хүрч Европын тээврийн замд холбогдохоор төлөвлөсөн байна. Умард, өмнөдийн эдийн засгийн коридор нь 5000 км урттай, байгуулагдсаныхаа дараа одоогийн Европ, Азийн тээврийн шугамаас 40 хувь богино зайтай, тээвэрлэлтийн өртгийг 30 хувиар багасгана гэж тооцжээ. Тус тээврийн коридор нь Финландын булангийн Санкт-Петербургээс гарч ОХУ-ын өмнөд хэсгийн Каспийн тэнгисийн боомтын Астраханиар дамжин Каспийн тэнгисээс Ираны хойд хэсгийн Ноушехр/Nowshahr/ боомт, мөн дахин урагшилж Ираны өмнөд хэсгийн боомт хот болох Абас /Abas/, Оманы булан/Gulf of Oman/-гаар дайран эцэст нь Арабын тэнгисээр дайрч Энэтхэгийн далайн Мумбай боомтод хүрдэг. Үүнд авто зам, төмөр зам, далайн тээвэр зэрэг тээврийн олон хэлбэрийг ашиглана. Энэхүү тээврийн коридор нь Энэтхэгийн далайн боомт болон Ираны оршиж буй Арабын тэнгисийн Абасын боомтыг Чахбехар /Chahbahar/боомттой холбон ашиглахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөг гаргаж тавих үеэс эхлэн хөрөнгө оруулалтын дутагдал, улс төрийн маргаан, ялангуяа гол цөм байршил болсон Ираны байр суурь байнга өөрчлөгдөж байгаа зэрэг нь хөтөлбөрийн хэрэгжилтийг удаашрахад нөлөөлж, өнөөг хүртэл цаг хугацаа алдаж, талууд бодит үйл ажиллагааны чиглэлийн төсөл хөтөлбөрүүд дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. 2001 онд Энэтхэгийн талаас идэвхийлэн уг хөтөлбөрийг дахин амилуулахад анхаарал тавьсан. Сүүлийн жилүүдэд Төв Азийн улс орнуудаас 16 улс уг төсөлд оролцохоор болоод байна. Гэвч Энэтхэгийн зүгээс идэвхтэй дэмжиж буй Умард-Өмнөдийн коридорын төлөвлөгөө нь Пакистаны эсэргүүцэлтэй тулгарч, хөгжлийн ирээдүй тийм ч сайнгүй байна.





























































