АНУ-ын Жон Хопкинсын их сургууль /The Johns Hopkins University/-ийн профессор Стивен Фредерих Старр “Шинэ торгоны замын үзэл баримтлал”-ыг дэвшүүлэн тавьсан. 2011 оны 7 дугаар сард тухайн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон /Hillary Diane Rodham Clinton/ Энэтхэгт болсон хоёр дахь удаагийн АНУ- Энэтхэгийн стратегийн яриа хэлэлцээнд оролцох үедээ албан ёсоор “Шинэ торгоны замын төлөвлөгөө”-гөө танилцуулж, үүнд Афганистаныг төв болгосон Төв Ази болон Өмнөд Азийн улс төр, аюулгүй байдал, эрчим хүч, зам тээврийн хүрээний хамтын ажиллагаа, АНУын талыг баримталсан зах зээлийн эдийн засаг болон Секуляризмийн нөлөө бүхий улс орнуудын шинэ гео улс төрийн нэгдлийг байгуулан Афганистан багтсан төв Азийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, АНУ-ын тухайн бүс нутаг дахь стратегийн эрх ашгийг хамгаалахад чиглэнэ. Тухайн жилийн 10 дугаар сард АНУ-ын Төрийн департментаас тухайн улс орнуудаас АНУ-д суугаа Элчин сайдын яамдад нот илгээж, АНУ-ын Төв Ази, Өмнөд Азийн улс төрийн нэгдмэл эрх ашигтай “Шинэ торгоны зам стратеги”-ийг дэмжиж, олон улсын хамтрагч болохыг уриалжээ. Энэ нь “Шинэ торгоны замын төлөвлөгөө” АНУ-ын албан ёсны бодлого болохыг илэрхийлж байна. Одоогоор “Шинэ торгоны замын төлөвлөгөө”-ний зарим хэсгийн төслүүд хэрэгжиж дуусаад, тухайлбал Узбекистан, Афганистаны төмөр зам баригдаж дуусан, Тажикстаны Сантуда /Sangtuda/-гийн усан цахилгаан станц баригдан Афганистанд эрчим хүч нийлүүлж эхлээд байна. АНУ-ын албан ёсны байр суурь болон бодит үйл явцаас харвал уг хөтөлбөр цөөнгүй бэрхшээл болон эрсдэлтэй тулгарч байна. Тухайн бүс нутгийн улс орнуудын дэд бүтцийн байдал хоцрогдонгуй, хөрөнгө оруулалтын дутагдалтай байдал, харилцан итгэлцэл дутмаг, терроризм болон хэт даврах үзэл санаа түгсэн байдал их газар авсан байна. Гэвч АНУ-ын зүгээс уг төлөвлөгөөгөө зогсоохыг тодорхой илэрхийлээгүй байна.





























































