2013 оны 5 дугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Пакистанд албан ёсны айлчлал хийх үедээ талууд хамтран “Хятад-Пакистаны эдийн засгийн коридор”-ыг байгуулж, ялангуяа эрдэс баялаг, зам тээврийн дэд бүтэц зэрэг олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. 2015 оны 4 дүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистанд айлчилж хоёр улсын хамтын ажиллагааг дахин нэг шат ахиуллаа. “Хятад-Пакистаны эдийн засгийн коридор”-ын голлох төслийн нэг болох Гвадорын боомтыг хөгжүүлэх төсөл нь голлох байр суурь эзэлдэг ба Гвадорын боомтын чөлөөт бүс нь боомтын үйл ажиллагаа, худалдаа, тээвэр, боловсруулах аж үйлдвэр, агуулах хадгалалт, санхүүгийн зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэж байна. Уг чөлөөт бүсийн шав тавих ёслол 2016 оны 9 дүгээр сарын 1-нд болж, Пакистаны Ерөнхий сайд Миан Мохаммад Наваз Шариф оролцсон нь Гвадорын боомтын бүтээн байгуулалт боомтын бүсээс аж үйлдвэрийн бүс болон өргөжиж, шинэ хөгжлийнхөө замд гарсныг илтгэж байна. Гвадорын чөлөөт бүс нь Хятадын Шэньжэнь хотын Шэкоу /Shekou/ боомтын хэлбэрээр баригдаж, нэг төрлийн боомт+аж үйлдвэрийн бүс+хот гэсэн цогцолбор байдлаар хөгжих болно. Пакистаны тал газар ашиглалт, татвар зэрэг олон талын хөнгөлөлт чөлөөлөлт зэрэг таатай нөхцөлийг үзүүлнэ. Гвадорын чөлөөт бүс байгуулагдсанаараа зөвхөн боомт, тээврийн үүрэг гүйцэтгэхээс гадна уг чөлөөт бүс нь аж үйлдвэрийн бүс болон хөгжиж, үүнтэй уялдан худалдаа, санхүүгийн байгууллагууд төвлөрснөөр Гвадорын боомтыг илүү нээлттэй чөлөөтэйгөөр хөгжүүлж, Пакистаны Балучистан муж болон Пакистаны эдийн засгийн хөгжлийг ихээр урагшлуулах ирээдүйтэй юм.





























































