Коломбо боомт хот бол одоогийн байдлаар Шри Ланкийн хамгийн том гадаадын хөрөнгө оруулалттай төсөл юм. Коломбо боомт хотын төсөл нь нийслэл Коломбын төв хэсгийн худалдааны бүсэд байрладаг. Хотын ойролцоо нь далайд арал үүсгэх хэлбэрээр гольфийн талбай, зочид буудал, худалдааны төв, усан парк, орон сууц, усан аяллын зогсоолтой боомтын хот болгон бүтээн байгуулж хөгжүүлнэ. Тус төслийг Хятад улсын Зам тээврийн барилгын компани /China Communications Construction Company Limited / болон Шри-Ланкийн боомтын хэрэг эрхлэх газар хамтран хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл хоёр улсын Засгийн газар хоорондын бус төсөл буюу төр, хувийн хэвшил хамтран хөрөнгө оруулсан төсөл юм. Шри-Ланкийн Засгийн газар байгаль орчин, төлөвлөлт, бүтээн байгуулалт хийх зөвшөөрөл зэргийг хариуцах бол Хятадын аж ахуйн нэгж нь хөрөнгө оруулалт, төлөвлөлт, бүтээн байгуулалт, цаашдын үйл ажиллагааг нь хариуцна. Анхны төлөвлөлтөөрөө тус боомт хотын нийт барилгажилтын хэмжээ нь 5.3 сая м.кв, бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.доллар, хоёр дахь шатны хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт нь 13 тэрбум ам.доллар болж, Шри Ланкт 83 мянган урт хугацааны ажлын байр бий болгоно. Төслийн бүтээн байгуулалт 2014 оны 09 дүгээр сарын 17-ноос эхэлсэн бөгөөд үүний дараа Шри-Ланкийн сонгууль, Засгийн газрууд хурдан солигдох зэрэг олон нөлөөллөөс болж бүтээн байгуулалтын ажил нэлээд хойшилсон. Хятадын талаас санаачилсан олон удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнд 2016 оны 08 дугаар сард шинээр гурван талт хэлэлцээр байгуулагдсанаар тус бүтээн байгуулалтын төсөл үргэлжлэн явагдаж байна.





























































