Цагаан сарын зураг эртний үеийн "хаалганы бурхдын зураг"-аас үүсэлтэй. Тэр нь Хятадын ардын урлагийн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд ардын гар урлалын нэг хэсэг юм. Цагаан сарын зураг Хань гүрний үед үүсэж, Тан, Сүн гүрний үед ихээхэн хөгжлөө олж, Мин, Чин гүрнүүдэд оргилдоо хүрсэн билээ. Чин гүрний Бадралт төр хааны үед энэхүү хэв маягийн зургийг албан ёсоор “Цагаан сарын зураг” гэж нэрлэдэг болж, Хятадын уран зургийн өвөрмөц төрөл болсон бөгөөд мөн Хятадын хөдөө орон нутгийн ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, таалагдсан урлагийн гол төрөл болжээ. Хүмүүс цагаан сарын зургийг ихэвчлэн шинэ жилдээ сайн сайхан байхыг зөгнөж, хөгжөөнт уур амьсгалыг бий болгон, хүрээлэн буй орчноо тохижуулан чимэглэх зорилгоор ашигладаг.
Цагаан сарын зураг бол эрт дээр үед бэлэг дэмбэрэлтэй байх бэлгэдэл байв. Өнө удаан түүхэн хугацаанд цагаан сарын зан заншил өөрчлөгдөн хувирахын дагуу цагаан сарын зураг өвөрмөц онцлогтой чимэглэлийн урлаг бүрэлдэн бий болжээ. Түүний гарал үүслийг байгалийг шүтэх, бурхдад итгэх үзэл баримтлалаас улбаалж болно.
Цагаан сарын баярын үеэр зургийг нааж ашиглах үзэгдэл хот хөдөө бүс нутгаар их түгээмэл тохиолддог бөгөөд шинэ жилийн сайн сайхныг бэлгэдсэн өнгөлөг зургууд олон мянган айл өрхүүдэд хөгжил цэцэглэлтийг авчирч, баяр баясгаланг нэмсэн учиртай. Ийм зураг нь Хятадын хүмүүсийн уламжлалт зан заншил, итгэл бишрэлийг тусгасан, тэдний сайн сайхан ирээдүйг хүсэн мөрөөдсөн сэтгэлийг илрүүлсэн ардын урлаг. Цагаан сарын зураг нь Хятадын эртний үеийн "хаалганы бурхдын зураг"-аас үүсэлтэй гэж дээр дурдсан. Модон барын хэвлэх мэргэжлийн хөгжлийн дагуу энэхүү урлагийн агуулга зөвхөн хаалганы бурхад гэх мэт нэгэн хэвийн сэдвээр хязгаарлагдахаа больж, агуулга баялаг, өнгөлөг урлаг болжээ.
Дэлгэрэнгүй утгаар ардын уран зураачдын урласан, урлан бүтээсэн ардын амьдралыг дүрсэлсэн, тусгасан онцлог бүхий уран зургуудыг цөм цагаан сарын зураг гэж нэрлэж болно. Тэр нь эртний хүмүүсийн сүнслэг тайтгарал, оюун санааны итгэл үнэмшлийг илэрхийлдэг байсан ч нийгэм хөгжихийн хэрээр байгалийг шүтэх явдал аажмаар нийгмийн хувийн бурхдыг шүтэх болон хувирсан байна.
Цагаан сарын зураг нь зөвхөн шинэ жилийн өнгөлөг чимэглэл төдийгүй соёлын эргэлт, ёс суртахууны боловсрол, гоо зүйг түгээн дэлгэрүүлэх, итгэлийн өв залгамжлагч хэрэгсэл, мөн ардын амьдралын тухай ойлголт авах материал бөгөөд бүх цаг үеийн ажилд түгээмэл хэрэглэгддэг мэдээллийн хэрэгсэл юм.
Дэлгэрүүлбэл тэр нь бүс нутгийн соёлын толь бичиг бөгөөд үүнээс бүс нутгийн өвөрмөц онцлог шинж чанарыг олж мэдэх боломжтой ажээ. Энэ нь эдгээр бие даасан хүчин зүйлсийг зөвхөн цагаан сарын зургийн тусгасан сэдэв дээр төдийгүй зураг урлахад хэрэглэсэн өнгө будаг, шугам болон ижил бус бар хэвлэлээс бүр бүс нутаг хоорондын зөрөөг олж харж болно гэсэн үг. Нэмж хэлэхэд та бүхэн маань цагаан сарын зургаас Хятадын ардын амьдралын талаарх бүх зүйлийг ойлгож мэдэх боломжтойг тэмдэглэе.





























































