
1927 онд их хувьсгал ялагдсаны дараа ХКН-ын төв хороо барууны бөөрөнхий үзлийн алдааг залруулж, тусгаар биеэ даасан, зэвсэгт тэмцлээр Гоминданы хорон санаатнуудтай тэмцэх замаар замнаж ажилчин тариачны хөдөлгөөний суурь сайн Хунань, Хубэй, Гуандүн, Жянши зэрэг дөрвөн мужид намрын хураалтын бослого гаргахаар тогтов.
1927 оны 09-р сарын 09-ний өдөр намрын хураалтын бослого эхэлсэн байна. Ажилчин тариачны хувьсгалт цэргийн нэгдүгээр армийн гурван хорооны 5000 гаруй хүн тус тус Жяншигийн Шюйшүй, Аньюань, Түнхүд бослого гаргаж, гурван чиглэлээс Чанша хотыг бүслэн дайрахаар төлөвлөж байжээ.
Гэтэл дайсан хүчирхэг бид буурай байснаас бослогын цэргийн дайралт нь нугарч, бослогын цэрэг ангийн хүний тоо 1500 болж хорогдсон байлаа. Тэр үеийн Хунань мужийн намын хорооны өмнө фронтын хорооны дарга байсан Мао Зэдүн даруйд нь шуурхай зарлиг буулгаж, 09-р сарын 17-ны өдөр бүх хороог Ляоян хотын зүүн өмнөх Вэнь Жяшыд төвлөрүүлэв.
09-р сарын 19-ний өдөр Мао Зэдүн Вэнь Жяшыд өмнө фронтын хорооны хурал хуралдуулж, Чаншааг дайрахгүй, дайсны хүч буурай байгаа хөдөө тосгонд хүрч хүчээ чангатгахыг дурдсан байна. Хурлаар Мао Зэдүний санааг зөвшөөрөн баталж, цэрэг ангийг өмнө зүгт шилжүүлэхээр тогтов.
Намрын хураалтын бослого нь ардын цэрэг ангийн анхны цэргийн тугийг мандуулж, ХКН-ын шинэ хэлбэрийн ардын цэрэг ангийг байгуулан, Вэнь Жяшыд цэрэг нийлж шилжсэн нь хөдөө тосгоноор хотыг бүслэх хувьсгалын зөв замыг нээсэн байна.





























































