Хятад улс Цагаан сарын шинийн 15-ныг “Дэнлүүний баяр” гэж тэмдэглэдэг. Энэ нь эртнээс уламжлал болгон тэмдэглэдэг баяр бөгөөд энэ өдөрт олон үйл ажиллагаа зохион байгуулж энэхүү баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Үүнд ардын дунд өргөн дэлгэрсэн модон хөлт тоглолтыг дурдахгүй байж болохгүй ажээ. Модон хөлт тоглолт нь ардын урлагийн нэгэн төрөл юм. Тэр нь Хятадын эртний ший жүжгийн нэг төрөл болох бөгөөд эртний Чүньчюй гүрний үед даруй ардын дунд түгээмэл тоглож байсан түүхтэй. Жүжигчид урт модон хөлийг уяад алхах, үсрэх буюу бүжиглэдэг. Модон хөлтийг модон савааны уртын хэмжээгээр урт, дунд, богино гэж гурав ангилдаг бөгөөд модон хөлийн хамгийн урт нь 3 метр хэртэй байдаг билээ.

Эртний тулгуур бичлэгт тэмдэглэснээр, эртний үеийн модон хөлтийг бүхэлд нь модоор хийдэг байсан бөгөөд жүжигчний хөлийг нь тавиулахын тулд модон савааны дунд тусгай гишгүүр хийж, дараа нь хөлөө олсоор уядаг байжээ. Жүжигчид модон хөлт дээр гишгэж, сэлмэний бүжиг бүжиглэх, сандал буюу ширээн дээгүүр хөндлөн гарах, Янгар бүжиг бүжиглэх гэх мэтээр тоглодог билээ. Хятадын өмнө,умард бүс нутгийн жүжигчдийн тоглох дүр нь бас ихээхэн ялгаатай. Хятадын умард бүс нутагт голдуу загасчид, тэнэг хөвгүүд, чавганц, лам нарын дүрийг илүү тоглодог. Жүжигчдийн дүр төрх нь хөгжилтэй байдаг тул үзэгчдийн сонирхлыг ихэд татдагаараа онцлог. Өмнөд бүс нутагт ихэвчлэн ший жүжгийн Гуан Гонг, Жигүн гэх мэт дүрд олон тоглодог. Модон хөлт гэх урлагийн хэлбэр нь анхнаасаа эртний хүмүүс модноос зэрлэг жимс түүхийн зорилгоор хоёр урт савааг хөлдөө зангидаж боохоос үүсэлтэй гэж зарим хүмүүс үздэг.





























































