Хятад, Монголын сэтгүүлчдийн цахим сурвалжлагаар Баяннуур хотын хөдөө аж ахуйн өөрчлөлт хөгжилтэй танилцаж явахдаа бидний сурвалжлагын хөтөлбөрт багтаагүй ч замд таарсан Баяннуур хотын Линьхэ дүүргийн Ганжуур сүм суурингийн Минь Жү тосгонд зочилсон юм. "Улсын хамгийн үзэсгэлэнтэй тосгон", "Үндэсний ойн тосгон" гэж нэр алдар нь түгээд буй энэхүү тосгонд хараа сунгавал замын хоёр хажуугаар цэцэг жимсээр алаглаж, нуур усанд нь загас жараахай тоглон, орчин үеийн технологийн дэвшилттэй уялдуулсан хаусыг олноор нь барьж, зам, барилга, зүлэгт газар зэргийг солбиулан төлөвлөж байгуулсан нь энд ирсэн хүн бүрийг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байна гэж андуурмаар...
Хөдөө орон нутгийн сум тосгонд хөгжлийн хүрд зогсолтгүй эргэлдэж байгааг бид энэ нутгаас мэдэрсэн. Энд орчин цагийн хөдөө орон нутгийн үйлдвэрлэл, амьдрал ахуй ид өрнөж, нутгийн олон нь ур ухаанаа уралдуулж нэгэн хүсэл, зорилгын дор гар сэтгэл нийлэн ажиллаж байна. 2020 онд, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас 2020 онд улс орны хэмжээнд 248 тосгоныг Хятадын амралт чөлөөт цагийн үзэсгэлэнт тосгоноор шалгаруулсан байна. Тус шалгаруулалтад Өвөр Монголоос найман тосгон тодорсны нэг нь Минь Жү тосгон байлаа.
Минь Жү тосгон нь хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийн явцад "Үйлдвэрлэлээр хөгжүүлэх, эко амьдрах орчин, хөдөөгийн соёлтой хэв маяг, үр дүнтэй засаглал, чинээлэг амьдрал" гэсэн бодлогын дагуу, Баяннуур хотын "Тэнгэрийн хишигт Бортохой" хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндийг ашиглан экологийн замаар явах, тусгай брэнд бий болгох, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, соёлын тосгон байгуулахаар хичээн зүтгэсний эцэст Минь Жү тосгон өнөөдөр өвөрмөц онцлогтой аялал жуулчлал, орон нутгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлж, жуулчид энэ тосгоныг зорин ирж жимс, хүнсний ногоог өөрийн гараар түүн худалдан авдаг болжээ.
Тус тосгоны үйлдвэрлэлийн бүтцийн тал дээр жимсний тарималд гол анхаарлаа хандуулж, мөн тахиа, хонины аж ахуй болон улаан лооль, амтат гуа зэргийн тариалалтыг эрчимтэй хөгжүүлж, мөн олон төрлийн соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулж, жуулчдыг татан, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх болов. 2020 онд тус тосгоны нэг хүнд ногдох цэвэр орлого нь 27000 орчим юаньд хүрсэн байна.





























































