“Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” хэмээх сайхан алдартай урлагийн бүлгэм болох “Улаанмөчир” 1950-аад оны сүүлээр Шилийнгол аймгийн Баруун Сөнид, Баруун Үзэмчин хошууны нутгуудад байгуулагдаж байсан бол Баруун Үзэмчин хошууны Улаанмөчирийг анхлан даргалахаар Мөнхийн Сэнгээ гэгч хүн томилолт авчээ. Сэнгээ гуай өмнө нь Өвөр Монголын Морьт цэргийн IV дивизийн байлдагч байсан бол ийнхүү дайны хүлгийн нуруунаас “Хөнгөн морь”-ны нуруунд шилжсэн байна.
Ахмад намын гишүүн Мөнхийн Сэнгээ
- Би 1933 онд төрж, 1953 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ХКН-д элссэн. Хэдэн удаагийн дайн тулаан, дээрэм хулгайчийн эсрэг тэмцэлд оролцож гавьяа зүтгэл гаргасан учраас дарга маань намайг намд танилцуулсан. Ингээд намын хүмүүжлийн дор өнөөдрийг болтол явж байна гэж Сэнгээ гуай ярилаа.
1957 оны 07 дугаар сард цэргээс халагдсан М.Сэнгээ Бугат хотын Болд төмрийн үйлдвэрийн тусгай мэргэжлийн дээд сургуульд суралцах алтан боломжийг авсан хэдий ч ар гэртээ хүрч ахмад настнаа асрах шаардлагаар орон нутагтаа буцах өргөдөл гаргажээ. Улмаар мөн оны 09 дүгээр сард Шилийнгол аймгийн Соёлын ордны даргын тушаалд томилогдсон байна.
Улаанмөчир
1958 онд Өвөр Монголын хэмжээнд хөдөө тосгоны ардын клуб буюу “Улаанмөчир”-ийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа өрнүүлсэн бол тэрээр Баруун Үзэмчин хошуунд туршин өрнүүлэх үйл ажиллагааг хариуцан явуулсан байна. “Улаанмөчир” бий болсон тухай Сэнгээ ярихдаа:
- Анх “Ардын клуб” гэдэг байснаа сүүлд нь “Улаанмөчир” гэж нэрийдэх болсон. “Улаан” гэдэг нь тод сайхан өнгө, мөн хувьсгалын бэлгэ тэмдэг шүү дээ. Шилийнгол аймгийн хэмжээнд хоёр газарт эхэлж туршсан. Нэг нь Баруун Сөнид, нөгөө нь Баруун Үзэмчин байсан бол би Баруун Үзэмчин дэх ажлыг хариуцаж, Улаанмөчирийн анхны даргаар 8 жил энд ажилласан гэлээ.
“Яруу алдартай 50 жил” медаль
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг дурсаж, намд элсээд 50-иас дээш жил болж буй гишүүдэд “Яруу алдартай 50 жил” хэмээх медаль гардуулсан бол намд элсээд 68 жил болж байгаа Сэнгээ гуай хүзүүн дэх медалиа бахархалтай нь аргагүй бидэнд харуулж байсан юм.