Эв Хамт Намынхаа ачаар
Эрхт ард нь жаргалтай шүү
Энэрэлт намынхаа ивээлээр
Эл /олон/ үндэстэн нь бүлгэмдэлтэй дээ гэж дуулдаг нэгэн сайхан уртын дуу Үзэмчиний тал нутагт эгшиглэж, урьдаас уламжлалтай урт дууны нутагт уран бүтээл нэгээр нэмлээ.
- Би ХКН-ын гишүүнийхээ хувьд нам, эх орондоо хайртай хүн. Энэ онд манай нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан хөгжмийн зохиолч хүний хувьд намдаа зориулж нэгэн сайхан уран бүтээл хийе гэж ноднин жилээс эхэлж бодсон юм. “Санаж явбал бүтнэ” гэдэгчлэн Магад Сээдэн гэдэг найз маань энэ жил “Эв Хамт Намын ач” гэдэг шүлэг өгөөд уртын дуу бүтээх санал тавьсан. Тэгж л энэ дуу маань бүтсэн юм гэж “Эв Хамт Намын ач” гэх уртын дууны аяыг зохиогч М.Саранхүү ярьлаа.

Ардын уран бүтээлч, хөгжмийн зохиолч М.Саранхүү
Ардын уран бүтээлч, хөгжмийн зохиолч М.Саранхүү Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баян-Ухаа сумын уугуул. Одоо Баруун Үзэмчин хошууны Уртын дууны нийгэмлэгийн зөвлөх, Малчдын урлагийн бүлгэмийн удирдагчаар ажиллаж байна. Энэ жил 70 насны дөрөөг дөрөөлж буй тэрээр тэтгэвэртээ гарснаас хойш Баруун Үзэмчин хошууны Соёлын ордны малчдын урлагийн бүлгэмийг удирдаж, олон сайхан уран бүтээл туурвин, үзэгч түмнээс өндөр үнэлгээ хүртсэн төдийгүй, Шилийнгол аймаг, цаашлаад Өвөр Монгол орны зэрэглэлийн уралдаан тэмцээнээс шагнал урамшуулал хүртэж явсан түүхтэй.

Ардын уран бүтээлч, хөгжмийн зохиолч М.Саранхүү
Уран бүтээлч маань “Чавган улаан”, “Ачтан хоёр буурал”, “Алтан төр”, “Бөхийн хийморь”, “Миний монгол бүсгүй” зэрэг нийт 200 гаруй уран бүтээлтэй. Богино дуу “Ажнай цагаан хүлэг”, уртын дуу “Алъя саарал”, “Аварга Сэнгээ” зэрэг уран бүтээлүүд нь 2014, 2015 онуудын Өвөр Монголын Одон телевизийн сар шинийн концертод дуулагдаж байжээ.

Ардын уран бүтээлч, хөгжмийн зохиолч М.Саранхүү
- Уртын дууны хөгжмийг бичнэ гэдэг богино дуутай харьцуулбал харьцангуй хүнд байдаг. Нутаг нутгийн уртын дууны аялгуу бас өөр өөр. Зөвхөн Шилийнгол аймгаар ярихад зүүн биеийн хоёр Үзэмчиний уртын дуу болон баруун биеийн Цахар нутгийн уртын дуу мөн адил бус байдаг. Үзэмчин нутгийн уртын дуу нутаг усандаа тохирсон, тэнэгэр уудам талдаа зохицсон тийм л сайхан тэнүүхэн, гүн сэтгэлгээтэй. Уртын дууны аялгууг зохиоход цайруулах, шургуулах, орхих гэх зэрэг арваад төрлийн нарийн төвөгтэй хөгжмийн найруулга бий гэж Саранхүү гуай сонирхууллаа.





























































