”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шинэ зууны малчид ийм л байх ёстой

Шинэ зууны малчид ийм л байх ёстой

         Дэлгэр сайхан зун цагаар зүлгэн дээр гэрээ барьж зүгээр л тааваараа жаргасан малчдын амьдрал ахуйтай танилцаж явах бас ч сэтгүүлч бидний жаргал байж таарна. "Хятад улсын цөөн тоот үндэстний онцлогт суурин"," Хятадын арван их гоё баг" гэдгээрээ алдаршсан Ногоонбулаг багаар явсан маань бүр ч жаргалтай санагдсан.Ногоонбулаг баг нь Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоолойтын гол сумын харьяа  байж, сумынхаа зүүн өмнөд хэсэгт байрладаг. Нийт 19386 га нутаг бэлчээртэй,128 малчин өрхийн 428 хүн энд амьдран оршдог.Энэ нутаг нь Их хянган давааны уул нуруудын үргэлжлэл болоод ч тэр үү, сүрлэг уулсын энгэр түшсэн малчин айлууд, мяралзан урсах гол мөрөн, нүд баясгам ногоон зүлэг дурайн харагдаж, түүний дундуур хонь, үхэр тав гурваараа бэлчээрлэж, шувуудын гангар гунгар дуу чихэнд аятайхан сонсогдоно. Хөдөө хээр гарч чийгийн үнэр анхилсан цэвэр салхийг хэнхдэг цээжээ онгойлготол амьсгалан байж бид Муухайх, Хасбаатарынх гэсэн багийн хэдэн айлаар орсон юм. Энэ нутагт одоо ч нүүдэлчдийн ахуй амьдралаа хадгалсаар байгаа.
        Сэтгүүлч бид хотын ганган айлаас дутахааргүй тохь тухтай малчин айлд ирээд үнэхээр гайхсан билээ. Малчин айл, хөдөөний хүн гэхээр нь шалдар булдар, мэдээ, мэдээллээс хоцрогдсон, боловсрол тааруу гэх ойлголт хэдийн ард хоцорч, тал дүүргэсэн малтай байдаггүй орчин цагийн эрчимжсэн МАА-тай айлын жишээг мөн л энэ нутгаас харлаа. 


        Далан насыг шүргэж яваа Муухай аав ахмад үеийхэн дундаа ч залуухан харагддаг ч ойрд бие нь муудан ядраад байдаг болжээ. Хань нь гэж Наранчимэг ээж харин гар хөл нь бушуу, тамир тэнхээ сайн.

- Би өдөр болгон цагаан идээ гаргаж борлуулдаг, ойрд өвгөний бие муу болохоор наймхан үнээ сааж байна гэж ярингаа бидэнд хоол цай ойртуулаад завгүй. Өнгөрсөн жилийн 05-р сараас одоогийн сууж байгаа хоёр давхар байшингаа бариулж энэ оны эхээр нүүж орсон юм байна. Настай буурал болсон хүмүүс ихэнх нь хот бараадаж, хүүхэд ач нараа хараад суух болсон.

- Та хоёр хотод суух дургүй юу? гэхэд:

- Хот газар очоод бид чинь юу хийж чадах бий дээ. Тэгэхээр хөдөөгөө суугаад чаддаг мэддэг зүйлээ хийгээд,  талаа, малаа хараад сэтгэл тэнэгэр суусан нь дээр гэж ярих энэ хоёр буурал маань 3000 гаруй мү(15 му=1 га) нутагтай,600 гаруй хоньтой, чаролайс үүлдрийн үхэр голдуу малждаг.
- Нам засгийн сайнаар малчин бидний амьдрал жилээс жилд сайн болсон. Малын үнэ өндөр болж л байна. Бид хоёр анх хурим хийхэд гурван үеэрээ нэг монгол гэрт амьдардаг байсан, өнгөрсөн зууны 80-аад оноос аавын гэрээс гарч ирэн тусдаа амьдарсан. 90-ээд онд хажуугийн энэ тоосгон байшингаа бариулсан. Энэ яваа насандаа хаусанд сууна гэж зүүдэнд ч байгаагүй гэж  Муухай аав баяртай ярина билээ.
         Дөрвөн талаар нь номин цэнхэр уул хайрхан сүндэрлэж, дээгүүр нь огт манан үгүй, өнгө цэвэр үүл униар хөвөлзөнө. Бид Муухай аавынхаас гараад энэ багийн залуу малчин Хасбаатарынхыг зорилоо. Хасбаатар гэж өндөр биетэй, инээхээр нь нарийн нүд нь алга болчихдог хүн байсан. Бидний хүрэхэд тэрээр гэртээ ганцаар байсан, авгай хүүхдийг нь асуувал зун хөдөө ирвэл авгай хүүхдийнх нь хамрын харшил нь хөдлөөд байдаг болохоор зунжин Хасбаатар мал дээрээ ганцаар байдаг аж.


        Хасбаатар 2016 онд 150 мянган юаниар санхүүжүүлж, Европ загварын байшин бариуж, 2017 онд, хашаа хорооны бүтээн байгуулалтаа хийж, малын хашаандаа алсын зайнаас удирдах систем ашиглаж, үхэр малаа бордон тэжээхэд хөдөлмөр хүч хэмнэх болсон аж. Хасбаатарынх өөрийн 364 га нутаг дээрээ бусдаас нутаг түрээсэлж, нийт 220 үзэмчин хонь, 200 гаруй шарлай үхэр, 40-аад адуу малладаг байна.
        Өнгөрсөн намар эднийх нэг хургыг дунджаар 1300 юаниар зарж,  тугалаа хамгийн өндөртөө16000 юань, хамгийн бага нь 8000 юаний үнэ хүрч, өнгөрсөн жилийн нийт орлого нь 800 мянган юань өвөртөлсөн гэж байлаа.
        Хасбаатар 2009 оноос эхлэн сүргийн бүтцэдээ төлөвлөлт хийж, үхэр хониныхоо үүлдрийг сайжруулан, цөөн малаас өндөр үр ашиг хүртэх замыг барьж ирсэн юм. Тухайн жил 800 гаруй хониноосоо долоо наймхан эм хонь, хориод хурга, 50-иад сувай, нийт 80-аад хонь л үлдээж бусдыг нь зарсан байна. Энэ тухай Хасбаатар ярихдаа:
        - Малын тоо толгой хөөцөлдөх нь тийм сайн үр дүнтэй арга биш. Харин экологийг хамгаалсан суурин дээр бэлчээр сэлгэн маллаж, цөөн малаас өндөр үр ашиг хүртэх нь хамгийн чухал. Манайх хониныхоо ихэнхийг нь зарж, шарлай үхэр тэжээж, жил бүр цөөн тооны үзэмчин халзан охин хурга худалдан авдаг. Одоо манай хонины ихэнх нь шилдэг үүлдрийн үзэмчин хонь болсон гэлээ.
        Олон хүн хургаа бордон таргалуулж байгаад зардаг бол Хасбаатар харин хургаа огт борддоггүй, бэлчээрлүүлж байгаад өндөр үнэ хүргэдэг аж.
        Хургаа өндөр үнэ хүргэхийг хүсвэл шилдэг үрийн малыг сонгож, эх малын тарга хүчийг заавал батлах хэрэгтэй. Ингэж байж цатгалт сайн болох бөгөөд хурга торниун өсдөг. Манайх үрийн малын тусгай хоршооноос хуц түрээсэлдэг. Найман сар хүрч хуцаа сонгоод, есөн сарын сүүлээр авч ирэн сар шахам бэлчээртээ тавьж тарга хүч авуулаад, аравдугаар сарын сүүлээр хонин сүрэгтээ тавьдаг.
        - Өөрийн хадлангаасаа авсан нарийн өвсөөр хонио өвсөлж, зориулалтын бордоогоор борддог. Өвөлдөө цас их орж, бэлчээр дарагдаад ирэхээр хонио өвсөлж борддог. Ихэнхдээ 11-р сарын 20-оос л эхэлж өвслөдөг. Тэжээгээд эхэлбэл бэлчээрт нь гаргадаггүй. Хэвтрийг нь хуурай байлгаад л байвал болно гэж Хасбаатар мал маллах туршлагаа ийнхүү бидэнд ярьсан юм.
        Хасбаатар өөрийнхөө хязгаартай нутаг бэлчээртээ бусдаас нутаг түрээслэн сэлгэн маллаж, экологийг хамгаалахын зэрэгцээ шинжлэх ухаанч арга барилыг ашигласнаас цөөн малаас өндөр үр ашиг хүртсэн байна. Өвөг дээдсээс өвлөсөн буянт мал сүрэг, эрхэм нандин малч ухааныг улам баяжуулан уламжлуулж,  цагийн цагт тэтгэж малчин хүн хөдөө сайхан амьдарч болно гэдгийг амьдралаараа үлгэрлэн харуулж явах үнэхээр сайхан.Шинэ зууны малчид  ийм л байх ёстой!

Зохиогч: Нийтлэл: Ц. Урантунгалаг, С. Урьхан
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:511
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой