Хятад орон цаас, бар хэвлэлийн анхдагч орон болсноор барахгүй, хүн төрөлхтөн төөрч, будилсан үедээ орчлон огторгуйд мандагч нар, сар, оддын байршил хөдөлгөөнөөр зүг чигээ тогтоодог байлаа. Хэдий тийм ч түнэр харанхуй шөнө, манант өдөр, цэлийсэн далайд зүг чигээ үнэн зөв тогтоох аргыг олж чадаагүй л байсан юм. Тэгвэл энэхүү арга нээлт нь бас л Хятад оронд харьяалагддаг.

“Синан” буюу луужин
Байлдаант улсын сүүлч үеийн эрдэмтэн Хан Фей “Хан Фей Зи- Хэмжүүр бүлэг” хэмээх алдарт бүтээлдээ “Синан”( анх луужинг синан гэж нэрлэдэг байжээ) нь өглөө үдшийн мөчийг ажиглах хэрэгсэл болой” хэмээн тэмдэглэснээс үзвэл тухайн үеийн хүмүүс нь соронзон хүдрээр хийсэн багаж хэрэгслээр зүг чиг тогтоож байсныг мэдэж болно.
“Синан”-г байгалийн соронзон хүдрээр үрж хийдэг. Тэр нь халбага хэлбэртэй, халбаганы иш нь өмнө зүгийг заадаг байжээ. Харин суурийг нь зэс эсвэл модон тавгаар хийдэг. Доторх нь бөөрөнхий, гадна тал нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, хөвөөн дээр нь зөгийг заасан мөчлөгийг сийлсэн байдаг. Зүүн Хан улсын одон орны судлаач Жан Хэн анх удаа “Синан”-ийг “луужин” гэж нэрлэжээ.
Бидний амьдарч байгаа дэлхийн бөмбөрцөг бол соронзон шинж чанартай биет юм. Байгалийн соронзон хүдрийн зүг чиг заадаг энэхүү шинж чанарыг Хятадын эртний хүмүүс уурхай олборлох, төмөр боловсруулах зэрэг үйлдвэрлэл хийх явцдаа олж илрүүлсэн байдаг юм байна. Луужингийн нээлт нь хүн төрөлхтний нийгмийн хөгжил, техникийн дэвшил болон дорно, өрнийн соёлын харилцаанд асар их өөрчлөлт, хөгжил дэвшил авч ирсэн юм. Луужин 12 дугаар зууны үед Европд дэлгэрснээс хойш Коломба шинэ эх газрыг нээж, Магелан дэлхийг тойрох аялалдаа гарч байсан юм. Энэ хүмүүсийн аялалд луужин асар их боломж өгч байсан гэдгийг хэлэх юусан билээ.





























































