”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Миний намд орсон үлгэр

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан Солонго мэдээллийн төвөөс “Миний намд орсон үлгэр” цуврал сурвалжилга бэлтгэн, ахмад намын гишүүдтэй ярилцаж, ХКН буюу “Дундад улсын Эв Хамт Нам”-д элссэн үлгэр түүхийг нь сурвалжиллаа.

     Цагаан морьтой цахилж явсан бүсгүй

- Би 19 настай анх “Цагаан морьт өрхийн цэрэг”-т явж, 21 настай намд элссэн гэж бахархалтайгаар ярих Жимс гуай энэ жил 75 настай. Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны уугуул. Тэрээр өнгөрсөн зууны дунд үеийн эмэгтэйчүүдээс азтай нэгэн байсан. 1956 онд 11 настай сургуульд орж боловсрол хүртэх замаа эхлүүлэн, 1962 онд зургаадугаар ангиа төгсгөөд дунд сургуульд элсжээ.

1963 онд “Цагаан морьт өрхийн цэрэг” Баянбулаг бригадад байгуулагдсан гэдэг. Энэхүү цэрэг арми нь айл өрхүүдээс сайн дурын цэрэг татаж, эх орны хил хязгаарыг хамгаалах зорилготой байгуулагдсан болохоор “Өрхийн цэрэг” гэгддэг байсан ба Үзэмчин нутгийн цагаан адуугаар унаа хийдэг байсан учир “Цагаан морьт өрхийн цэрэг” гэх сайхан алдартай болжээ.

- Өрхийн цэргүүд зөвхөн сургуулилт хийгээд зогсохгүй бригад тойрон, хаана хөдөлмөр хүч шаардлагатай байна тэнд хүрч хөдөлмөрөө өргөдөг байлаа. Тухайн үед Цагаан морьт өрхийн цэргийн сумын дарга Дэлгэрцогт гэж хүн байсан. Эрс хатуу зан чанартай хүн байсан хэдий ч цэрэг байлдагчаа даруу хичээнгүйгээр сурган хүмүүжүүлдэг байв. Бид сумын даргынхаа удирдлагаар өрхийн цэргийн сургуулилтад идэвхтэй оролцож, буу буудах, саад харайх, сэлэм цавчих, хэвтээ буудлага, морин дээрээс буудах зэрэг сургуулилт хийдэг байсан. Би 1964 онд болсон Баруун Үзэмчин хошууны Ардын их наадмаар өрхийн цэргийн эрдэм шалгаруулах уралдаанд оролцон тэргүүлж байсан бөгөөд “Мэргэн бууч”-ийн алдар хүртэж, миний зургийг Өвөр Монголын “Намын хүмүүжил” сэтгүүл /Одоо “Үйлдлэг” сэтгүүл гэж бий/-ийн нүүрэнд нийтэлж байсан. Мөн 1965 онд болсон Шилийнгол аймгийн өрхийн цэргийн эрдэм шалгаруулах анхны их наадмаас “Цэцэн бууч”-ийн цол хүртэж байсан хэмээн Жимс гуай дурсан ярилаа.

1964 оны 09 дүгээр сард Б.Жимс Шилийнгол аймгийн шилдэг залуучуудын багт хамрагдан Бээжин, Тяьжинь, Хөххот, Бугат зэрэг хотуудаар аялан суралцаж, Жөү Эньлай, Жү Дэ зэрэг тухайн үеийн төрийн дээд удирдлагуудтай зураг татуулж байсан нь түүний хувьд энэ яваа насных нь хамгийн өнгө гэрэлтэй үйл явдал мэт санагддаг байна.

- Эв хамт намын гишүүн эрхбиш ард түмний төлөө үйлчилж, ард түмний ажлыг өөрийн биеэрээ түрүүлж хийх ёстой. Тухайн үед Мао тэргүүлэгчийн үгийн түүврийг өдөр шөнөгүй суралцдаг байсан. Улмаар намд элсэхээр хоёр жилийн турш эрмэлзэн, 1966 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор, өнгө гэрэлтэйгээр “Дундад улсын Эв Хамт Нам”-д элссэн гэж Жимс гуай дурслаа.


    Морьт цэргийн алдар

“Тал нутгийн хөнгөн морьт цэрэг” хэмээх сайхан алдартай урлагийн бүлгэм болох “Улаанмөчир” 1950-аад оны сүүлээр Шилийнгол аймгийн Баруун Сөнид, Баруун Үзэмчин хошууны нутгуудад байгуулагдаж байсан бол Баруун Үзэмчин хошууны Улаанмөчирийг анхлан даргалахаар Мөнхийн Сэнгээ гэгч хүн томилолт авчээ. Сэнгээ гуай өмнө нь Өвөр Монголын Морьт цэргийн IV дивизийн байлдагч байсан бол ийнхүү дайны хүлгийн нуруунаас “Хөнгөн морь”-ны нуруунд шилжсэн байна.

- Би 1933 онд төрж, 1953 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ХКН-д элссэн. Хэдэн удаагийн дайн тулаан, дээрэм хулгайчийн эсрэг тэмцэлд оролцож гавьяа зүтгэл гаргасан учраас дарга маань намайг намд танилцуулсан. Ингээд намын хүмүүжлийн дор өнөөдрийг болтол явж байна гэж Сэнгээ гуай ярилаа.

1957 оны 07 дугаар сард цэргээс халагдсан М.Сэнгээ Бугат хотын Болд төмрийн үйлдвэрийн тусгай мэргэжлийн дээд сургуульд суралцах алтан боломжийг авсан хэдий ч ар гэртээ хүрч ахмад настнаа асрах шаардлагаар орон нутагтаа буцах өргөдөл гаргажээ. Улмаар мөн оны 09 дүгээр сард Шилийнгол аймгийн Соёлын ордны даргын тушаалд томилогдсон байна.

1958 онд Өвөр Монголын хэмжээнд хөдөө тосгоны ардын клуб буюу “Улаанмөчир”-ийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа өрнүүлсэн бол тэрээр Баруун Үзэмчин хошуунд туршин өрнүүлэх үйл ажиллагааг хариуцан явуулсан байна. “Улаанмөчир” бий болсон тухай Сэнгээ ярихдаа:

- Анх “Ардын клуб” гэдэг байснаа сүүлд нь “Улаанмөчир” гэж нэрийдэх болсон. “Улаан” гэдэг нь тод сайхан өнгө, мөн хувьсгалын бэлгэ тэмдэг шүү дээ. Шилийнгол аймгийн хэмжээнд хоёр газарт эхэлж туршсан. Нэг нь Баруун Сөнид, нөгөө нь Баруун Үзэмчин байсан бол би Баруун Үзэмчин дэх ажлыг хариуцаж, Улаанмөчирийн анхны даргаар 8 жил энд ажилласан гэлээ.

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг дурсаж, намд элсээд 50-иас дээш жил болж буй гишүүдэд “Яруу алдартай 50 жил” хэмээх медаль гардуулсан бол намд элсээд 68 жил болж байгаа Сэнгээ гуай хүзүүн дэх медалиа бахархалтай нь аргагүй бидэнд харуулж байсан юм.


    Алтан хөгжлийн амьд гэрч

“Ес ес наян нэг” гэдэг монголчуудын хувьд бэлгэ дэмбэрэлтэй тоо. Өнөөдөр та бүхэндээ 81 настай буянтай буурлын яриаг толилуулах гэж байна.

Норовын Самбуу /1940 онд төржээ/ гэгч энэ настан Хятад улс “Өөрчлөлт, нээлт”-ийн бодлого явуулсан эхний үед багийн даргын ажлыг хариуцаж явсан учраас тухайн үеийн нийгмийн хөгжил хэрхэн өрнөсөн тухай маш тодорхой мэддэг.

- Биднийг залуу байхад нийгмийн тогтолцоог “Хамт” гэдэг байсан. Хамтын зохион байгуулалтыг дагаж, хамтдаа хөдөлмөрлөн, чадлын хэрээрээ ажиллаж, ажилласны хэрээр хувь тэмдэглэж орлого авна. 1978 он гэхэд намын ажлын гол цэгийг эдийн засагт шилжүүлж, улмаар “Хоёрыг тогтоож, нэгийг шагнах” агуу их дүрмийг хэрэгжүүлэв. Энэ нь ард түмний хувьд олз омог ихтэй учраас иргэд их идэвхтэй ажиллах болсноор манай багийн мал сүрэг тэр үеэс эрч өсөж эхэлсэн юм гэж Самбуу гуай ярьлаа.

Н.Самбуу 1966 оноос багийн ажлыг даргалан хийх болсон ба нутаг усныхаа зон олны итгэл хүндлэлийг хүлээж, багийн ажлыг үүрэглэж явсан 30 жилийн турш нам, ард түмний төлөө чин сэтгэлээсээ зүтгэж явжээ.

Амлалт гэдэг алт шиг үнэтэй байсан тухайн цаг үед ХКН-д элсэнэ гэдэг тийм ч хялбар зүйл биш байв. Энэ тухай тэрээр:

- Эхлээд намд элсэх эрмэлзлийн бичиг бичнэ. Дараа нь дугуйлангаас дааж хариуцан хүмүүжүүлэх бөгөөд дээд шатны намын үүрт танилцуулна. Намын үүрийн их хурлаар ярилцаж, овор суртал, намын тухай ойлголт танилт зэргийг нь хэлэлцэнэ. Энэ бүх үйл явцыг даван байж намд албан ёсоор элсэнэ гэж дурслаа.

“Өөрчлөлт, нээлт” хийсэн 40 гаруй жилийн турших Хятадын улсын нийгэм, эдийн засгийн нисэх мэт хөгжлийг Самбуу гуай шагшин магтаж, Хятад улсын хэрэгжүүлж буй төрийн бодлогуудад бишрэн талархаж байлаа.

- Жишээ нь ядуурлыг бууруулан, иргэдийг баяжуулж, ахмад настайчуудыг харгалзан, ажлын байр, эм эмнэлэг, орон сууц гээд олон талд тусалж дэмжих болсноор үнэхээр сайхан байна. Энэ бол намын төрийн бодлогын ач. ХКН байгуулагдсаны 100 жилийн хугацаанд хүнд бэрх цаг үеийг даван туулж, ард түмний төлөө амь биеэрээ зүтгэж ирсэн. Ийм олон хүн амтай Хятад улсыг өнөөдрийн хөгжилд хүргэнэ гэдэг бол түүхэнд үгүй их гайхамшиг юм гэж тэрээр ярьлаа.


    Намдаа барьсан уртын дууны бэлэг

“Эв Хамт Намынхаа ачаар, эрхт ард нь жаргалтай шүү , энэрэлт намынхаа ивээлээр, эл /олон/ үндэстэн нь бүлгэмдэлтэй дээ” гэж дуулдаг нэгэн сайхан уртын дуу Үзэмчиний тал нутагт эгшиглэж, урьдаас уламжлалтай урт дууны нутагт уран бүтээл нэгээр нэмлээ.

- Би ХКН-ын гишүүнийхээ хувьд нам, эх орондоо хайртай хүн. Энэ онд манай нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан хөгжмийн зохиолч хүний хувьд намдаа зориулж нэгэн сайхан уран бүтээл хийе гэж ноднин жилээс эхэлж бодсон юм. “Санаж явбал бүтнэ” гэдэгчлэн Магад Сээдэн гэдэг найз маань энэ жил “Эв Хамт Намын ач” гэдэг шүлэг өгөөд уртын дуу бүтээх санал тавьсан. Тэгж л энэ дуу маань бүтсэн юм гэж “Эв Хамт Намын ач” гэх уртын дууны аяыг зохиогч М.Саранхүү ярьлаа.

Ардын уран бүтээлч, хөгжмийн зохиолч М.Саранхүү Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баян-Ухаа сумын уугуул. Одоо Баруун Үзэмчин хошууны Уртын дууны нийгэмлэгийн зөвлөх, Малчдын урлагийн бүлгэмийн удирдагчаар ажиллаж байна. Энэ жил 70 насны дөрөөг дөрөөлж буй тэрээр тэтгэвэртээ гарснаас хойш Баруун Үзэмчин хошууны Соёлын ордны малчдын урлагийн бүлгэмийг удирдаж, олон сайхан уран бүтээл туурвин, үзэгч түмнээс өндөр үнэлгээ хүртсэн төдийгүй, Шилийнгол аймаг, цаашлаад Өвөр Монгол орны зэрэглэлийн уралдаан тэмцээнээс шагнал урамшуулал хүртэж явсан түүхтэй.

Уран бүтээлч маань “Чавган улаан”, “Ачтан хоёр буурал”, “Алтан төр”, “Бөхийн хийморь”, “Миний монгол бүсгүй” зэрэг нийт 200 гаруй уран бүтээлтэй. Богино дуу “Ажнай цагаан хүлэг”, уртын дуу “Алъя саарал”, “Аварга Сэнгээ” зэрэг уран бүтээлүүд нь 2014, 2015 онуудын Өвөр Монголын Одон телевизийн сар шинийн концертод дуулагдаж байжээ.

- Уртын дууны хөгжмийг бичнэ гэдэг богино дуутай харьцуулбал харьцангуй хүнд байдаг. Нутаг нутгийн уртын дууны аялгуу бас өөр өөр. Зөвхөн Шилийнгол аймгаар ярихад зүүн биеийн хоёр Үзэмчиний уртын дуу болон баруун биеийн Цахар нутгийн уртын дуу мөн адил бус байдаг. Үзэмчин нутгийн уртын дуу нутаг усандаа тохирсон, тэнэгэр уудам талдаа зохицсон тийм л сайхан тэнүүхэн, гүн сэтгэлгээтэй. Уртын дууны аялгууг зохиоход цайруулах, шургуулах, орхих гэх зэрэг арваад төрлийн нарийн төвөгтэй хөгжмийн найруулга бий гэж Саранхүү гуай сонирхууллаа. 

Зохиогч:С.УРЬХАН, Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:484
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой