Төлөвлөсөн ёсоороо болсон Бээжингийн Өвлийн олимп дэлхийн мөс, цасан спортынхны урам зоригийг бадрааж, ард түмний урам зоригийг хөгжөөв. Мексик, Нидерланд, Унгар зэрэг улс оронд олон иргэд өнгөт үзэг ба линзийг ашиглан мөс, цасан спортын дур булаам төрхийг дүрсэлж, олимпын шаргуу хөдөлмөр, ахиц дэвшлийн эрч хүчийг гэрэл зургийн хэлбэрээр буулган харуулж, Бээжингийн Өвлийн олимпод амжилт хүсэн ерөөсөн ба "хамтдаа урагшлах" итгэлийг харууллаа.
Мексик
"Миний төсөөлөл дэх Хятад улс"
Өхөөрдөм, эелдэг пандагийн гэр бүл, уулын цанаар хурдлан гулгах, дэгжин бүжиглэх уран гулгалт зэрэг хүүхэд насны сэтгэл шингэсэн уран зургуудад Мексикийн хүүхдүүд Бээжингийн Өвлийн олимп амжилттай зохион байгуулагдахыг хүсэхийн дээр Хятад, Мексикийн найрамдлыг ерөөсөн байна.
Саяхан "2022 оны Бээжингийн өвлийн олимп" уриан дор "Миний төсөөлөл дэх Хятад улс" хүүхдийн зургийн уралдаан Мексикт болж өнгөрлөө. Тус уралдаанд нийслэл Мехико хотын 27 сургууль, уран зургийн семинарын 6-12 насны сурагчид оролцсон бөгөөд нийт 520 гаруй бүтээл иржээ. Шалгарсан 100 бүтээлийг Мексикийн Үндэстний Дэлхийн Олон Үндэстний Соёлын Музейд 04 дүгээр сар хүртэл дэлгэн үзүүлж байна.
11 настай Карлос, 9 настай Эдуардо нэр ах дүүс бөгөөд тэд энэ тэмцээнд тав дахь удаагаа оролцож байна. Карлосын бүтээлүүд нь Бээжингийн Өвлийн олимпын цанын талбайгаар арын дэвсгэр болгон авч, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цаначдын ширүүн өрсөлдөөнийг дүрсэлсэн байна. Мөн тоймчдын газар дээрх тайлбар, үйл явдлыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтнууд, шууд дамжуулалт, нисдэг тэрэгнүүд зэрэг баялаг элементүүд багтжээ. Эдуардогийн бүтээл нь панда баавгайн хайрт гэр бүл Өвлийн олимпын наадмын шагналыг авч буйг дүрсэлжээ.
Бүтээл нь тэргүүн байр, нэр дэвшүүлэх шагнал хүртсэнийг мэдээд ах дүү хоёр маш их сэтгэл хөдөлсөн гэнэ.
- Хятадын талаарх мэдээллийг голчлон интернэтээс авдаг. Хэдийгээр би Хятадад хараахан очиж үзээгүй ч ирээдүйд Цагаан хэрэм рүү авирах боломж олдоно гэж найдаж байна хэмээн Карлос ярив. Мөн түүний бүтээлүүдийг илүү олон хүн үзнэ гэж Карлос найдаж байгаа бөгөөд Эдуардо ч Хятадад очиж панда харахыг хүсдэг байна.
- Тус тэмцээнд оролцсон нь хоёр хүүхдэд Хятадын түүх, соёлын талаар илүү ихийг мэдэх боломжийг олгосон нь маш утга учиртай байсан гэж тэдний ээж Бетти ярьжээ.
Мексикийн Үндэстний Дэлхийн Олон Үндэстний Соёлын Музейн захирал Глория Артис хэлэхдээ "Бээжингийн Өвлийн олимпын сэдэвт уран зургийн үйл ажиллагаанд хүүхдүүд гайхалтай бүтээлчээр хандсан байна. Бээжингийн Өвлийн олимп бол Хятад улсын арга хэмжээ зохион байгуулах хүчирхэг чадавх, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ололт амжилт, ард түмний зочломтгой байдлыг харуулсан, улс орнуудыг ойртуулдаг спортын арга хэмжээ юм".
Мексикийн Олимпын хорооны ерөнхийлөгч Мария Хосе Алкала хэлэхдээ "Энэ жил Мексик, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд хүүхдүүдийн бүтээлүүд баяр баясгалан, итгэл найдвар, багаар ажиллах урам зоригоор дүүрэн байна. Мексик, Хятад хоёр орон олимпын үзэл санааг үргэлжлэн дээдэлж, олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт би итгэж байна" гэжээ.
"Миний төсөөлөл дэх Хятад улс" хүүхдийн уран зургийн уралдаан 2014 онд анх зохион байгуулагдаж эхэлснээс хойш орон нутгийн багш, сурагчид, эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авч, идэвхтэй оролцож, шалгарсан бүтээлүүд Мексикийн гол музейн үзмэрт олон удаа тавигдсан байна. Хятадаас Мексикт суугаа Элчин сайд Жу Чинчяо хэлэхдээ "Хүүхэд багачууд бол улс орны ирээдүй, Хятад, Мексикийн найрамдлын ирээдүй бөгөөд ирэх 50 жилд Хятад, Мексикийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд тус дэм болохыг бид тэсэн ядан хүлээж байна" гэлээ.
Нидерланд
"Миний сэтгэлд буусан Бээжингийн Өвлийн олимп"
Нидерландын иргэн Кимберли Бош бол Ган каркасан цасан машины шилдэг тамирчин төдийгүй уран зурагт дуртай нэгэн. Тэрээр өнгөрсөн жил Бээжинд болсон туршилтын тэмцээнд оролцохдоо Бээжингийн Өвлийн олимп зохиогдохын өмнөх 100 хоногт зориулан завгүй ажлынхаа хажуугаар Хятадын луугаар гол элемент болгон бүтээлээ зуржээ.
Голландын зураач Полигитте Шпигель Хятадад ажиллаж амьдарч байсан. Түүний бүтээлд цаначин цанын харайлтын тавцангаас үсрэх мөчийг дүрсэлсэн бөгөөд зургийн ард байгаа бар нь Хятадын билгийн тооллын Бар жилийг бэлгэддэг. Уран зурагт Бээжингийн Өвлийн олимп, Хятадын цагаан сарын элементүүд орсон нь анхаарал татсан байна.
Нидерландын Гронинген Хансын Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутан Наам Форлин орон нутгийн амьтны хүрээлэнд болсон "Хятадын дэнлүүний баяр"-ын үеэр хятад лууны дэнлүүний зураг дарсан нь Голланд, Хятадын элементүүдийг нягт холбосон юм.
Эдгээр бүтээлүүдийг БНХАУ-аас Нидерландад суугаа Элчин Сайдын Яамнаас зохион байгуулж буй "Голландтай ирээдүйн төлөө хамтдаа" уран зургийн бүтээлийн тэмцээний үеэр шалгаруулжээ. Арга хэмжээнд нийгмийн бүх давхаргын 200 орчим бүтээл ирсэн бөгөөд оролцогчид видео, уран зураг, гэрэл зураг гэх мэт хэлбэрээр бүтээлүүдээ ирүүлж, Бээжингийн Өвлийн олимпын талаарх сэтгэгдлээ хуваалцсан байна.
Нидерландын Олимпын хорооны ерөнхийлөгч Ван Занен-Ниберг тусгай зочноор оролцон “Олимпын наадам бүр өвөрмөц, Бээжингийн Өвлийн олимп ч өвөрмөц байлаа. Нидерландын төлөөлөгчдийн багийн тамирчдын мөрөөдөл Бээжингийн Өвлийн олимпоор биелэхийг хүсэж байна” гэлээ.
Хятадаас Нидерландад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танжянь хэлэхдээ “Энэ жил Хятад, Нидерланд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ боломжийг ашиглан хоёр орон үргэлжлэн төрөл бүрийн салбарт шинэ түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Унгар
"Миний хүсэн хүлээсэн өвлийн олимп"
Унгарын нийслэл Будапешт хотын гудамжинд өнгө өнгийн трамвайн зургууд хүмүүсийн анхаарлыг татна. Хүүхдийн сэтгэл шингэсэн энэ трамвайн зургууд нь Унгарын "Миний хүсэн хүлээсэн өвлийн олимп" зургийн уралдаанд түрүүлсэн бүтээлүүд юм. Бүтээлүүдийг Будапешт хотын төв дэх Маргарет гүүр, Браха талбай, Петофи гүүр зэрэг үзэсгэлэнт газруудаар дамжуулан хүмүүст харуулах болно.
Энэхүү арга хэмжээг БНХАУ-аас Унгар дахь Элчин Сайдын Яам санаачилж, Будапешт дахь Хятадын Соёлын Төв зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд "Миний хүсэн хүлээсэн өвлийн олимп" уран зургийн цуглуулга, "Бээжинд мөрөөдлөө биелүүлсэн өвлийн олимпын өгүүлбэр" хэмээх ерөөлийн видео цуглуулгыг хамруулсан. Энэ бүхнээр Унгарын ард түмний Бээжингийн олимпод зориулсан ерөөлийн үгийг дэлгэн харуулж, өвлийн олимпын үзэл санааг түгээж, иргэд хоорондын харилцааг дэмжсэн байна.
Арга хэмжээний хугацаанд Унгарын өнцөг булан бүрээс хүүхэд, залуучуудын 400 шахам бүтээл ирсэн бөгөөд тосон зураг, усан будаг, хэвлэл, үзгэн зураг, клипарт зэрэг төрлийн бүтээлүүд багтжээ. Зарим нь Бээжингийн Өвлийн олимпын бэлэг тэмдэг, хүүхдийн дуртай спортын төрлүүдийг дүрсэлсэн бол зарим нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид нэг талбай дээр өрсөлдөж буй дүр зургийг, зарим нь Бээжингийн Өвлийн олимпын наадмын талбайг, зарим нь Өвлийн олимпод зориулсан онцгой дурсгалын марк зохион бүтээжээ.
Уралдаанд шалгарсан бүтээлүүдээс Унгарын Хайду-Бихар мужийн бага сургуулийн хэсэг бүтээл онцгой анхаарал татаж байна. Энэхүү бага сургууль нь Унгар дахь бүтэн өдрөөр хичээллэдэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн цорын ганц бага сургууль юм. Дэнлүү, уран гулгалт, мөсөн хоккейн тоглоом, олимпын таван цагаригт туг, Унгар, Хятадын төрийн далбаа зэргийг хүүхдүүд ер бусын төсөөлөл, бүтээлч чадварыг хослуулан өнгө өнгөөр будаж, өөрсдийн сэтгэлд буусан Бээжингийн Өвлийн олимпын гайхамшигт дүр төрхийг харуулжээ.
9 настай Хоффмайстер Зафи энэ тэмцээнд оролцсон хүүхдүүдийн хамгийн бага нь бөгөөд ялагчдын нэг юм. Түүний бүтээл нь өвлийн олимп уран зөгнөлөөр дүүрэн байж, Бээжингийн Өвлийн олимпын наадам нь уламжлал, технологи хосолсныг харуулснаар шүүгчид дуу нэгтэй өндрөөр үнэлжээ.
- Би мөс, цасны спортод маш их дуртай. Миний зургууд Бээжинд хүрч, Бээжингийн тамирчид, хүүхдүүдэд хамгийн сайн сайхныг хүргэхийг хүсэж байна хэмээн Зафи ярьж байлаа.
Хятадаас Унгарт суугаа Элчин сайд Чи Даюй хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Хятад, Унгар хоёр орон соёл урлаг, спортын солилцоо хамтын ажиллагаа үр дүнтэй явуулж, ард түмний сэтгэлийн холбоог ахиулсан. Энэхүү зураг цуглуулах үйл ажиллагаа нь хоёр орны нөхөрлөлийг улам бүр харуулж байна. Бээжингийн Өвлийн олимпын наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдад тэмцээнээ баясгаж, нөхөрлөлийг гүнзгийрүүлж, их амжилтыг бүтээхийг хүсэн ерөөе" гэлээ.





























































