XIII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган 03-р сарын 05-ны өдөр Бээжинд нээлтээ хийв. Мөн өдрөөр хэлэлцсэн Засгийн газрын ажлын тайланд нийгмийн бодлого нь ард түмний амьжиргааг дээд түвшинд баталж, ард түмний амьжиргааг бодитоор хамгаалан сайжруулах ажлыг урагшлуулж, төрийн үйлчилгээний түвшинг тасралтгүй дээшлүүлж, нийт ард түмний анхаарлын төв болсон иргэдийн амьжиргааны асуудлыг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ гэж онцолжээ.Тодруулбал:
Нэг. Хөдөлмөр эрхлэлт
10 сая гаруй их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг эрчимжүүлж, 100 тэрбум юанийн ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байрыг тогтворжуулах, сургахад дэмжлэг үзүүлнэ.
Энэ оны хөгжлийн хүлээгдэж буй гол зорилтууд нь хот суурин газарт 11 сая гаруй ажлын байр шинээр бий болгох явдал юм. Ажлын байрыг тогтворжуулах, өргөжүүлэхийн тулд бүх орон нутгийн зүгээс чадах бүхнээ хийх ёстой гэж тайланд санал болгов. Энэ жил 10 сая гаруй их дээд сургууль төгсөгч байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлт, аж ахуй эрхлэлтийг бодлогоор дэмжих, онлайн үйлчилгээг тасралтгүй сайжруулах шаардлагатай байна. 100 тэрбум юанийн ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байрыг тогтворжуулах, сургах ажилд дэмжлэг үзүүлж, аж үйлдвэрийн салбарын өндөр чанартай хөгжилд нэн шаардлагатай авьяаслаг боловсон хүчнийг хөгжүүлэх ажлыг түргэтгэнэ.
Хятадын хөдөлмөр эрхлэлтийн бүлгүүдийн цар хүрээ өссөөр байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нийгмийн хамгааллын бодлогыг боловсронгуй болгох, мэргэжлээс шалтгаалсан гэмтлээс хамгаалах шинэ хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийн туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн хүйс, нас болон хөдөлмөр эрхлэлтийн бусад байдлаар ялгаварлан гадуурхахаас тууштай урьдчилан сэргийлэх, ажилчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг тайланд дэвшүүлсэн байна.
БНХАУ-ын УТЗЗ-ний гишүүн, Хятадын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн дарга Мө Рүн хэлэхдээ "Засгийн газрын ажлын тайлан нь илүү өргөн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн цар хүрээг өргөтгөх үндсэн зарчмаас эхэлж, бүтцийн асуудлыг хүндэтгэж, идэвхтэй бодлогын чиг хандлагыг тусгасан байна" гэжээ.
-Хятад улсад хөдөлмөр эрхлэлтийн уян хатан зохицуулалтад хамрагдаж буй хүмүүсийн тоо 200 сая орчимд хүрч, шинэ асуудал, сорилттой тулгарч бий бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрийн мэргэжлээс шалтгаалсан гэмтлээс хамгаалах туршилтын төслийг эхлүүлсэн нь хөгжлийн шинэ үе шат дахь иргэдийн бодит хэрэгцээ шаардлагад нийцэж байна гэж БХАТИХ-ын төлөөлөгч,Ханжүө хотын АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Лүө Вэйхүн хэллээ.
Хоёр.Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх
Ядуурлаас ангижирсан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэхийг дэмжиж, тосгоныг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулна.
"Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариаланчид"-ын ажлын гол чиглэл нь хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажил руу шилжсэн байна. Энэ жил ядуурлаас ангижруулах ажлын ололт амжилтыг бататган өргөжүүлэх, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг үр дүнтэй холбох чухал жил юм. Дахин ядууралд буцахгүй байх тал дээр анхаарч ядууралд эргэн орохоос сэргийлэх хяналт, тусламжийн механизмын хэрэгжилтийг сайжруулахыг тайланд санал болгожээ. Ядуурлаас ангижруулах бүс нутгийг дэмжиж, онцлогтой үйлдвэрүүдийг хөгжүүлж, ядуурлаас ангижирсан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэхийг дэмжинэ. Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх үндэсний гол мужуудад үзүүлэх тусламжийн арга хэмжээг эрчимжүүлж, ядуурлаас ангижирсан бүс нутгийн өөрийгөө хөгжүүлэх чадавхыг нэмэгдүүлнэ.
Хөдөө орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, засаглалд анхаарлаа хандуулж, хоёр дахь шатны газрын гэрээний хугацаа дууссаны дараа мужийн хэмжээнд хэрэгжиж буй туршилтын хөтөлбөрийг 30 жилээр сунгах нь зүйтэй гэж тайланд санал болгожээ. Хангалт, борлуулалтын хоршоо, хамтын өмчийн эрх, ойн хамтын эрх, төрийн өмчийн ойн сан бүхий газарт ойн аж ахуй эрхлэх, газар тариалангийн нөхөн сэргээлтийн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ. Тосгоныг нүүлгэн шилжүүлэх асуудлыг зохицуулна. Хөдөө орон нутагт бие засах газар, бохир ус, хог хаягдлыг зайлуулах ажлыг орон нутгийн онцлогт тохируулан сайжруулах ажлыг дэмжинэ гэжээ.
БХАТИХ-ын төлөөлөгч, Жэжян мужийн Шаошин хотын Кэчяо дүүргийн Лижү суурингийн Танди тосгоны намын ерөнхий нарийн бичгийн дарга Лю Жяньмин "Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг бүрэн хэрэгжүүлэх нь ядуурлыг бууруулах ажлаас дутахгүй их ажил юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх аялал жуулчлал, цахим худалдаа зэрэг салбарыг хөгжүүлэн, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг дижитал технологид тулгуурлах ёстой" гэж үзэв.
Гурав. Боловсрол
Албан журмын боловсролын ачааллыг бууруулж, мэргэжлийн боловсролыг явуулах нөхцөлийг сайжруулна
Эрх тэгш байдал болон чанар бол боловсролын хөгжлийг дэмжих хоёр түлхүүр үг юм. Хятад улсад 290 сая оюутан суралцаж байгаа тул боловсролын салбарт сайн ажиллахыг шаардах ёстой. Энэ нь олон мянган өрх, Хятад үндэстний ирээдүйтэй холбоотой томоохон үйл явдал гэдгийг тайланд онцлов.
Боловсролын янз бүрийн үе шат, бүлгүүдийн бодит санаа зовнилын хариуд тус тайланд сургуулийн насны хүүхдүүдийг ойролцоох сургуульд сурах боломжийг баталгаажуулсан байна. Албан журмын боловсролын ачааллыг бууруулж,сургуулийн өмнөх боловсролын хүртээмжтэй боловсролын нөөцийг олон сувгаар нэмэгдүүлнэ. Мэргэжлийн боловсролын сургууль ажиллуулах нөхцөлийг сайжруулж, үйлдвэрлэл, боловсролыг уялдуулсан сургуулиудыг ажиллуулах тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн үүний зэрэгцээ төв, баруун болон хөдөө орон нутагт коллежид элсэх хандлага нэмэгдсээр байна гэжээ.
БХАТИХ-ын төлөөлөгч,Юүньнань мужийн Бизнесийн коллежийн гүйцэтгэх захирал Ли Шяошуань хэлэхдээ "Одоогийн байдлаар Хятадын хүн амын өөрчлөлт, хот хөдөөгийн байдал, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ялгаа зэрэг нь боловсролд гүнзгий нөлөө үзүүлж байна. Албан журмын боловсролын ачааллыг бууруулж, мэргэжлийн боловсролын хөгжлийг ахиулах нь боловсролын салбарын бүтцийн зөрчилдөөн, сул талыг онцолж, өндөр чанартай боловсролын тогтолцоог сайжруулах ажлыг хурдасгаж, бүх хүүхдэд ашигтай засаглалын үзэл баримтлалыг тусгасан" гэж өөрийн санал бодлоо хуваалцсан байна.
Дөрөв. Эм эмнэлэг
Үндэсний эрүүл мэндийн даатгалын эмийн хамрах хүрээг үндсэн хэмжээнд нэгтгэж, халдварт өвчнийг шинжлэх ухаанч, үнэн зөвөөр зохицуулна.
Эмнэлгийн салбарт иргэдэд үзүүлэхэд хүндрэлтэй, эмчид үзүүлэхэд зардал ихтэй байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө цаашид ч хичээн ажиллах болно. Тайланд оршин суугчдын эрүүл мэндийн даатгал болон нийгмийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний нэг хүнд ногдох санхүүгийн хөнгөлөлтийн стандартыг тус тус 30 юаниар, 5 юаниар нэмэгдүүлэхийг санал болгожээ. Муж дамнасан эмнэлгийн эрүүл мэндийн даатгалд холбогдсон тооцоо хийх аргыг боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын эмийн хамрах хүрээний үндсэн нэгдмэл байдлыг өргөжүүлнэ. Эм, эмнэлгийн өндөр өртөгтэй хэрэглээний материалын төвлөрсөн худалдан авалтыг дэмжин,зүрх судас, тархины судасны өвчин, хорт хавдар болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээний баталгааны түвшнийг үе шаттайгаар сайжруулж, ховор өвчний эмийн хамгаалалтыг бэхжүүлнэ.Өндөр чанартай эмнэлгийн нөөцийг хот, мужуудад түгээхийг дэмжинэ гэж онцолжээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлыг хэрхэн хэвийн болгох талаар тайланд гаднын цар тахлын халдварын аюулаас урьдчилан сэргийлэхийн эсрэгцээ дотоод хамгаалалтыг чанд сахиж, боомт хотуудын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хяналтыг чангатгаж, вакцинжуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж, орон нутгийн өвчлөлийг шинжлэх ухаанч, үнэн зөв зохицуулахыг санал болгож байна.
- Эмнэлгийн үйлчилгээг сайжруулах холбогдох бодлого нь тасралтгүй, тогтвортой ахиц дэвшлийг баримтлахаас гадна бодит бэрхшээлийг идэвхтэй шийдвэрлэхэд анхаарч байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн сэтгэлийг түгшээж буй том өвчний орон нутаг дамнасан төлбөр тооцоо хийх, өндөр өртөгтэй хэрэглээний материалаар хангах, хүнд өвчний эмчилгээ гэх мэт талаар тайланд үр дүнтэй зохицуулалт хийсэн байна гэж БХАТИХ-ын төлөөлөгч, Хүбэй мужийн Шыяьн хотын Тайхэ эмнэлгийн намын хорооны нарийн бичгийн дарга Лүө Же хэллээ.
Тав. Ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалах
Хот, хөдөөгийн ахмадын үйлчилгээний хангамжийг оновчтой болгож, гурван хүүхэд төрүүлэх бодлогыг боловсронгуй болгож, хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ.
Ахмад настны нийгмийн хамгааллын үүднээс уг тайланд олон сайхан мэдээг дэлгэсэн байна.Үүнд тэтгэвэр авагчид болон хот, хөдөөгийн иргэдийн тэтгэврийн суурь жишгийг зохих ёсоор нэмэгдүүлж, тэтгэврийг бүрэн, хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлнэ. Хүн амын хөгшрөлттэй тэмцэх тодорхой арга хэмжээнд: хот хөдөөгийн ахмад настны үйлчилгээний хангамжийг оновчтой болгох, өдөр өнжүүлэх, хооллох, цэвэрлэх, нөхөн сэргээх, сувилах зэрэг үйлчилгээг үзүүлэх нийгмийн хүчийг дэмжиж, хөдөө орон нутгийн хамтын хөгжлийг дэмжих зэрэг ахмад настнуудын тусламж үйлчилгээний түвшнийг дээшлүүлнэ гэжээ.
Гурван хүүхэд төрүүлэх бодлогыг дэмжих арга хэмжээг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Уг тайланд нярай болон 3 хүртэлх насны бага насны хүүхдийн асрамжийн зардлыг хүн амын орлогын албан татварын тусгай нэмэлт суутгалд тусгаж, хүүхэд харах үйлчилгээг хүртээмжтэй хөгжүүлж, гэр бүлийн асрамжийн ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээг хамарсан байна.
Түүнчлэн хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэргийг хатуу таслан зогсоож, эмэгтэйчүүд, хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах хэрэгтэйг илтгэлд тодорхой дурджээ.
БХАТИХ-ын төлөөлөгч, Аньхүй мужийн иргэний хэрэг эрхлэх газрын дарга Жан Дүнюүнь хэлэхдээ "Ахмад настад болон нярай нялхас нь олон мянган өрхтэй холбоотой бөгөөд ахмад настнуудад зориулсан үндсэн үйлчилгээний тогтолцоог бий болгох, ахмад настны халамжийн үндсэн үйлчилгээг тэгшитгэхийг дэмжихийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн, Тяньжинь хотын Эмэгтэйчүүдийн холбооны орон тооны бус дэд дарга Чэнь Жүнхун "Хуулийг цаашид боловсронгуй болгох үндсэн дээр засгийн газрын хэлтэс, нийгэм хамтын хүчин байгуулж, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, гэрлэлт, гэр бүлийн эрх зэрэг хувийн эрх ашгийг үр дүнтэй хамгаална гэж найдаж байна" гэжээ.
Зургаа. Хүнс ба эрчим хүчний аюулгүй байдал
Иргэдийн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулж, амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, хэвийн үйл ажиллагааг хангах цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахыг батална.
Үр тариа зэрэг хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулж, иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, хэвийн үйл ажиллагааг хангах тухай тайланд дэвшүүлжээ. Дотоодын баялгийн үйлдвэрлэлийг дэмжих чадавхыг бэхжүүлж, газрын тос, байгалийн хий, ашигт малтмал болон бусад баялгийн хайгуул, ашиглалтыг түргэтгэж, үндэсний стратегийн материалын нөөцийн тогтолцоог боловсронгуй болгож, үндсэн бүтээгдэхүүний хангамжийг хангана. Үнийн түвшнийг үндсэндээ тогтвортой байлгана.
1.4 тэрбум гаруй Хятадын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг батална. Тодорхой арга хэмжээнд: цагаан будаа, улаан буудайн худалдан авах доод үнийг зохих ёсоор нэмэгдүүлэх, тариалангийн талбай "үр тариа тариалахгүй байх"-аас урьдчилан сэргийлэх; 100 сая мү өндөр стандартын тариалангийн талбайг барьж байгуулж, хэд хэдэн том ба дунд усалгааны талбайг байгуулна.
БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Их Сургуулийн профессор Ма Идэ хэлэхдээ "Гадаад орчны тодорхойгүй байдалд дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлт тогтвортой байхаар аргацаан батлах нь идэвхтэй, ирээдүйг харсан бодлогын чиг хандлагыг илэрхийлж байна" гэжээ.
Мөн тэрээр "Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, тахлын улмаас эрчим хүчний үнэ нэмэгдсээр байгаа нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд түгшүүрийн дохиог өгч байна. Цаашид бид дотоодын эрчим хүчний хангамжийг улам сайжруулж, Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл, дэмжлэгийн чадавхыг бэхжүүлж, нөөцийн хөгжлийн түвшнийг дээшлүүлэх ёстой. Үүний зэрэгцээ эрчим хүчийг хэмнэж, ялгаралтыг бууруулах ажлыг нийгэм даяар үргэлжлүүлэх шаардлагатай байна" гэж санал болгосон байна.
Долоо. Хэрэглээ
Шинэ эрчим хүчний автомашины хэрэглээг үргэлжлүүлэн дэмжиж, хөдөө орон нутгийн цахим худалдааг хөгжүүлж, логистик, түгээлтийг шуурхай хөгжүүлнэ.
Тайланд иргэдийн орлогыг олон аргаар нэмэгдүүлэх, орлогын хуваарилалтын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг хэрэглээг тасралтгүй сэргээхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг дэвшүүлжээ. Тодруулбал бизнесийн шинэ хэлбэр, хэрэглээний шинэ загваруудыг хөгжүүлнэ. Шинэ эрчим хүчний автомашины хэрэглээг үргэлжлүүлэн дэмжиж, орон нутгийн засаг захиргааг хөдөө орон нутагт ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зөөвөрлөж, цахилгаан хэрэгслийн хуучнаар шинийг солин худалдаалахыг дэмжинэ. Дотоодын үйлчилгээний салбарын чанар, өргөжилтийг дэмжинэ. Хошуу шяний түвшний худалдааны тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө орон нутгийн цахим худалдаа, шуурхай логистик, түгээлтийг хөгжүүлнэ гэх мэт агуулгыг хамарсан байна.
БХАТИХ-ын төлөөлөгч, Шаньдүн мужийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Жан Вэйгүө хэлэхдээ "Хэрэглээг дэмжих нь оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна зах зээлийн орон зайг тасралтгүй өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэхээс хамаарна. Хэрэглээний шинэ хэлбэр, шинэ загвар, хөдөө орон нутгийн живж буй зах зээл нь хэрэглээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Бодлого боловсруулахдаа эрэлтийг илрүүлж, удирдан чиглүүлэх, олон нийтийн хэрэглэх хүслийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой" гэжээ.
Найм. Экологийн орчин
Бохирдлын хяналт, экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн оргил үеэс нь буруулах болон нүүрстөрөгчийн саармаг байдлыг эмх цэгцтэй дэмжинэ.
Тайланд бохирдлын хяналт, экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийг бэхжүүлэхийг санал болгож байна. Агаар бохирдуулагчид тавих зохицуулалттай хяналт, бүс нутгийн зохицуулалттай зохицуулалтыг бэхжүүлж, чухал гол мөрөн, нуур, булангийн бохирдлын хяналтыг нэмэгдүүлж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг үргэлжлүүлнэ. Уул, гол мөрөн, ой мод, талбай, нуур, өвс, элсний системийн менежментийг үргэлжлэн зохицуулна.
Нүүрстөрөгчийн саармагжилтын дээд түвшинд хүрэх нь өндөр чанартай хөгжлийг дэмжих зайлшгүй шаардлага юм. Засгийн газрын тайланд нүүрстөрөгчийн саармаг байдлыг эмх цэгцтэй дэмжихийг санал болгож байна. Ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологийн судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих бөгөөд түүний сурталчлан хэрэглэх ажлыг ахиулна. Эрчим хүч их зарцуулдаг, утаа ихтэй, бага түвшинтэй төслүүдийн хөгжлийг эрс таслан зогсоо. Эрчим хүчний хэрэглээний "давхар хяналт"-аас нийт нүүрстөрөгчийн ялгаралт, эрчимжилтийн "давхар хяналт"-д шилжих үйл явцыг ахиулж, ногоон үйлдвэрлэл, амьдралын шинэ хэв маягийг бүрдүүлнэ.
Экологи, байгаль орчны яамны Байгаль орчны төлөвлөлтийн хүрээлэнгийн дарга, Хятадын Инженерийн академийн академич Ван Жиньнань хэлэхдээ "Нүүрстөрөгчийг саармагжуулах нь цогц төсөл бөгөөд урт хугацааны ажил юм. Төв засгийн газар тодорхой төлөвлөгөө гаргасан бөгөөд тайланд цаашид аж үйлдвэр, эрчим хүчний бүтцэд зохицуулалт хийх чиглэлийг зааж өгсөн" гэжээ.
Ес. Орон сууц
Орон сууц худалдан авагчдын боломжийн орон сууцны хэрэгцээг илүү сайн хангахын тулд хямд орон сууцны барилгын ажлыг дэмжиж, арилжааны орон сууцны зах зээлийг хөгжүүлэн дэмжинэ.
Тайланд орон сууцыг дамын зориулалттай биш харин амьдрах зориулалттай гэсэн байр суурийг баримталж, түрээслэх, худалдан авахыг хоёулыг нь шаардах, урт хугацааны түрээсийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх, хямд орон сууцны бүтээн байгуулалтыг дэмжин, арилжааны орон сууцны зах зээлийг дэмжихийг санал болгож байна. Худалдан авагчдын боломжийн орон сууцны хэрэгцээг илүү сайн хангаж, үл хөдлөх хөрөнгийн салбарын эрүүл хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Мөн хэд хэдэн хуучин хот суурин газрын засварын ажлыг эхлүүлэхийг санал болгож байна.
-Худалдаалах зориулалттай биш орон сууцтай болгох гэж зүтгэх нь нийгмийн зөвшилцөл болсон бөгөөд энэ нь одоо ч гэсэн Хятадын үл хөдлөх хөрөнгийн бодлогын ерөнхий чиг хандлага хэвээр байна гэж бий үзэж байна. Өнөөгийн байдлаар Хятадын орон сууцны эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бүтцийн асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын бодлого нь тогтвортой, нарийвчлалтай, харилцан уялдаатай байх ёстой. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн шат дараалсан арга хэмжээ авах нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил маш чухал ач холбогдолтой гэж Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хот байгуулалт, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ни Пэнфэй хэллээ.





























































