Эх дэлхийн умард нутгуудад урин зун саатаж, уул ус, ургамал амьтад, гол мөрөн, ой мод, нуур цөөрөм, элсэн манхад амьд байгалийн өнгөөр бялхан, Хятад улсын хөрс номин өнгөөр мяралзна. Атга шороо, ооч ус, ширхэг өвс бүр нь хүн төрөлхтний оршин тогтнох үндэс болж байдаг. Хүн байгалийг гомдоохгүй цагт байгаль хүнийг гомдоохгүй нь үнэн. Хятад улс хөрст дэлхийг нүдний цэцгий шигээ хайрлан хамгаалж, экологи байгаль орчныг хамгаалах хамгийн хатуу тогтолцоог хэрэгжүүлснээр хөх тэнгэр хөхөмдөг уулс, хүн байгаль эв нэгдэлтэй орчин бүрдүүлж, экологийн орчныг засан сайжруулсан туршлагаараа дэлхий нийтэд тэргүүлж, сайшаагдан, үлгэр жишээ болж байна.
Энэхүү экологийн гоо үзэсгэлэнгийн ард асар их хүчин чармайлт, хичээл зүтгэл бий. Мөн цаг хугацаа, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Оршин тогтнох үндэс, соёл иргэншлийн үндэс болсон ус хөрс, уушги болсон ой мод амь амьдралын хүчийг гайхуулж байна. Хүмүүсийн харааг булаасан эдгээр шинэ өнгө төрхийн ард Хятад улсын үе үеийн хүмүүсийн тэмцлийн түүх байдаг.
"Экологи бол байгалийн нэгдмэл тогтолцоо, харилцан хамаарал, нягт уялдаа холбоотой органик хэлхээ юм. Хүний амин судас газар дэлхийтэй салшгүй холбоотой. Тэр дундаа ургац тариаланд, ургацын амь нь усанд, усны амьдралын гол судас нь ууланд, уулсын амь нь хөрсөнд, хөрсний амь ой, өвсөнд оршдог. Энэхүү үл тасрах амин хэлхээ хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжих материаллаг үндэс юм" гэж Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн байдаг. Экологийн соёл иргэншлийг байгуулах нь Хятадын үндэстний тогтвортой хөгжлийн үндсэн төлөвлөгөө юм. Хятад улсын эзгүй хээр газар, энгүй элсэн цөлийг ногооруулсан тухай, ой мод тарьж, уулс хайрхан, ус мөрнөө хамгаалсан, элсийг алт болгосон гайхамшигт түүхийг үеийн үед бичиглэсээр байх болно.
Хятад улс экологи, байгаль орчныг хамгаалах чиглэлээр гайхалтай амжилтад хүрч, үзэсгэлэнт сайхан Хятад орны бүтээн байгуулалтад томоохон алхам нээсэн юм. Хятадын газар нутаг хаа сайгүй ногоон өнгөөр хучигдаж, ард түмнийг үеийн үед тэжээж ирсэн үзэсгэлэнт эх байгаль нь ирээдүй хойч үедээ ч үр өгөөжөө өгөх болно гэдэгт эргэлзэхгүй байна.





























































