“Од” болно гэдэг “Тэмээнд хүрэхгүй гараа тэнгэр өөд сарвайх” мэт бэрх холын мөрөөдөл байсан цаг үе өнгөрөн одсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Цахим ертөнц бидний амьдралд орон зайгаа тэлсээр байгаа өнөөдөр хүн бүрийн хувьд өөр өөрийн өвөрмөц авьяас чадвар, сонирхол, амьдралын хэв маяг, цаашлаад дотоод сэтгэлийн баяр гуниг, жаргал зовлонгоо ч цаг ямагт цахим ертөнцөд цацаж, олонтой хуваалцан, “ил” амьдрах боломжтой болсон. Харин сошиал орон зайд өөрийгөө сорьж, олонд үйлчлэх нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, нийгмийн нэгэн мэргэжлийн салбар болон хөгжинө гэж та төсөөлж байсан уу?
Оны эхнээс дэлхийн хэмжээнд дэгдэж эхэлсэн цар тахлын улмаас цахим хэрэглээ, дижитал эдийн засаг маш эрчимтэй хөгжиж, бизнесийн олон ч шинэ загварууд “зулай зулайгаа гишгэж төрсөн”. Тэдгээр нь цар тахлын эсрэг тэмцлийг дэмжихийн зэрэгцээ эдийн засгийн сэргэлтийг удирдах, хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгах зэрэг тал дээр асар их ач холбогдлоо өгсөн юм. Шинэ ажил мэргэжил бий болохоос эхлээд шинэ хэрэглээний тэлэлт, мөн шинэ хөдөлмөр эрхлэлтийн бүрдлээс дижиталжуулсан хөгжилд хүртэл Хятадын эдийн засаг цар тахлын хугацаанд нэгэн цуврал шинэ онцлог, шинэ чиг хандлага, шинэ боломж нөхцөлийг өвөртлөн авсан билээ.
Хүнд бэрхшээлийн дунд боломж бололцоо нуугдаж, хувьсал өөрчлөлтийн явцад шинэ аян эхэлж болдгийг түүхэн олон үйл хэрэг, үнэт туршлага бидэнд бэлхэн хэлсэн. Жишээ нь, цар тахлын улмаас эрчимтэй хөгжиж эхэлсэн цахим шууд нэвтрүүлгээр бараа бүтээгдэхүүн худалдаалах арга хэлбэр нь хэрэглэгчдийн хувьд хүссэн бүтээгдэхүүнээ хямд, хялбар аргаар худалдан авах боломжоор хангасан. Эдийн засгийн хувьд хөдөө орон нутгийн асар их хэмжээний зах зээлийг амилуулан сэргээж байдаг. Гэх зэргээр нэг ажил хэргээр хэд хэдэн үр ашгийг бий болгох нь цахим эдийн засгийн хөгжлийн давуу тал юм.
Цаашилбал эдийн засгийн шинэ загвар, шинэ арга барилууд нь уламжлалт аж үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэлийг дэмжих, эдийн засгийн чанартай хөгжлийг биелүүлэх санаачилгатай үйл ажиллагаа байж болно. Өнөөгийн байдлаар Хятад улс эдийн засгийн хөгжлийн арга барилаа өөрчлөх, бүтцээ төгөлдөржүүлэх, өсөлтийн хөдөлгүүрээ хувиргах зэрэг талдээр хүч сорьж байна. Инновац, шинэчлэл аль ч талд авч үзсэн бэрхшээл сорилтын дундаас боломж бололцоо бий болгоход эдийн засгийн шинэ загвар, шинэ арга барилууд нь асар их ач гавьяа үзүүлж байгаа юм.
Уламжлалт үйлдвэрлэл амьдралд шинэ агаар нэвтрүүлсэн эдгээр шинэ загвар, шинэ арга барилууд хэрэглээний зах зээлийг тэлэх, бизнесийн шинэ боломжуудыг хангах гэх зэргээр эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө өгсөөр байна.





























































