Сүүлийн жилүүдэд Хятадын цахим худалдааны шууд нэвтрүүлэг буюу “лайв хийх”нь худалдааны салбарын шинэ хөгжлийн арга зам болж хурдацтай хөгжсөн юм. Ялангуяа дэлхий даяар тархсан цар тахал бүхий л худалдааны салбарыг нөлөөлж, гуанз ресторан, кино театр, дэлгүүр худалдаа, зочид буудал зэргийг нэг үе зогсонги байдалд оруулж байхад хүмүүсийн интернэт ашиглалт харин огцом нэмэгдэн, цахим худалдаа тэр дундаа онцгойлон цахим худалдааны шууд нэвтрүүлэг хурдацтай өсөн нэмэгджээ. 2022 оны 8-р сарын 10-нд нийтэлсэн “2022 оны Хятадын цахим худалдааны шууд нэвтрүүлгийн зах зээлийн статистик тайлан”-д 2022 онд Хятадын цахим худалдааны шууд нэвтрүүлгийн худалдааны өртөг 3487 тэрбум 900 сая юаньд хүрч, өнгөрсөн оноос 47.69 хувиар нэмэгдэнэ хэмээн төсөөлжээ.
Өнөөдөр ганц гар утас хот хөдөөг холбож, худалдагч, хэрэглэгч хоёрыг цахимаар уулзуулж , цахим худалдааны шууд нэвтрүүлэг Хятадын тариачдын шинэ ажил болж, хөдөө орон нутгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр болж байна. цахим худалдааны шууд нэвтрүүлэг нь Хятадын алслагдсан бүс нутгийн онцлогт гаралт бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах чухал арга зам болж, тэр нь хөдөө орон нутгаас хот орж хөдөлмөр эрхэлж байсан залуучуудад дахин нутаг буцаж цахим худалдааны платформыг ашиглан илүү ихийг бүтээх боломж нөхцөл ханган өгч, интернэт болон хөдөө аж ахуйг харилцан уялдуулсан хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ хөгжлийн төлөв байдлыг бий болгож байна.
2022 оны 01-р сард Хятадын төрийн явдлын хорооноос “2022 оны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх ажлыг бүх талаар эрчимжүүлэх гол чухал ажлын талаарх санал”-ыг нийтэлж,Хятад улс ирээдүйд “дижитал цахим худалдаагаар хөдөө орон нутгийг хөгжүүлэх ” төслийг хэрэгжүүлэн, цахим худалдааны хөдөө орон нутаг дах хөгжлийг ахиулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цахим худалдааны шууд нэвтрүүлгээр сурталчлан борлуулах ажлыг эмх цэгцтэй ахиулна хэмээн дурджээ. 2022 оны 04-р сарын 25-нд Хятадын хөдөө аж ахуй хөдөө тосгоны яам, Санхүүгийн яам, Хөгжил өөрчлөлтийн хороо зэрэг төрийн байгуулаг нэгж хамтран “2022 оны хөдөө аж ахуйн орчин үеийн жишээ үзүүлэх бүсийг байгуулах ажлын тухай мэдэгдэл” нийтэлж, цахим худалдааг хөдөө орон нутагт нэвтрүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдааны шууд нэвтрүүлэг зэрэг шинэ салбарын эрүүл хөгжлийг ахиулах тухай тодорхой дурджээ. Олон нутгийн санхүү эдийн засгийн газрууд цахим худалдааны шууд нэвтрүүлгийг идэвхтэй түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн дамжаа сургалт зохион байгуулан тариалан эрхлэгчдэд өөрийн нутгийн онцлогт гаралт бүтээгдэхүүнээ цахимаар сурталчлан борлуулах арга мэргэжлийг эзэмшүүлж байна.
Ийнхүү Хятадын цахим худалдааны шууд нэвтрүүлэг нь шинээр хөгжин гарч байгаа салбар болсны хувьд хөдөө орон нутагт авч хэлбэл тухайн нутгийн гаралт бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөн тэлэхээр зогсохгүй хөдөө орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, Хятадын төр засгаас хэрэгжүүлж байгаа ядуурлаас ангижруулах болон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх хоёр том стратеги бодлогын хэрэгжилтэд чухал ач холбогдол үзүүлж байна.





























































