Саяхан би ӨМӨЗО-ы Улаанхад хотын Баарин баруун хошуунд хүрч “Гэсэр” туулийн тухай сэдвээр сурвалжилга хийгээд ирлээ. Баарин баруун хошуу нь “Гэсэр” туулийн соёлын өв зузаан нутаг. 2008 онд Хятадын Соёлын Яамнаас уг хошууг “Гэсэрийн соёлын өлгий” гэж нэрийдсэн байдаг.
Өнөөгийн байдлаар Баарин баруун хошуунд Гэсэрийн үлгэр туулийг өргөн хэлж хайлдаг уламжлалтай бөгөөд Гэсэр баатрын домог үлгэр бүхий уул ус арвин бий. Мөн түүнчлэн 200 гаруй жилийн түүхт Гэсэрийн хийд гэж байгаа нь өөр нутгаас ялгарах өвөрмөц соёлын үзэгдэл болж байна.
2019 оны 07-р сарын 15-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ы ажил байдалтай танилцах үеэр Улаанхад хотын музейд хүрч тухайн бүс нутгийн “Гэсэр” туулийн биет бус соёлын өв тээгчтэй дотноор ярилцаж, “Үндэстний цөөнхийн соёлын хамгаалалт, уламжлалыг чухалчилж, “Гэсэр” зэрэг соёлын биет бус өвийг дэмжин тэтгэж, өв тээгчдийг хүмүүжүүлэн, үеэс үед өвлөн уламжлах хэрэгтэй” гэж зааварласан байдаг. Үүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Гэсэр, Жангар, Манас зэрэг гурван их баатарлаг туулийн соёлыг хамгаалан уламжлах тухай олон удаа цохон тэмдэглэсэн байдаг.
Соёлыг хамгаалах, уламжлан дэлгэрүүлэх ажилд төр засгийн бодлого маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд төр засгаас гурван их баатарлаг тууль зэрэг ардын аман уламжлалын чухал өвийг цуглуулах, өв тээгчдийг урамшуулах, судалгааны ажлуудыг эрчимтэй дэмжсэнээр холбогдох соёлын өвийг уламжлан хамгаалах ажил илэрхий үр дүнд хүрээд байна.
ӨМӨЗО-ы Баарин баруун хошуунд “Гэсэр” туулийн соёлоор дагнасан тоглолтын заал, барилга цогцолбор баригдсан. Мөн төр засгаас Гэсэрийн соёлын өв тээгчдийг урамшуулж, Гэсэрийн сэдэвт судалгааны ном бүтээл олноор хэвлэгдэж байгаа нь үүний тод томруун жишээ юм.





























































