Хятад улсад ашиглаж буй Тик ток аппликейшны “Улаанбаатарын охидын медиа /乌兰巴托女孩传媒/” хэмээх хуудсанд сүүлийн өдрүүдэд Монголын гурван охин бүжиглэж буй бичлэгүүдээ байршуулж, өдөрт хоёр удаа Live хийж улмаар 132 мянган дагагчтай болоод амжсан байна. Хятад улсад ашиглаж буй платформ учраас Хятад хэлээр ярих шаардлагатай. Тэд гурвын хувьд Тик ток ашиглагчидтай Хятадаар гаргууд сайн ярьж ойлголцоод байгаа юм. Мөн тэдэнтэй адилхан Хятад Тик токийг ашиглаж байгаа Монгол Улсын иргэд мэр сэр байгааг үл өгүүлэн бичвэрийн сэдвээ үргэлжлүүлье.
БНХАУ-д Тик ток аппликейшныг идэвхтэй ашиглаж буй хүний тоо ойролцоогоор 700 саяд хүрдэг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл Тик ток нь Хятад улсын чухал нэгэн сошиал хэрэгсэл болсон бөгөөд маш олон аж ахуйн нэгжүүд эл платформыг ашиглан бүтээгдэхүүнээ борлуулж, маш олон хүн Тик токийн од болж орлогоо нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ дэлхийн олон орны Хятад хэлээр ярьж бичиж чаддаг иргэд Тик токийг ашиглан олны танил болцгоож байгаа жишээ цөөнгүй.
Хятад хэл дээр явуулж байгаа нийгмийн сүлжээг ашиглахад юун түрүүнд хятадаар ярьдаг байх шаардлагатай агаад энэ шаардлагыг хангасан нөхцөлд Хятад хэлт сүлжээ ашиглагчдын асар том зах зээл нээлттэй болно. Энэ нь нэг ёсондоо Хятад хэлээр ярьж бичдэг гадаадын иргэдэд шинэ нэгэн боломж бүрдлээ гэсэн үг.
Зөвхөн 2020 онд дэлхийн хэмжээнд гадаадын 20 сая иргэн Хятад хэлийг сурч байна гэж Хятадын ГХЯ мэдээлж байсан удаатай. Хятад улс хөгжихийн хэрээр Хятад хэл сурах гадаадын иргэдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсад Хятад хэл сурч байгаа хүний тоо ч нэмэгдэж байна. Тэгвэл Хятадад сурсан Монгол оюутнуудад ашиг орлого олох чухал нэгэн салбар нээгдээд байгаа нь Тик ток, QuickHand зэрэг сошиал медиагийн асар өргөн орон зай юм. Энэ замаар дорвитой алхаж чадвал далайгаас эрдэнэс түүх бүрэн боломж та бидний өмнө тавигдаад байгааг дурдахад таатай байна.
“Хэлтэй бол хөлтэй” гэдэгчлэн хятад хэлийг сайн сурсан залуус сошиал ертөнцөөр дамжуулан олны танил болж шинэхэн салбарт хүч ухаан сорьж шулуухан замнах том хаалга “Манайд ирээрэй...” гэх шиг цэлийтэл нээгдсэн байгааг анзаарна уу. Энэ хаалгаар та бүхэн тавтай морил.





























































