Ажил олголт бол ардын амьжиргаанд холбогдсон хамгийн үндсэн асуудал юм. Иргэдийн ажил олголтын ажлыг сайтар хийх бол иргэдийн амьжиргааг батлан сайжруулах чухал арга хэмжээ бөгөөд иргэдийн аз жаргалт амьдрал, улс орны ирээдүйн хөгжил, нийгмийн амар тайвантай шууд холбогдож байдаг. Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН-ын ХХ их хурлын тайланд ажил олголтыг тэргүүн чухалд үзэх стратеги бодлого хэрэгжүүлэх тухай дурдаж, хойшдын ажил олголтын ажлыг хэрхэн сайн хийх чиглэл зорилтыг зааж өгчээ. дарга Ши Жиньпин ХКН-ын ХХ их хурлын тайланд “Хөгжлийн явцад ард иргэдийн амьжиргааг батлан сайжруулахыг баримталж, ард иргэдийн сайн сайхан амьдралыг хамтдаа бүтээхийг урамшуулан дэмжиж, ард иргэдийн сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг тасралгүй биелүүлэх хэрэгтэй” хэмээн онцолжээ. Үүнээс гадна уг тайланд ажил олголтын ажлыг ахиулах тогтолцоог бүрэн болгож, ажил олголтын олон нийтийн үйлчилгээний системийг хөгжүүлж, ажил олоход хүндрэл бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг тусламж үзүүлэн, хөдөлмөр хүч боловсон хүчний шилжилтэд саад бэрхшээл болж байгаа бодлого тогтолцоод тохируулалт хийхийг шаарджээ. ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг туушлуулан хэрэгжүүлэхэд хүнийг дээдэлсэн хөгжлийн үзэл баримтлалыг үргэлжлэн баримталж, орчин үеийн улсыг бүтээн байгуулах шинэ аянд гаргасан ололт амжилт үр өгөөжийг илүү олон хүнд хүртээх шаардлагатай юм.
Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай хөгжиж байгаа орон, хөдөлмөр хүчний нөөц баялаг хамгийн элбэг орон болсны хувьд, урт хугацааны турш ажил олголтын ажлын хүнд хэцүү үүрэгтэй тулгарсаар ирсэн юм. ХКН-ын ХVIII их хурлаас хойш Хятадын төр засгаас ажил олголтыг нэн чухалд үзэх стратеги бодлого хэрэгжүүлж, ажил олголтыг нэмэгдүүлэх цуврал арга хэмжээг авч хэрэгжүүлснээр олон түүхэн амжилтуудыг байгуулжээ. Ялангуяа цар тахал дэгдэж олон шинэ сорилтуудтай тулгарч буй сүүлийн гурван жилд Хятадын орон нутгийн захиргаа нь ХКН-ын төв хороо, Төрийн явдлын хорооны дурдсан “Зургааг тогтворжуулах” “Зургааг батлах” шийдвэр бодлогыг гүнзгий туушлуулан хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн арван жилд Хятадын хот сууринд шинээр ажлын байраар хангагдсан хүний тоо жилд дунджаар 13 саяыг давж, ажилгүйдлийн төвшин төсөөлсөн хэмжээнээс доогуур үзүүлэлт гарчээ. хот орж ажил хөдөлмөр эрхлэгчид 290 саяыг давж, ажил хөдөлмөр эрхэлж ядуугаас ангижирсан хүний тоо 30 саяд хүрчээ. Иргэдийг насан туршийн мэргэжлийн сургалтад хамруулах тогтолцоо анхан шатанд байгуулагдаж, тусгай мэргэжлийн ажилтны тоо 200 саяд хүрч, 1 тэрбум 400 сая гаруй хүн амтай Хятад улсын ажил олголтын ажлын чанар тогтуунаар дээшилсэн байна. Ийнхүү Хятадын хот сууринд ажил олсон хүний тоо үргэлжлэн нэмэгдсэн нь эдийн засгийн тогтуун эргэлт, нийгмийн амар тайван байдлыг батлахад хүчтэй баталгаа хангажээ. Энэ оны эхнээс нааш, Хятадын олон газрынхан олон арга замаар ажил олголтыг батлан ардын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарчээ. Үүний дүнд энэ оны эхний есөн сард Хятадын хот сууринд шинээр нийт 10 сая гаруй хүн ажлын байраар хангагдсан байна.
Хөгжил бол асуудлыг шийдэх түлхүүр. Эдийн засгийг хөгжүүлбэл сая ажил олголтыг нэмэгдүүлж, эдийн засгийн нэмэгдлээр ажил олголтыг ахиулж, ажил олголтоор эдийн засгийн нэмэгдлийг тогтворжуулж чадна. Үүний тулд нэг талаар зах зээлийг хөгжөөнтэй болгож ажил олголтыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Аж ахуй нэгж бол зах зээлийн гол цогц, бизнес эрхлэх таатай орчин бол аж ахуй нэгжийн хөгжлийн хамгийн чухал баталгаа юм. Иймээс ажил олголтыг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх орчныг улам сайжруулан, аж ахуй нэгжийн шинийг санаачлан бүтээхийг урамшуулан дэмжиж, гаалийн хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлж,тэдэнд илүү сайн үйлчилгээг үзүүлэх шаардлагатай.
Нөгөө талаар ажил олох шаардлагатай хүмүүсийг мэргэжлийн боловсрол сургалтад илүү хамруулан, тэдний мэргэжлийн төвшнийг дээшлүүлэх шаардлагатай. Өнөө Хятад улс нэгэнт чансаатай хөгжлийн шатанд шилжиж, нүүрлэж буй хөгжлийн гадаад орчин өдөр ирэх тусам нарийн төвөгтэй болж байна. Шинэ өрсөлдөөн сорилт болон шинэ өөрчлөлтөд чиглүүлж, “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс “илүү хангалттай, илүү өндөр чансаатай ажил олголтыг биелүүлнэ” хэмээн дурдсан байдаг. Ийнхүү Хятад улс хойшид ажил олголтыг нэмэгдүүлэх болон чансааг дээшлүүлэх талаар нэн их хүчин зүтгэл гаргах болно.
Ирээдүйд Хятадын засгийн газар нь үргэлжлэн цар тахлыг тогтоон барьж, иргэдийн ажил олголтыг нэн чухалд үзэж, эдийн засаг нийгмийн тогтуун хөгжлийг батлах болно.





























































