Пэнлай Жинлү загас агнуурын компаний "Лу Пэн Юань Ю 028" нэртэй Хятадын далайн загас агнуурын хөлөг 05-р сарын 16-ны өдрийн 03:00 цагийн үед Энэтхэгийн далайн төв хэсэгт живжээ. Хятадын багийн 17, Индонезийн багийн 17 гишүүн, Филиппиний 5 иргэн зэрэг хөлөг онгоц дээр байсан нийт 39 хүнтэй холбоо тасраад байна. Одоогоор сураггүй болсон хүмүүсээс нэг ч олдоогүй бөгөөд эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Осол болсон мэдээллийг хүлээж авсан даруйдаа Ши Жиньпин чухал заавар өгч, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Зам тээврийн яам, Шаньдүн муж яаралтай тусламжийн хамтын ажиллагаа эхлүүлэн, нөхцөл байдлыг шалгаж, нэмэлт аврах хүч илгээж, олон улсын тэнгисийн эрж хайх, аврах ажлыг зохицуулах хэсэгтэй хамтран ажиллаж, бүх хүчээ дайчлан аврах ажлыг тууштай хийх хэрэгтэйг онцоллоо. Мөн Гадаад харилцааны яам болон гадаадад суугаа Хятадын Элчин сайдын яамд, тухайн нутгийн талуудтай нягт харилцаж, эрж хайх, аврах туслах ажлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Хүмүүсийн амь нас, эд хөрөнгөний аюулгүй байдлыг хангах үүднээс далай тэнгист хийгдэж буй хүнд хүчир авран туслах ажиллагааны явцад учирч болзошгүй эрсдэлээс зайлсхийж ажиллахыг үүрэгдсэн байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян мөн заавар гаргаж, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Зам тээврийн яам холбогдох газруудтай хамтран, хохирлыг аль болох багасгахын тулд аврах ажилд чадах бүхнээ дайчлахыг шаардсан байна. Түүнчлэн далайд яваа загас агнуурын хөлөг онгоцны аюулгүй байдлыг цаашид бэхжүүлэх, далайн тээвэр, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг онцолсон байна.





























































