Өнгөрсөн бямба гариг буюу 05 дугаар сарын 20-нд Хятадын гэрлэлтийн бүртгэлийн газрын дэргэд дугаар үүсгэсэн ба зарим нь үүрийн 03:00 цагаас дугаарласан болохыг мэдээлжээ. 05-р сарын 21-ний өдөр Хятадын хэвлэлээр зарласан гэрлэлтийн бүртгэлийн тоон үзүүлэлт энгийн өдрийн ажлын ачааллаас эрс нэмэгдсэн нь тогтоогдоод байна.
2023 оны 05-р сарын 20-ны өдөр энгийн нэг амралтын өдөр. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятад улсад залуучуудын дунд энэ өдөр нь гэрлэлтээ батлуулах билигт сайн өдөр болж сошиалоор шуугьж байна.
Тав хоёр тэг тоог Хятадаар хэлэх үед “五二零” буюу “520” болно. Энэ нь Хятад үгний “ 我爱你” буюу “Би чамд хайртай” үгтэй дуудлага төстэй болох юм. Харин утгын хувьд ямар нэгэн холбоо огт байхгүй.
Дээр үед айл бүл болох гэж байгаа шинэ хос гэрлэлтээ батлуулахад лам хараар сарын сайныг сонгож өдрийн сайныг билигшээж төрдөө данслуулдаг байсан бол өнөө цагт залуу хосуудын ихэнх нь 05 дугаар сарын 20-ны өдрийг сонгох болсон нь цаг үеийн өөрчлөлтүүдийн нэг. Энэ тохиолдол зөвхөн Хятад үндэсний иргэдийн дунд харагддаг зүйл.
Сүүлийн жилүүдэд Хятадын олон хотын гэрлэлтийн бүртгэлийн газар тусгай үйлчилгээ үзүүлж, 05-р сарын 20-ны өдөр нь амралтын өдөр тохиосон ч ажлын өдөр шиг ажилладаг болоод байна. Ингэснээр гэр бүл зохиож амьдралаа босгох, гэрлэлтээ батлуулах шинэ хосууд нэмэгдсээр байна.
Саяхан өнгөрсөн 05-р сарын 20-ны өдөр Бээжин хотод 4087 шинэ хос, Шанхайд 12450 шинэ хос, Өвөр Монголд 6364 шинэ хос, Гүйжөү мужид 6873 шинэ хос, Хөхнуур мужид 1195 шинэ хос тус тус гэрлэлтийн баталгаагаа авсан тоо үзүүлэлт гарчээ.
Энэ оноос гэрлэлтийн бүртгэл ба гэр бүл салах бүртгэл “муж алсалж” хийгдэх боломжтой болсон ба 06-р сарын 01-нээс хэрэгжих юм байна. Хятадын төрийн явдлын хорооны зөвшөөрлийн дагуу туршилтын журмаар хэрэгжих газруудад Бээжин, Тяньжинь, Хэбэй, Өвөр Монгол, Ляонин, Шанхай, Жянсу, Жэжян, Аньхуй, Фужянь, Жянши, Шаньдун, Хунань, Хубэй, Гяндүн, Гунши, Хайнань, Сичуань, Шаньши, Ниншя зэрэг 21 муж хот болно.





























































