Хөгжил бол бүх асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр юм. Өнөөгийн дэлхий маш тогтворгүй, геополитикийн зөрчилдөөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлт удаашралтай байна. Дэлхийн хөгжил хэрхэн үргэлжлэх ёстой вэ? 2021 оны 09-р сарын 21-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы нэгдсэн хэлэлцүүлэгт Дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлж, хамтын ажиллагааны 8 гол салбарт анхаарал хандуулж, дэлхийн 100 гаруй улс орон, олон улсын байгууллага дэмжсэн юм. 2022 оны 06-р сарын 24-нд Ши Жиньпин дэлхийн хөгжлийн асуудлаарх өндөр түвшний яриа хэлэлцээг даргалж, Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны 32 бодит арга хэмжээг санал болгож, уг санаачилгыг дэмжих чиг хандлагыг заасан юм.
Нэг жилийн дараа эдгээр санаачилгууд хэрхэн хэрэгжиж байна вэ? Тайлангаас харахад хэрэгжилтийн тал хувь нь дууссан буюу анхан шатны үр дүнд хүрээд байна. Ядуурлыг бууруулах олон улсын төрийн бус хамтын ажиллагааны сүлжээг байгуулахаас эхлээд "Дэлхийн хөгжлийн санаачилга дижитал хамтын ажиллагааны форум"-ыг зохион байгуулах хүртэл, нийт 50 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Хятад-НҮБ-ын ХХААБ-ын өмнөд өмнөдийн 3-р хамтын ажиллагааны итгэлцлийн санг байгуулахаас эхлээд Хятад, Африкийн зорилттой туслах эмнэлгүүдийн хамтын ажиллагааны механизмыг бий болгох хүртэл олон томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь дэлхийн хөгжлийн хүчийг нэгтгэж, хөгжилд тэмүүлж буй хүмүүст итгэл найдвар төрүүлж байна.
Ядуурлыг бууруулах асуудлыг жишээ болгон авч үзье. Энэ нь Хятадын санал болгож буй хамтын ажиллагааны найман гол чиглэлийн нэгдүгээрт ордог. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад улс ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, ядуурлыг бууруулах талаар мэдлэг солилцох, амьжиргааг дэмжих төсөл хэрэгжүүлэх замаар хөгжиж буй орнуудыг ядуурлаас ангижруулахад чин сэтгэлээсээ тусалсан юм. 2022 оны 08-р сард Камбож улсын Такео мужийн Данонг тосгоны Ангкана бага сургуулийн хүүхдүүдэд Хятад улсаас "Эрүүл мэндийн тусламж багц" бэлэг гардуулав. Тус багцад амны хаалт, өдрийн хоолны сав, усны сав, лаазалсан хүнс зэрэг зүйлс байсан. Нэгэн бага ангийн сурагч "Энэ хайрын багц нь маш их хэрэгтэй юм. Хятад улс халуун сэтгэлийн хандив өгсөнд чин сэтгэлээсээ талархаж байна. Бид энэ сайхан сэтгэлийг үргэлж санаж явах болно" гэсэн байна. Энэхүү төсөл нь Камбожийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэж орон нутгийн хэвлэлүүд үзэж байна.
Хөгжил бол патент биш, харин нийтлэг эдлэх эрх юм. Дэлхийн хөгжлийн санаачилга яагаад олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх болсон бэ гэвэл энэ нь хүмүүсийн хөгжихийг хүсч буй нийтлэг ойлголтыг нэгтгэж, дэлхийн хөгжлийг дахин төвлөрүүлэхийг дэмждэгт оршино. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Хятад дахь төлөөлөгч Кан Боси:
- Энэ жил НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг дунд хугацааны үнэлгээнд оруулах бөгөөд зорилтын 30 гаруй хувь нь зогсонги байдалд ороод байна. Энэ хүрээнд дэлхийн хөгжлийн санаачилгын "хурдасгагч" үүрэг илүү тодроод байна.
Үүний зэрэгцээ Хятад улс уг санаачилгыг дэвшүүлэгчийн хувьд хэлсэн үг, хийсэн үйлдлээ тууштай баримталж, цуцалтгүй сурталчилж байна. Жилийн өмнөх дээд түвшний яриа хэлэлцээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга эв нэгдэлтэй, эрх тэгш, тэнцвэртэй, хүртээмжтэй дэлхийн хөгжлийн түншлэлийг хамтдаа байгуулахыг онцолсон юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад улс ингэж хэлж, хийж ирсэн бөгөөд сүүлийн үед гаргасан тайлан нь ч үүний төвлөрсөн илэрхийлэл юм.
Хамтын хөгжлийг дэмжихийн тулд Хятад улс санаачилга гаргаж, олон арга хэмжээ авч байна. Учир нь дэлхийн бүх улс орон үймээн давалгааг гаталж, гэрэлт ирээдүй рүү тэмүүлэхийг хүсвэл хувь заяагаа хамтатгах ёстойг Хятад улс маш сайн мэдэж байгаа. “Хэн нэгнийг далайд хаях оролдлого нь хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл юм”. Хөгжлийн замд Хятад улс ямар ч улс орон, хэн хүнийг орхигдуулахгүйн төлөө шаргуу ажиллаж байна.





























































