“Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” сэдэвтэй Хятад, Монголын IV экспо өнөөдөр буюу 09-р сарын 06-ны өглөө ӨМӨЗО-ны Хөххотод нээлтээ хийлээ.
Арга хэмжээг өнгөрсөн жилүүдэд Өвөр Монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулдаг байсан бол энэ жил Өвөр Монголын Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулж байгаа юм.


2015 онд анх зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээг 2 жил тутамд нэг зохион байгуулахаар товлосон бол ковидын улмаас 4 дэх удаагийн арга хэмжээг ийнхүү 2023 онд буюу III экспогоос хойш 4 дэх жил дээр нь нижгэр зохион байгуулж байгаа юм байна.
Арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас санаачлан зохион байгуулж байна.

Хятад, Монголын IV экспоны үзэсгэлэнгийн талбай нь нийт 920 мянган хавтгай дөрвөлжин метр байж, дэлхийн өнцөг булангаас хүрэлцэн ирсэн 35 улс, орон, Хятадын хэмжээний 27 муж хотуудаас нийт 3000 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон байна.
Арга хэмжээний хүрээнд “Хятад, Монголын IV экспо болон Умардад нээлттэй худалдаа эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ёслол”, “Умардад нээлттэй худалдаа эдийн засгийн чуулга уулзалт”, хурал уулзалт, үзэсгэлэн худалдаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг таван цуврал арга хэмжээнүүд зохиогдох бөгөөд 09-р сарын 06-10-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.





























































