
Хятад-Монголын олон улсын стандартчиллын 2 дахь удаагийн форум 09-р сарын 07-ны өдөр Хөххотод болж өндөрлөлөө. Арга хэмжээнд БНХАУ-ын Засгийн Газар, Үндэсний Стандартчиллын удирдах комисс, ӨМӨЗО-ны Зах зээлийн хяналт, удирдлагын үндэсний газар, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл, МУ-ын ЗГ-ын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын төлөөллүүд оролцож илтгэл тавьлаа.

МУ-ын ЗГ-ын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дарга н.Ууганбаяр:
- Бид хэдийгээр нэг хэлээр ярьдаггүй ч “стандарт” гэх дэлхийн хэлээр бичиж, ойлголцож хүн төрөлхтөн, улс орны хөгжлийг тодорхойлогч тэргүүлэх салбарын төлөөлөл билээ. Хүн төрөлхтөн бараа үйлчилгээний үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй байгаа энэ цаг үе бидэнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, түүнтэй харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжил буюу өнөөдрийн хэрэгцээг хангахдаа дараа үеийнхэн хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх зорилтыг хэрэгжүүлэхэд ногоон болон цахим худалдааг хөгжүүлэх нь чухал юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллаж байна.
Мөн Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү форумыг стандарт ба ногоон хөгжил нэрийн дор зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл ажиллагаа гэж хуралд оролцсон төлөөллүүд ярьж байлаа.





























































