
1949 онд БНХАУ байгуулагдаж, Хятадын ард түмэн алтаар солихгүй эрх чөлөөгөө тэмцэн олж, 1953 онд Хятад улсын хөгжил бадралын төлөө эхний таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв. Ийнхүү гурван жилийн бүтээн байгуулалтаар БНХАУ-ын хүч чадлыг дэлхийд харуулж, ард иргэдийн сайхан амьдралын үүрийн гэгээ болж, 1957 онд Үханы Хөхмөрөний том гүүр албан ёсоор ашиглалтад орсон билээ. Энэхүү гүүр нь төмөр зам, авто зам, явган хүний замыг нэгтгэн БНХАУ байгуулагдсаны дараах анхны том барилга, Хөхмөрөн дээр тавигдсан анхны гүүр болсноороо онцлог юм.
Үханы Хөхмөрөний том гүүр ашиглалтад орсноор Үхань хотын гурван сууриныг холбож, хотын хөгжлийг ихээр дэмжив. Мөн Хөхмөрөнөөр таслагдаад байсан Хятад улсын хойд болон өмнөд хэсгийг дамнасан зам тээврийн амин чухал “судал” болох одоогийн Бээжин-Гуанжөү төмөр замыг холбож улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар байна.
Нөр их хөдөлмөр, урт хугацааны судалгаа шинжилгээ, олон хүний зүрх сэтгэл шингэсэн болохоор Үханы Хөхмөрөний том гүүр олон жилийг өнгөрөөсөн ч харах мэлмийг улам бүр баясган байна. БНХАУ-ын бүтээн байгуулалтын ололт амжилтын чухал бэлгэ тэмдэг болж, 1962 онд түүний гайхамшигт дүр төрхийг Хятад улсын мөнгөн дэвсгэр дээр буулгаж, 2013 онд "Хятад улсын VII удаагийн соёлын чухал эд зүйлсийг хамгаалах нэгж"-ээр шалгарч, Үхань хотын төлөөлөх барилгын нэг болж, гадаад дотоодын жуулчид хамгийн ихээр ирж сонирхдог газар болжээ.





























































