Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дорнын цайны навчаас эхэлсэн гайхамшигт зам

Дорнын цайны навчаас эхэлсэн гайхамшигт зам

Цай үүсэж хөгжсөн түүхэн хуудас

        Хятад орныг “Цайны эх орон” гэдэг. 4000 жилийн өмнөөс Хятад хүмүүс хээрийн зэрлэг ургамалуудын анагаах ид шидийг мэдэрч, түүнийг уух болсноор эдүгээ цайны ургамалын нэр төрөл олширч, ёс заншил, газарзүйн тогтоц, цаг уурын онцлогтоо тохирсон өвөрмөц цайны соёлтой болов. Түүнээсээ улбаалан “Цайны түүх” улам бүр баяжиж ирсэн төдийгүй энэхүү анхилуун үнэрт, аагтай ундаа дэлхий дээрх хамгийн түгээмэл ундаа болж хөгжив.

        Түүх сөхвөл Сүй, Тан гүрний үеийн цайны соёл хөгжлийн гол бэлэг тэмдэг нь дугуй хэлбэртэй цай бий болсон явдал юм. Сүн болон Юань гүрний үед цайны тухай олон тооны шүлэг, дуугарч ирээд зогсохгүй цайны тариалалт, үйлдвэрлэл, худалдаанд ч томоохон ахиц дэвшил гарсан. Мин, Чин гүрний үед цайны тариалангийн талбай өргөжиж, үйлдвэрлэлийн технологийг тасралтгүй сайжруулан Хятад улсын уламжлалт соёлын чухал хэсэг болж чадсан юм. Цай нь хятад хүмүүсийн өдөр тутмын амьдрал болоод сэтгэлд гүн гүнзгий шингэсэн байдаг төдийгүй төлөв даруу, ёс суртахуунтай, гүн хүндэтгэлийг илэрхийлдэг хэмээн үздэг. Хятад улс эртнээс зочин, гийчнээ цайгаар дайлдаг нь Монголын ард түмэн ирсэн зочноо сүүтэй цайгаар дайлдагтай адил юм.

Цайны замын эхлэл цэг /Янлөүдүн суурин

        17-р зуунаас дорнын шидэт цайны анхилуун үнэр Хятадн жижигхэн тосгоноос гарч, хойд зүг рүү гол мөрөн, уул нуруу, говь, цөлийн нутгаар салхи шиг зүсэн ханхалж, Ази, Европыг сундалсан замыг гаргав. Торгоны замын дараа үүсэж хөгжин, нийт урт нь 13000 км байсан учраас энэ замыг “Түмэн газрын цайны зам” хэмээн нэрлэх болов.

        Цайны замын эхлэл цэгийн тухай олон хувилбар байдаг. Хятадын Ү-Ишань уулын цайны тариалан, Хубэй мужийн Чиби хотын Янлөүдүн суурины аль аль нь болж болох юм. Яагаад гэвэл тухай үед Хятадын өмнөт нутгийн олон газарт цайны тариалан өөр өөрийн төрөл зүйлээр хөгжсөн байдаг. Эдгээрийн дундаас бидний багаасаа л ууж өссөн “Сhuаn" гэсэн хятад үсэгтэй шахмал ногоон цай нь Хубэй мужийн Чиби хотын Янлөүдүн сууринаас төрөн гарчээ.

        Гурван зуун жилийн өмнө Түмэн газрын цайны зам дагуух улс орнууд Янлөүдүнг Хятад цайны тухай ойлголтоор төсөөлдөг. 0.7 км-ээс бага талбайтай энэ сууринд Орос, Герман, Их Британи, Япон зэрэг орны бизнесменүүд цугларч, 40 гаруй мянган хүн амтай "Хятадын цайны зах"-ыг байгуулж байсан гялалзасан түүхтэй. Янлөүдүн суурины цайны навчийг одоогийн Үхань хотын Ханкөү руу илгээж боловсруулж, ачиж, экспортолдог.
Одоо Янлөүдүн сууринд ихэвчлэн Мин, Чин гүрний үед баригдсан эртний гудамж бий. Төв гудамж нь 4 метр өргөн, 2200 метр урт, хуучин барилгыг хэвээр нь үлдээн, цайны түүхтэй холбоотой үйлдвэр худалдаа, музей, Ангил, Орос зэрэг олон улс орны хуучин шуудан, банк зэрэг тухайн үед ажил хэрэг гүйцэтгэж байсан нэгжийг эргэн тойронд үзмэр болгон тохижуулжээ. Мэдээжийн хэрэг эдгээр нь өнөөдөр жуулчид энэ жижигхэн тосгоныг зорин ирэх шалтгаан болж байгаа.

        Он жилийн нар, салхинд элэгдэн мөлийсөн хөх чулуун гудамжаар цай зөөгч тэргэний хүрдийн мөр энд тэнд дурайсаар үлдэж, биднийг тэр холын буурал түүх рүү хөтөлж байсан юм.

Цайны замын худалдаачид / Чи Шянь тосгон

        Цайны замын хөгжилд цай нийлүүлэгч болох Хятадын цайны тариалан эрхлэгч нар ба худалдаачид их хувь нэмэр оруулав. Ялангуяа Шаньсигийн худалдаачдыг дурдахгүй байхын аргагүй. Өмнөд нутгаас ирсэн үр тариа, тамхи, дарс, элсэн чихэр, даавуу, цай давс, хойд зүгээс ирсэн үхэр, хонь, тэмээ, адуу бүгд Шаньсигийн худалдаачдын гараар дамжин бараа бүтээгдэхүүн болж зарагддаг.

        Шаньси нутаг цай үйлдвэрлэдэггүй. Гэсэн ч Шаньсигийн худалдаачид бизнесийн асар их боломжуудыг ойлгож, өмнө зүгийн цай үйлдвэрлэдэг нутгуудаар очиж, эхлээд цайны навч худалдан авч, дараа нь цайны тариаланг түрээслэн, жил бүр олон мянган тариачдыг хөлслөн цай түүлгэж, хэвийн цай боловсруулах ажилд ажиллуулдаг.

        Тэр үед Шаньсигийн баян худалдаачид Хятадын цай үйлдвэрлэдэг томоохон газруудын худалдан авалт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтыг хянаж байв. Энэ нь Хятадын цайны зах зээлд нөлөөлөөд зогсохгүй тухайн үеийн Европын цайны худалдааны зах зээлийн үнэд шууд нөлөөлсөн юм.

        Бидний очсон Хятадын Шаньси мужийн Жиньжүн хотын Чи Шянь бол Шаньсигийн баян худалдаачдын нутаг. Тэдний амьдарч байсан гэр барилга нь уран нарийн хийцээрээ орчин үеийн хүмүүсийг ч шагшруулж жил бүр олон тооны жуулчид ирж сонирходог. Чяо овогтын гэр барилга, Чюй овогтын гэр барилга зэрэг архитектурын баялаг өв нь мөн амьд музей болж, тухайн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан тавилга, шаазан, уран зураг гэх мэт янз бүрийн соёлын эд зүйл дэлгэгдэж, эндээс цайны замын олон сонирхолтой үлгэр түүхүүдээс сонсон бид цайны замын чухал хаалга болох Да Жинмэнь хаалга руу аян замын жолоо эргүүллээ.

Цайны замын гол хаалга / Да Жинмэнь хаалга

        Да Жинмэнь хаалгыг МЭ 1644 онд барьсан байна. Шаньсигийн худалдаачид хаврын эхэн бүр Хятадын өмнөд болон төв нутгаас шинэ цай худалдан авч, Зянши, Хэнань зэрэг мужуудаар дамжин Жанчхүү руу тээвэрлэдэг. Жанчхүү бол ачаа тээвэр дамжин өнгөрөх цэг бөгөөд эндээс цай ачсан тэмээн жингийн цуваа Жанчхүү хот дахь Да Жинмэнь хаалгаар өнгөрөн Монголын их говь хээрийг чиглэж Орос, Монголын худалдааны замд нэвтэрдэг. Тухайн үеэс Да Жинмэнь хаалгаас эхэлсэн Жанкү их зам(Жанчхүү-Эрээн-Их Хүрээ хүрэх)бүрэлдэж, Жанчхүү хотын эдийн засгийн хөгжил дээд цэгтээ хүрч, 1909 онд Чин улсын Засгийн газар Хятадын анхны практик төмөр зам болох Бээжин-Жанчхүүгийн төмөр замыг барьж байгуулжээ. Ингэж яривал Да Жинмэн хаалга нь Мин, Чин гүрний үеэс хойших Хятадын хойд хэсгийн түүхэн гэрч болно.

        Жанчхүү хотыг гадаадынхан Хаалган (Кнааlgаn) гэж нэрлэх болсон нь бас ч учиртай. Олон улсын худалдааны үүд хаала болж тухайн үедээ ид цэцэглэж хүчээ авч байсан Да Жинмэнь хаалга өнөөдөр ч өөрийн гэсэн давтагдашгүй түүхийн үнэ цэн, дүр төрхөөрөө орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлж чамгүй их ашиг орлого оруулсаар байна. 2022 оны өвлийн олимпыг Бээжин, Хаалган буюу Жанчхүү, Яньчин гэх гурван газарт хуваарилан зохион байгуулж, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг өвлийн олимпын бамбарыг Да Жинмэнь хаалганд буухиалж байсан юм.

        Да Жинмэнь хаалгаас мордон бид цайны замын дагуу аялан аялсаар Эрээн улаа өртөөнд тухлав.

Эрээн улаа өртөө

        Энэ урт замын аянд нэгээс нөгөөд өртөөлөн хүрч, тэмээ, малаа амраан идүүлж, жинчид өөрсдөө хооллож, тэнхэрч хонодог олон өртөө бий болсон байна. Өртөө нь дандаа худаг, эсвэл гол, горхитой, тэгш талбайтай газрууд байв. Түүний нэг нь Эрээн улаа өртөө. Цай ачсан тэмээн жин Эрээн улаа өртөөгөөр өнгөрөн, Хүрээ буюу одоогийн Улаанбаатараар дамжуулан Хиагтад хүргэдэг.

        Эрээн өртөө нь МЭ 1820 онд байгуулагджээ. Түмэн газрын цайны замын үйл ажиллагаа ихэссэнээр Эрээн улаа өртөө нь цайны замын чухал зангилаа болсон байна. Тухайн үед Эрээн өртөөгөөр өдөрт 500 гаруй үхэр морины тэрэг дайран өнгөрдөг байсан гэдэг. 

        Өнөөгийн Эрээн хотын төвөөс зүүн хойно 9 км зайтай байрлалтай Эрин өртөөний дурсгалын музейг Чин гүрний сүүлч үеийн Эрээн улаа өртөөний туурийн байдалд үндэслэн, орчин үеийн эд материал болон ур хийцээр бүтээн байгуулсан атлаа хуучин өнгө онцлогийг алдагдуулалгүй бүтээжээ. Буурал түүхийн орон зайд түүх дурсгалын үнэт зүйлсийг үзүүлж, жуулчдад өртөө соёлын ид шидийг мэдрүүлж, умард нутгийн цайны зам, торгоны зам, Жанчхүүгээс \Чуулагт хаалга\ Их хүрээ хүрэх зам болон Ази, Европын эх газрыг холбосон өртөө замын тогтолцоо, тал нутгийн бизнес худалдааны соёлын тухай дэлгэн харуулсан байна.

        Мин, Чин гүрний үеийн эртний жижигхэн улаа өртөө өнөөдөр "Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридор"-ын чухал цэг, хилийн том хот болон гялалзаж байна. 

Монгол-Оросын хэсэг, цайны замын өнөө цагийн хөгжил

        Олон орны иргэдийг амтат цайгаар дайлсан энэ зам дээр үе үеийн жинчид тэмээ хөсгөө ашиглан жин тээж, амьжиргаагаа хангаж, Орос, Хятадын олон пүүс, наймаачид хөлжиж, гурван орны зам дагуух дэд бүтэц сайжирч, суурин тосгод нь хөгжиж байв. Энэ зам хэсэгтээ л Монголыг стратеги, геолополитик, тээвэр логистикийн зангилаа бүс болгож байснаараа чухал ач холбогдолтой байжээ хэмээн тооцогддог.

        ХХ зууны эхээр Төмөр зам тавьснаар Евразийг сундалж, Хятад, Монгол, Орос гурван орныг холбосон энэхүү худалдааны их жимийн тэмээн жингийн хонхны дуу холдож, замын тоос нь арилан, улаа өртөө нь түүх өгүүлэн хоцорсон ч зам дагуух улс орнуудын ард түмний найрамдалд онцгой үүрэг гүйцэтгэж, хөгжин цэцэглүүлсэн худалдаа, соёлын харилцаа одоо ч хэвээр... 

        2013 онд "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээр эртний энэхүү олон улсын худалдааны замыг дахин шинэ эрч хүчээр гэрэлтүүлж, мөн онд энэ эртний замыг сэргээхийн тулд Хятад, Монгол, Орос улс хамтран дэлхийн соёлын өвд хамруулах санаачилга гаргав. 2019 онд "Түмэн газрын цайны зам"-ыг Хятадын Соёлын дурсгалт зүйлийн товчооноос “Хятадын дэлхийн соёлын өвийн бэлтгэл нэрсийн жагсаалт”-д хамруулав.
    Түмэн газрын цайны зам нь өнөө цагт хүмүүнлэгийн ухаан, аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах шинэ боломжуудыг зам дагуух улс орон, хотуудад дахин авчирч, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад шинэ эрч хүчээр цэцэглэж байна. Өнөө болтол Хятад улс олон хөрш улстайгаа найрсаг харилцааг хөгжүүлснээр, улс орнуудад урагшлах хөгжлийг авчирсан. Мөн Цайны замын дагуух төмөр замтай зэрэгцээд авто зам ч ашиглалтад орсон. Орос ба Хятадыг холбосон агаарын зам ч мөн энэ маршрутын дээгүүр өнгөрдөг.

        Жижигхэн цайны навчаас үлгэр түүх эхэлсэн энэ зам өнөөдөр олон өнгө, амт, утга, хэлбэийг өөртөө шингээн дэлхийд агуу гайхалтай түүхийг бичиглэхээр шийдлээ.

Зохиогч:Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:4028
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7