Өглөөний 09 цаг. Улаанбаатар хотод цаг агаар тогтуун байлаа. Зочин болох Монгол Улсад 30 орчим жил ажиллаж амьдран суугаа "Хүрэл Интернэшнл групп”-ийн захирал С.Хүрэлтэй ярилцахаар ийнхүү эртлэн зорьж яваа нь энэ.

С.Хүрэл гэж Хятадын ӨМӨЗО-ы Түнляо хотын Хүрээ хошууны уугуул. Тэрээр 1998 онд Хятадын Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын ангийг дүүргэн Монгол Улсад ирж, Бээжин хотын Оёдол сүлжмэлийн компанийн Монгол Улс дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээр түүний ажил үйлс босгосон түүх эхэлдэг.
-Би Монголд анх оёдлын үйлдвэр ажиллуулж, бүтээгдэхүүнээ АНУ-д экспортлосноор бизнесийн гараагаа эхэлсэн. Энэ бизнес маань удаан үргэлжлээгүй. АНУ руу бүтээгдэхүүн экспортлоход хүндрэлтэй болсон үе л дээ. 1999 оны 12-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод “Хүрэл Интернэшнл” ХХК-ийг байгуулж эрчим хүчний салбарт хөл тавьсан. Энэ салбар суралцаж, судлах ажил ихтэй хариуцлагатай салбар. Том том бүтээн байгуулалтад чадах чинээгээрээ оролцож ирлээ. Монгол Улсын хамгийн том "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмж, сэлбэг нийлүүлэлтийн ажлыг хийж байлаа. Мөн станцын хүчин чадлыг нь Хятадын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан 20 МВт-аар нэмэгдүүлж,100 МВт болгох өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүгдээс Хятад, Монгол хоёр улсыг эрчим хүчээр холбох ажил дээр төвлөрч ажиллах нь илүү үр өгөөжтэй, бүтээн байгуулалтын ажил гэдгийг ойлгосон доо. Тус групп нь өргөжин тэлж олон улсын худалдаа, барилга, тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энд “Нарийн сухайт эрчим”, “Умардын Эрчим Инженеринг”, “Шинэ Умард” ХХК-ийг дурдаж болох юм. Сүүлийн жилүүдэд Хятад Монголыг эрчим хүчээр холбох ажил дээр түлхүү анхаарч ажиллаж эхэлсэн байна. БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлон эрчим хүчний эх үүсвэргүй гурван сум болох Гурван тэс, Ноён, Сэврэй сумдын айл өрх, аж ахуйн нэгж, Нарийн сухайтын бүлэг ордын нүүрсний уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 50 сар буюу 1521 хоногт шуурхай ажиллан, энэ оны 7-р сарын 18-ны өдөр албан ёсоор ашиглалтад оруулсан гэж С.Хүрэл захирал ярилаа.
Тус компанийн хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Дарханы дулааны цахилгаан станцын 50 гаруй жил ашиглан, ашиглалтын хугацаа нь дууссан, техникийн хувьд хоцрогдсон тоног төхөөрөмжийг БНХАУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчлэн солих, иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажил юм. Мөн 2015 онд Монгол–Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 48 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна.

Тус группийн “Умардын Эрчим Инженеринг” ХХК нь цахилгаан эрчим хүчний барилга байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих тусгай зөвшөөрөлтэй, угсралт, бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн компани юм. Үндсэндээ эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, шинэчлэх, засварлах болон эдгээртэй холбоотой дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг юм байна. 35/0.4 кВ-ын дэд станц суурилуулах, цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт эрхлэхээс гадна бүс нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, түүнчлэн цахилгаан болон барилгын материалын импортын худалдаа эрхэлдэг.
“Шинэ Умард” ХХК-ийн хувьд үндсэн үйл ажиллагаа нь нүүрс баяжуулах, тээвэр ложистикийн цогц үйлчилгээг хамарсан бөгөөд олборлолтоос эцсийн хэрэглэгч хүртэлх үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхэд чиглэдэг. Жилд хоёр сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулан, илчлэг өндөртэй, баяжуулсан нүүрсийг дотоодын томоохон хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж байгаа аж. Монголын нүүрсний арвин нөөцөд тулгуурлан тус компани нүүрсэн бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх, нөөц ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Нэгдсэн үйл ажиллагааны загварыг хэрэгжүүлснээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд чанарын хяналтыг хангаж, хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг бүрдүүлдэг.
“Хүрэл Интернэшнл групп” нь ийнхүү цахилгаан эрчим хүчний томоохон төслүүдийг үр бүтээлтэй хэрэгжүүлснээр Монгол Улсын уул уурхайн салбар болон ард иргэдийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад бодитой, үр өгөөжтэй ажлыг тасралтгүй хийж ирсэн байна.

Одоо болоход эдийн засаг, бизнесийн чиглэлээр хэвлэн нийтлэгддэг “Бизнесийн мэдээ” сонин, цахим мэдээллийн сайт мөн танин мэдэхүйн телевизтэй болжээ.
-Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн харилцаа төдийлөн идэвхтэй, ойлголцол сайтай байгаагүй цаг үед хоёр орны харилцаанд зөв ойлголт түгээх, иргэд хоорондын харилцаа, итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор тус групп ньхэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж эхэлсэн байв. Сониноороо дамжуулан хөрөнгө боломжтой хүмүүст хөрөнгөө зөв өсгөх гарц, боломжийг танилцуулахын зэрэгцээ, санхүүгийн боломж багатай ч үйлдвэрлэл эрхлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд хэрхэн үйлдвэрлэл эрхэлж, орлого олох талаар мэдээлэл хүргэж, зөвлөн зуучилж ирсэн. Сонин маань долоо хоног тутамд хэвлэгдэж, захиалагчийн тоогоороо Монголдоо эхний тавд багтдаг байлаа. Дараа нь өргөжиж олон улсын радио, танин мэдэхүйн телевиз мөн хэвлэх үйлдвэртэй ч болсон. Дэлхийн гол гол гэсэн эдийн засаг, бизнесийн мэдээллийг радио болон телевиз, сониноороо дамжуулан мэдээлдэг гэж С.Хүрэл захирал ярилаа.
2018 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан Өвлийн олимпийн наадмын мэдээллийг Монголын үзэгч, сонсогчдод хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж, олимпийн сүлд дууг монгол хэлнээ орчуулан Монголын олны танил дуучдаар дуулуулж, клип хэлбэрээр бүтээсэн. Уг бүтээлийг Хятадын CCTV сувгаар цацсан бөгөөд 46 сая үзэгч хүлээн авч үзсэн гэдэг.
Энэ мэтээр Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлд багагүй хувь нэмэр оруулсан сайхан түүхтэй.
-Монголд хамгийн анхны талх хэрчигч машин, нэг удаагийн савалгаатай тарагны үйлдвэр, ажлын бээлий, нэг удаагийн аяга, хаягдал дахин боловсруулж 100 жилийн настай тоосго үйлдвэрлэх тоног төхөөрөмж, хаяг шошго хэвлэгч, хаягдал дугуйг дахин боловсруулж хавтан үйлдвэрлэх машин тоног төхөөрөмж гээд олон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалагчийнхаа хүсэлтээр багагүйг нийлүүлсэн. Мөн Европын технологиор Хятадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлдэг байсан гэж С.Хүрэл захирал ярив.
"Хүрэл Интернэшнл групп” нь анх оёдол, сүлжмэлийн үйлдвэр байгуулан бизнесийн гараагаа эхлүүлж байснаа өдгөө хэвлэл мэдээлэл, эрчим хүч, тээвэр зуучлалын гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
С.Хүрэл захирлын хувьд завгүй, эрчтэй ажлын өдрүүд тасралтгүй үргэлжилж, ийнхүү шинэ онтой золгож байна. “Хүн хоорондын ойлголцол маш чухал. Манай уриа бол “ИТГЭ, ЗҮТГЭ, ЭДЛЭ”. Хоёр улс харилцан бие биедээ итгэлцсэн суурин дээр зүтгэж ажиллавал, түүний үр шимийг хамтдаа эдэлнэ” хэмээн компанийнхаа зорилго, үнэт зүйлийг тодорхойлсон билээ.





























































