БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оны 12-р сарын 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Одоо та бүхэнд энэхүү мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

Сайн байцгаана уу? Цаг хугацаа улиран одож, шинэ он солигдох боллоо. Энэ мөчид миний бие Бээжин хотоос та бүхэнд шинэ оны сайн сайхны ерөөл дэвшүүлж байна.
2025 он бол Хятад улсын “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний сүүлчийн жил юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид итгэл зоригоо хөвчлөн, хичээн зүтгэж, хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, товлосон зорилтоо бүрэн дүүрэн амжилттай биелүүлж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийн шинэ аяндаа баттай алхамыг хийж чадлаа. Хятадын эдийн засгийн нийт хэмжээ жил дараалан үрсэнгүй өсөж, энэ онд 140 их наяд юаньд хүрэх төлөвтэй байж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, батлан хамгаалалт, тэрчлэн улс орны ерөнхий бодит хүчин шинэ шатанд ахиж, “Номин ногоон уул ус нь алт мөнгөн эрдэнэ” хэмээх үзэл баримтлал биелэлээ олж, ард иргэдийн аз жаргалтай, аюлгүй амьдралын мэдрэмж тасралтгүй дээшилсэн байна. Өнгөрсөн таван жилийн замнал ер бусын замнал байж, бидний олсон амжилт амаргүй байлаа. Та бидний шантрашгүй хичээл зүтгэлээр эх орон маань хөгжин цэцэглэж, мандан бадарч чадлаа. Энэ ялдамд миний бие эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хичээнгүй зүтгэл гаргасан та бүхэндээ эрхэм дээд хүндэтгэл дэвшүүлж байна!
2025 онд бидэнд маш олон мартагдашгүй үйл явдал тохиолоо. Бид Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн Фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Тайвань эх орныхоо мэдэлд шилжсэний тэмдэглэлт өдрийг албан ёсоор тогтоон тэмдэглэсэн юм. Тэмдэглэлт арга хэмжээ сүр жавхлантай явагдаж, ялалтын яруу алдар түүхэн хуудаснаа үүрд тэмдэглэгдэн үлдэж, Хятадын ард түмэн түүхээ бат цээжлэх, үрэгдсэн баатруудаа дурсан санагалзаж, энх тайвныг нандигнан эрхэмлэж, ирээдүйгээ нээж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын хүчирхэг эрч хүчийг нягтруулсан юм.
Бид инновацаар чансаатай хөгжилд хүчин нэмлээ. Улс орны шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэр гүнзгий уялдаж, инновацын ололт амжилт тасралтгүй цолгорон гарч, хиймэл оюуны том загварын өрсөлдөөн өрнөж, чипийг бие даан судлан хөгжүүлэх ажилд томоохон ахиц дэвшил гарч, Хятад улс инновацын хүчин чадал хурдтай дээшилсэн эдийн засгийн цогцын нэг боллоо. Сансар судалгааны салбар эрчтэй хөгжиж, “Тянь Вэнь-2” аппаратыг хөөргөж, Ярлун-Цанпо мөрний доод урсгалын усан цахилгаан станцын төслийн байгуулалт эхэлж, анхны цахилгаан соронзон катапульттай нисэх онгоц тээгч хөлөг онгоц албан цэрэг армийнхаа жагсаалд нэгдлээ. Мөн хүн дүрст робот, дрон зэргийн техник мэргэжил шинэ амжилтууд гаргалаа. Инновацад тулгарласан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин хөгжиж, бидний амьдралыг улам баялаг гайхамшигтай болгож байна.
Бид соёлоор оюун санааны гэр орноо бүтээн байгуулж байна. Соёл урлагийн үзэсгэлэн яармаг, биет бус соёлын өв зэрэг нь залуучуудын дунд хамгийн том “моод” болсон юм. Дэлхийн соёлын өвд шинэ өвүүдээ бүртгүүлж, Ү Күн, Нэ Жа зэрэг кино урлагийн бүтээл дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан байна. Соёл, аялал жуулчлалын зах зээл хөгжөөнтэй байж, “хотын хөл бөмбөгийн лигийн тэмцээн”, “тосгоны хөл бөмбөгийн лигийн тэмцээн” зэрэг спортын арга хэмжээ нь халуун цэг болж, мөс цасны спорт нь өвлийн улирлын аялал жуулчлалыг хөгжөөнтэй болгов. Уламжлалт болон орчин үеийн элементүүдтэй уялдан, Хятадын соёл иргэншил улам гэрэл цацрангуй болж байна.
Бид сайн сайхан амьдралыг хамтаар бүтээж, хамтдаа хуваалцаж байна. Би Түвд, Шиньжянд ажиллаж тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцсон. Цастын өндөрлөгөөс Тэнгэр уул хүртэл тархан нутагшсан үндэстнүүдийн ард түмэн анар жимсний үр мэд нягтран нэгдэж, алд цагаан хадгаа барин, дуулан бүжиглэж, эх орон, аз жаргалт амьдралаа магтан дуулж буйг харлаа. Иргэдийн амьжиргаатай холбоотой асуудалд том жижиг гэж үгүй, бүгд чухал байдаг юм. 2025 онд шинээр ажлын байраар хангагдсан хүмүүсийн эрх ашиг улам баталгаажиж, ахмад настнуудад чиглэсэн өөрчлөлт шинэчлэлтүүд тэдэнд асар их дөхөм дөт нөхцөлийг бүрдүүлэн, нялх нярай хүүхэдтэй айл өрхүүдийн сарын тэтгэмж 300 юаниар нэмэгдсэн юм. Иргэд олон түмний гэдэс цатгалан, мөр бүтэн амьдралыг хангаж байж л эх орон минь улам хөгжин дэвжих болно.
Ирээдүйд бид улам нээлттэй, багтаамжтай сэтгэлгээгээр даян дэлхийд хөгжих болно. ШХАБ-ын Тяньжиний чуулга уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, Хайнань аралд бүхэлд нь чөлөөт худалдааны бүсийн дүрмийг хэрэгжүүллээ. Цаг уурын өөрчлөлтөд улам сайн дасан зохицохын тулд бид улс орныхоо нөхцөл байдалд зохицсон үр дүнтэй шинэ арга бодлогуудыг нийтэлж хэрэгжүүллээ. Миний бие дэлхийн хөгжлийн тухай дөрөвдөх санаачилгаа буюу дэлхийн засаглалын санаачилгаа дэвшүүлж, улам шударга голч, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог байгуулах ажлыг ахиулахыг хичээлээ. Өнөөдрийн дэлхий ертөнцөд ээдрээн будлиантай нөхцөл байдал давхцаж, зарим бүс нутаг дайны хөлд нэрвэгдээд байна. Тиймд Хятад улс үүрд түүхэн хөгжлийн зөв талд зогсож, дэлийн улс орнуудтай хамтран энх тайван хөгжлийг ахиулж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг цогцлоохын тулд хичээн ажиллахад бэлэн байна.
Саяхан би Бүх Хятадын Спортын Наадмын нээлтэд оролцлоо. Гуандүн, Хонконг, Макао гурван бүс эв санаа нэгтэйгээр нэгэн чигт урагшлан хөгжиж буйг хараад маш их баярласан юм. Бид эрхбиш “Нэг улс, хоёр систем”-ийн бодлогыг тууштай баримталж, Хонконг, Макао эх орныхоо хөгжлийн ерөнхий төлөв байдалд уялдан нэгдэж, тогтвортой хөгжихийг сайтар дэмжих хэрэгтэй. Тайванийн хоолойн хоёр эргийнхэн бол эх орон нэгтэй ахан дүүс байж, эх орны нэгдлийн түүхэн чиг хандлагыг хэн ч хориглож чадахгүй.
ХКН-аа хүчирхэгжүүлж байж л эх ороо хөгжүүлж чадна. Бид ХКН-ын Төв хорооны “Найман зүйлт дүрэм”-ийн зориг санааг гүнзгий суралцан, намаа чанга удирдан чандлан засаж, авилгатай тэмцэж, дотоод өөрчлөлт шинэчлэлтийг ахиулснаар намын дотоодын уур амьсгал, сахилга дүрэм улам сайжирсан байна. ХКН-ын гишүүд уг санаагаа умартахгүйгээр үүрд хичээн зүтгэж байж л “Янь-Аний нүхэн гэрийн асуулт”-ад үргэлжлүүлэн хариулт өгч, ард түмэндээ үнэнч шударга үйлчлэх цаг эриний шалгалтад хариулт өгч чадна.
2026 онд “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил тохиож байна. Бэлтгэлтэй хүн л амжилтад хүрдэг. Бид үүрэг, зорилтоо тодорхойлж, итгэл үнэмшлээ бататган, чансаатай хөгжлийг тогтвортой урагшлуулж, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, нийт ард түмнээ баян чинээлэг амьдруулж, улмаар Хятадын шинэ гайхамшгийн бүтээх ёстой.
Мөрөөдөл өвөрлөн аялахад зам ойрхон. Замын холд зоригоо хөвчилж аялах ёстой. Бид хамтдаа хурдан хүлгээ ташуурдан, түмэн агтын түвэргээнээр аз жаргалын зүг урагшилж, сайн сайхан мөрөөдлөө биелүүлцгээе.
Шинэ оны хонхны дуу удахгүй дуугарах гэж байна. Эх орны маань уул уус нь сүрлэг сайхан, ургац хураалт нь элбэг байх болтугай. Эгэл түмэн минь сэтгэл тэнүүн, үйлс бүтэмжтэй, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай!





























































