
XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын IV чуулган гуравдугаар сарын 05-ны өглөө Бээжинд нээгдэв. Найман өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулганы үеэр Хятадын нутаг нутгийн үндэстнүүд болон олон салбарын БХАТИХ-ын 2700 гаруй төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг хянаж, Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, “БНХАУ-ын Экологийн орчны тухай хуулийн төсөл”, “БНХАУ-ын үндэстний эв нэгдэл, дэвшлийг дэмжих тухай хуулийн төсөл”, “БНХАУ-ын үндэсний хөгжлийн төлөвлөлтийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж, Дээд Ардын шүүх болон Дээд Ардын Прокурорын ажлын тайланг хянан, 2026 оны үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл, төв болон орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэнэ.

БХАТИХ нь БНХАУ-ын төрийн эрх мэдлийн дээд байгууллага юм. Бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжилдэг бөгөөд жил бүр нэг удаа чуулж, улсын томоохон бодлого, хууль тогтоомж, чухал албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Энэ нь Хятадын ард түмний төрийн эрх мэдлээ хэрэгжүүлдэг хамгийн дээд хэлбэр бөгөөд Хятадын онцлогтой социалист ардчиллын чухал илрэл юм.

2026 он бол Хятадын Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жил юм. БХАТИХ нь "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийн төслийг хянан хэлэлцэх бөгөөд УТЗЗ-ийн БХХ мөн төслийн хүрээнд өргөнөөр зөвлөлдөн, санал дэвшүүлж, үндэсний хөгжлийн төлөвлөгөөг хамтдаа боловсруулах болно.































































