solongonews
ТҮҮХИЙГЭЭР НЬ ХЭРХЭВЧ БҮҮ ИД! Ердөө амтлаад үзэхийг хүссэн ч шимэгч хорхой бие махбодод чинь нэвтрэн орж болзошгүй!
2026-11-06 11:01
Намрын шаргал өдрүүд ирж, сам хорхой идэх улирал дахин эхэллээ. Цэнгэг усны сам хорхойг олон янзаар боловсруулан идэж болдог бөгөөд зарим хүмүүс шинэхэн амтыг мэдрэхийн тулд согтууруулах ундаагаар дарсан сам хорхой, хавч зэргийг түүхийгээр нь иддэг. Гэвч уушгины шимэгч хорхой хэмээх нууцлаг «урилгагүй зорчин» эдгээр түүхий даршилсан амттантай хамт хүний биед нэвтэрч, хэдэн арван жилээр үргэлжлэх шимэгчлэлийн амьдралаа эхлүүлж болзошгүй юм.

Нэг. Урилгагүй «зочин» болох уушгины шимэгч хорхой гэж юу вэ.

Уушгины шимэгч хорхойг мөн парагонимус (Paragonimus) гэж нэрлэдэг бөгөөд хүний биеийн янз бүрийн хэсэгт шимэгчилж чаддаг хавтгай биетэй паразит хорхой юм.

Нас бие гүйцсэн уушгины шимэгч хорхой ердөө 7.5–12 мм урт, 4–6 мм өргөн байдаг хэдий ч 10, бүр 20 жил хүртэл амьдрах чадвартай.

Түүний амьдралын мөчлөг нэлээд ээдрээтэй бөгөөд хөгжлийнхөө явцад гурван удаа эзэн биеэ сольж байж амьдралын мөчлөгөө бүрэн дуусгадаг. Харин хүний бие нь нас бие гүйцсэн уушгины шимэгч хорхойн эцэст нь шилжин байрлах боломжтой орчны нэг юм.

Хоёр. Уушгины шимэгч хорхойн хүний биед нэвтрэх "эрх"

Уушгины шимэгч хорхойн хөгжлийн үйл явц хэдийгээр нарийн төвөгтэй боловч байгалийн орчноос хүний биед нэвтрэхэд ердөө нэг чухал «нэвтрэх эрх» хэрэгтэй байдаг. Энэ нь түүхий болон дутуу болгосон сам хорхой, хавч идэх, эсвэл шимэгчээр бохирдсон ус уух явдал юм.

Хэрэв эртний Грекчүүд Троя хотыг эзлэхийн тулд модон морийг ашигласан гэвэл уушгины шимэгч хорхойн уйланхайт авгалдай нь амттай харагдах түүхий даршилсан сам хорхой, хавчин дотор нуугдан, биднийг өөрсдөө амандаа хийх мөчийг хүлээн байдаг гэсэн үг юм.

 


Гурав. Удаан хугацаанд үргэлжлэх халдварлалт ба эрхтэн эдийг эзлэн гэмтээх үйл явц

Уушгины шимэгч хорхойн метацеркари (уйланхайт авгалдай) хүний биед орсны дараа хоол хүнсний гаднах өнгөлөн далдлалтыг даван туулж, арван хоёр нугалаа гэдсэнд хоол боловсруулах шүүстэй тулгарна. Улмаар уйланхайн хана задарч, залуу авгалдай гадагшилна. Үүний дараа бие махбод дотор нүүдэллэн, янз бүрийн эд, эрхтэнд нэвтрэн байрших үйл явц эхэлдэг.

Уушгины шимэгч хорхойн авгалдай гэдэсний ханыг нэвтлэн хэвлийн хөндийд шилжинэ. Дараа нь өрцийг давж цээжний хөндийд орж, эцэст нь уушгинд байршин халдвар үүсгэдэг. Үүний улмаас хэвлээр өвдөх, цээжээр өвдөх, халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрэх болно.

Түүнчлэн уушгины шимэгч хорхой тархинд нэвтэрч толгой өвдөх, бөөлжих шинж тэмдэг үүсгэх, арьсан дор байрлаж арьсан доорх зангилаа, овгор үүсгэх, элэг болон хэвлийн хөндийд нэвтэрч хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илрүүлэх боломжтой.

Дөрөв. Уушгины шимэгч хорхойн өвчнөөс сэргийлэх дараах алхмуудыг мөрдөөрэй

Цэнгэг усны сам хорхой, хавчийг сайтар чанаж идэх — 100°C-аас дээш температурт бүрэн болгож, түүхийрүүлэлгүй хэрэглэнэ.

Түүхий болон болсон хүнсний бүтээгдэхүүнд тус тусад нь гал тогооны хэрэгсэл ашиглах — Түүхий хавч боловсруулахад хэрэглэсэн хутга, хэрчих модыг болсон хүнсний бүтээгдэхүүнд ашиглахгүй байж, дам халдварлахаас сэргийлнэ.

Түүхий ус уухгүй байх, цэвэрлэгээг тогтмол хийх — Хээр гадаа явахдаа түүхий ус уухгүй байх, гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.


Тав. Онцгойлон анхаарах зүйл

Уушгины шимэгч хорхойн өвчин нь оношлоход амаргүй, өөр өвчинтэй андуурагдах магадлалтай шимэгчийн гаралтай өвчин юм. Энэ нь тухайн өвчний тархалтын онцлог болон дүрс оношилгооны шинж тэмдгүүдтэй холбоотой. Халдвар авсан зарим хүнд ямар нэгэн шинж тэмдэг огт илрэхгүй байж болно. Харин ханиалгах, халуурах, ядрах зэрэг ерөнхий шинж тэмдгийг эмнэлзүйн үзлэг, шинжилгээний явцад анзааралгүй өнгөрөөх тохиолдол бий.

Цэнгэг усны сам хорхой, хавчийг түүхийгээр эсвэл дутуу болгож идэх зуршилтай хүмүүст уушгины шимэгч хорхойн халдварын шинжилгээг цаг тухайд нь хийлгэхийг зөвлөж байна. Холбогдох шинж тэмдэг илэрвэл заавал эмнэлэгт хандаж, өмнө нь ямар хүнс хэрэглэж байсан талаарх мэдээллээ эмчид тодорхой хэлэх хэрэгтэй.

Архи, цуу, шар буурцгийн сүмс зэрэг амтлагчаар даршлах нь уушгины шимэгч хорхойн метацеркари (уйланхайт авгалдай)-г устгаж чаддаггүй. Цэнгэг усны сам хорхой, хавчийг аюулгүй хэрэглэх цорын ганц найдвартай арга нь 100°C болон түүнээс дээш температурт сайтар халааж, бүрэн болгох явдал юм.

Зохиогч: БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Шимэгчийн өвчин судлалын хүрээлэнгийн ажилтан Жао Лүюань

 


Редактор : Д.МӨЧИР
Зохиогч: Жао Лүюань
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл