solongonews
“Ногоон бүтээгдэхүүнээ хил давуулан борлуулах” арга хэмжээ Шанхай хотод зохион байгуулагдлаа
2026-11-10 10:29
Захиалгын гэрээний үнийн дүн 480 сая юаниас давж, “Ногоон бүтээгдэхүүнээ хил давуулан борлуулах” хэрэглээний хамтын ажиллагааны арга хэмжээ анх удаа Шанхай хотод зохион байгуулагдлаа

Саяхан 2026 оны “Ногоон бүтээгдэхүүнээ хил давуулан борлуулах · Шанхайд уулзацгаая” арга хэмжээ болон Бээжин, Өвөр Монголын хэрэглээний хамтын ажиллагааны зургаа дахь удаагийн худалдан авалт, сурталчилгааны арга хэмжээ Шанхай хотод амжилттай өндөрлөлөө. Энэ нь “Ногоон бүтээгдэхүүнээ хил давуулан борлуулах” цуврал хэрэглээний хамтын ажиллагааны арга хэмжээ Шанхай хотод анх удаа зохион байгуулагдсан тохиолдол юм.

Тус арга хэмжээг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн газар, Соёл, аялал жуулчлалын газар, Зах зээлийн хяналт, зохицуулалтын газар, Бээжин дэх Өвөр Монголын төлөөлөгчийн газар, Шанхай дахь Өвөр Монголын төлөөлөгчийн газар, мөн Бээжин хотын Хөдөө аж ахуй, хөдөөгийн асуудал эрхэлсэн газар, Бээжингээс Өвөр Монголд томилогдон ажиллаж буй наймдугаар ээлжийн туслах баг, Шанхай хотын Хамтын ажиллагаа, солилцооны алба хамтран зохион байгуулжээ.

Арга хэмжээ нь Шанхай хотын олон улсын хэрэглээний төв хотын зах зээлийн чадавх, худалдаа, логистикийн зангилаа төвийн олон талт сувгууд, Хөх мөрний гурвалжин хойгийн өргөн уудам хэрэглээний зах зээлийн давуу талд тулгуурлан, Өвөр Монголын чанартай, ногоон хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг холбож, илүү өргөн зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх зорилготой.

 
Арга хэмжээний үеэр Бээжин, Өвөр Монгол, Шанхай болон бусад бүс нутгийн томоохон худалдан авагч аж ахуйн нэгжүүд хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах нийт 480 сая юаниас давсан үнийн дүн бүхий гэрээ, хэлэлцээр байгуулж, Өвөр Монголын бүтээгдэхүүнийг Шанхайд нийлүүлэх, улмаар гадаад зах зээлд гаргах борлуулалтын сувгийг улам өргөжүүлэв.

 
Мөн арга хэмжээний үеэр Шанхайн Вайтань орчимд байгуулсан аймаг, хотуудын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны бүс олны анхаарлыг ихэд татжээ. Өвөр Монголын нийт 120 гаруй аж ахуйн нэгж үхэр, хонины мах, сүүн бүтээгдэхүүн, будаа, гурил, хүнсний тос зэрэг хүнсний бүтээгдэхүүн болон гар урлалын бүтээлүүдийг багтаасан 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж, олон тооны хэрэглэгчийг татан, бүтээгдэхүүнээ амтлуулж, сонгон худалдан авах боломж олгосон байна.

Сүүлийн жилүүдэд Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагааны механизмд тулгуурлан, хоёр тал Бээжин, Чүнчин, Ханжөү, Шэньжэнь зэрэг хотод “Ногоон бүтээгдэхүүнээ хил давуулан борлуулах” хэрэглээг дэмжих, бөөнөөр худалдан авах болон сурталчилгааны арга хэмжээг дараалан зохион байгуулжээ. Үүний үр дүнд Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын нийт хэмжээ 150 тэрбум юаниас давсан байна. Энэ оны эхнээс хойш борлуулалтын хэмжээ 31.6 тэрбум юаньд хүрч, түүхэн дээд амжилтаа дахин шинэчилжээ.
 
Мэдээлснээр, энэ удаагийн арга хэмжээ 11
-р сарын 6-нд Шанхай хотод нээлтээ хийсэн байна. Арга хэмжээний үеэр Өвөр Монголын аймаг, хотууд ээлж дараалан өөрсдийн онцлогийг харуулсан сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулж, онцлог бүтээгдэхүүний танилцуулга, бөөнөөр худалдан авах захиалгын гэрээ байгуулах, цахим худалдааны шууд дамжуулалт болон харилцан амталгаа зэрэг олон хэлбэрээр давуу тал, онцлог бүтээгдэхүүнээ сурталчилжээ. Ингэснээр Өвөр Монголын чанартай, ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн илүү олон бүтээгдэхүүнийг Хөх мөрний гурвалжин хойгийн өргөн уудам зах зээлд хүргэхэд түлхэц болсон байна.Түүнчлэн Өвөр Монголын онцлог соёл урлагийн хоёр тоглолт зохион байгуулагдсан бөгөөд Улаанмөчирийн уран бүтээлчдийн гайхалтай тоглолт үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм. Тоглолтыг газар дээр нь нийт 60 мянга орчим иргэн үзэж сонирхсон бол цахим шууд дамжуулалтын үзэлт, хүртээмж 2 саяас давсан байна.

 


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : nmgnews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл