
Зун болохоор хүмүүс жиндээ анхаарч, галбирлаг, гоолиг биетэй болохыг хүсдэг. Гэвч зарим нь ихээхэн чармайлт гаргасан ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Энэ нь чухам ямар шалтгаантай вэ?
Энэ тухай Хятадын Залуучуудын Сонины Нийгмийн судалгааны төвөөс хийсэн судалгаанд 1338 хүн оролцсон юм. Судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь удаан суух, тогтмол бус унтах нь жингээ хянах үйл явцад саад болдог гэж хариулсан байна. Мөн 68.3 хувь нь жингээ барихыг "Богино хугацааны ажил" гэж үзэхээс зайлсхийхийг санал болгосон бол 62.9 хувь нь дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүйгээр зөвхөн хоолны дэглэмээ хянах нь хангалтгүй гэдгийг онцолсон байна. Цаашилбал, судалгаанд оролцогчдын 88.1 хувь нь эрүүл амьдралын хэв маягийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг зөвлөжээ. Мэдээллийн ажилтан Жан Шин:
- Ажилдаа гарахаар компьютерийн өмнө удаан сууж, дасгал хөдөлгөөн багатай байдаг. Ажил ихсэхээр хооллохоо ч мартчихдаг, зөвхөн их өлссөн үедээ хэт их идэж, заримдаа дотор муухайрдаг гэж хэлэв.
Тэрээр жилийн турш жингээ бууруулахыг оролдсон ч удаан суух, тогтмол бус хооллох, нойр дутуу байх зэрэг шалтгааны улмаас жин нь удаан буурч байжээ.

Жингээ хянахад та ямар саад бэрхшээлтэй тулгардаг вэ?
Судалгаанд оролцогчдын дунд удаан хугацаагаар суух, хөдөлгөөн багатай байх, ажил, амьдралын өндөр ачаалал, цагийн хуваарь тогтмол бус байх нь гол саад болдог гэж үзсэн байна. Харин нөгөө хэсэг нь мэргэжлийн зөвлөгөө дутмаг, жингээ хянах арга нь шинжлэх ухааны үндэслэлгүй байдаг гэж онцоллоо. Мөн зарим нь амттан, түргэн хоол, хөнгөн зуушны уруу таталтад амархан автдаг гэж хариулсан байна.
Яан Лижүн тавин нас дөхөж яваа бөгөөд хоол хүнсээ зохицуулан жингээ бууруулахыг хичээдэг байсан ч урт хугацаанд тууштай баримтлахад хүндрэлтэй, заримдаа хоолны дуршлаа барихад бэрх байдаг байжээ. Харин хожим нь дасгал хөдөлгөөнийг хавсарган хийснээр илүү үр дүнтэй болсон байна. Тэрээр:
- Нас ахихын хэрээр жингээ бууруулсан ч залуу үеийнх шиг булчин чанга байдаггүй. Тиймээс булчингаа чангалж, биеийн ерөнхий байдлаа сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн маш чухал. Мөн дасгалын дараа бодисын солилцоо хурдасдаг нь шим тэжээлийн шингээлтэд эерэг нөлөөтэй гэж зөвлөж байна.

Жингээ хянахдаа ямар буруу ойлголтоос зайлсхийх хэрэгтэй вэ?
Судалгаанд оролцогчдын 68.3 хувь нь жингээ барихыг "Богино хугацааны ажил" гэж үзэхээс зайлсхийхийг санал болгосон бол 62.9 хувь нь дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүйгээр зөвхөн хоолны дэглэмээ хянах ёсгүй гэж онцолсон байна. Мөн 55.6 хувь нь зарим хүн эрүүл жингийн тухай зөв ойлголтгүй, сохроор жин хасахыг оролддог гэж тэмдэглэжээ. Харин 51.0 хувь нь хэт их "илчлэгийг хянах", "хоол тэжээлийн тэнцвэр"-ийг үл тоомсорлохоос зайлсхийхийг зөвлөсөн бол 23.9 хувь нь жин хасах хэт туйлширсан аргуудад найдахаас зайлсхийхийг зөвлөсөн байна.
Хятадын Ардын Их Сургуулийн Биеийн тамирын хэлтсийн дэд профессор Ли Лин ижил жинтэй, төстэй биеийн галбиртай хүмүүс ч бие махбодын хувьд эрс ялгаатай байж болохыг онцолжээ. Тэрээр хүн бүрийн биеийн онцлог өөр өөр байдаг тул жингийн менежментийг хувь хүний нөхцөл байдалд тохируулан, шинжлэх ухааны үндэслэлтэй хоолны дэглэмд онцгой анхаарах хэрэгтэйг сануулсан байна. Мөн жин хасахын тулд удаан хугацаанд "нүүрс усгүй" хоолны дэглэм барих нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй жин хасахад төдийлөн үр дүнтэй биш гэдгийг дурджээ.
Биеийн тамирын тухайд олон хүн фитнест явж, хүндийн жин өргөхийг хамгийн үр дүнтэй гэж боддог. Гэвч өдөр тутмын амьдралдаа чөлөөт цагаараа ашиглан тогтмол хөдөлгөөн хийх нь мөн эрүүл мэндийг сайжруулахад тустай бөгөөд хамгийн чухал нь тууштай хэвшилтэй байх явдал юм.
