solongonews
Ван И Саудын Арабын гадаад харилцааны сайд Файсалтай хэлэлцээ хийв
2026-07-01 10:44
Ван И Саудын Арабын гадаад харилцааны сайд Файсалтай хэлэлцээ хийв.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И 06-р сарын 30-нд Бээжин хотноо Саудын Арабын гадаад харилцааны сайд Ханхүү Файсал бин Фархан Аль Саудтай хэлэлцээ хийв.

Ван И хэлэхдээ " Хятад, Саудын Арабын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, бодит үр дүнд хүрсээр ирсэн бөгөөд "Дэлхийн Өмнөд"-ийн орнуудын харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон" гэв.

Тэрээр Хятадын тал Саудын Арабтай стратегийн харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, дээд түвшний харилцаа, айлчлалыг эрчимжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын дээд түвшний хамтарсан хорооны үүргийг бүрэн ашиглан худалдааны бүтцийг оновчтой болгож, харилцан хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Ван И мөн Хятадын тал Америк, Ираны хооронд яриа хэлэлцээ эхэлснийг сайшааж, яриа хэлэлцээ нь сөргөлдөөнөөс үргэлж дээр гэж үздэгээ онцлов. Одоогийн хамгийн чухал зүйл нь харилцан ойлголцлын санамж бичгийг бодитоор хэрэгжүүлж, хэлэлцээний эрчийг хадгалан, бүх тал хүлээн зөвшөөрөх иж бүрэн хэлэлцээрт аль болох хурдан хүрэх явдал гэв.

Тэрээр Хятадын тал Саудын Арабтай хамтран Ойрх Дорнодын нөхцөл байдлыг намжааж, бүс нутгийн урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг хангахад үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ НҮБ-ын нэр хүндийг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцоог улам боловсронгуй болгоход хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Файсал " Саудын Араб Нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадтай харилцах харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг гэв. Тэрээр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг шинэ боломж болгон ашиглаж, дээд түвшний харилцааг улам эрчимжүүлэн, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятадын талын дэвшүүлсэн дэлхийн хэмжээний цуврал санаачилгуудыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Хятадын талтай уялдаа холбоогоо бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа ахиулах хүсэлтэй байна" гэж онцолсон байна.

Хэлэлцээний үеэр талууд олон улс, бүс нутгийн хамтаар сонирхсон бусад асуудлаар мөн санал солилцжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл