solongonews
Хил дамнасан хайрын холбоо
2026-06-30 14:58
“Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдэг. Тал нутгаараа хаяа нийлж, итгэл сэтгэлээрээ холбогдсон Хятад, Монгол хоёр орон бол мөнхийн сайхан хөрш юм. Олон жилийн турш хөршүүд хоорондоо харилцан дэмжлэг үзүүлж, жилээс жилд хил дамнасан хүмүүсийн харилцааны сэтгэл хөдөлгөм түүхүүд өрнөсөөр ирсэн.

“Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдэг. Тал нутгаараа хаяа нийлж, итгэл сэтгэлээрээ холбогдсон Хятад, Монгол хоёр орон бол мөнхийн сайхан хөрш юм. Олон жилийн турш хөршүүд хоорондоо харилцан дэмжлэг үзүүлж, жилээс жилд хил дамнасан хүмүүсийн харилцааны сэтгэл хөдөлгөм түүхүүд өрнөсөөр ирсэн.

Нэгэн санамсаргүй тохиолдлоос үүдсэн хил дамнасан эмч, өвчтөний хоорондох амь нас, үхлийн зааг дээрх учрал нь эмч, өвчтөний нандин холбоог бий болгосон бөгөөд улмаар амь насны зааг дээрх хүндхэн тэмцэл, бие биедээ түшиг болсон урт удаан нөхөрлөлөөр дамжин арав гаруй жилийн хугацаа улиран өнгөрөхөд нэгэн үеийн эмч, өвчтөний харилцаа аль хэдийн хил хязгаарыг давсан халуун дулаан гэр бүлийн дотно холбоо болон хувирч, Хятад, Монгол хоёр орны хөршийн найрамдлын хамгийн сэтгэл хөдөлгөм дурсамж болон үлдлээ.

Бао Гүөчин эмч  болон Саранбат

Бао Гүөчин эмчийн гэр бүл  болон Саранбатын гэр бүлийн хамтын зураг

Арав гаруй жилийн өмнө, буюу 2015 оны 11-р сарын нэгэн өдөр Монгол Улсын Өмнөговь аймгийн иргэн Саранбат ажлаар гадагш гараад буцах замдаа гэнэтийн, аймшигт зам тээврийн осолд оржээ. Хүнд ослын улмаас түүний биеийн 27 яс хугарч, биеийн байдал нь хүнд, ухаангүй, амь нас нь үхлийн ирмэг дээр байв. Тухайн үед тэрээр цөхрөлд автсан гэр бүлийнхэндээ хандаж, эцсийн хүслээ хэлэхийг оролдов.

Тэрээр уламжлалт яс барих арга барилаараа алдартай ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлгийн “Боржигин ясны тасаг”-ийн онцгой ур чадварын тухай удаан хугацаанд сонссон байв. Тиймээс гэр бүлдээ сүүлчийн хүчээ шавхан:

– Би Хөххот руу явна. Та нар намайг Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Боржигин ясны тасагт аваачих ёстой. Тэд миний амийг аварч чадна гэж хэлжээ.

Энэ бол итгэлийн тод илэрхийлэл бөгөөд амь насны зааг дээрх гүн итгэл байв. Гэр бүлийнхэн нь түүнийг ухаангүй, хүнд гэмтэлтэй хэвээр нь онгоцоор Хятадын Өвөр Монгол руу яаралтай хүргэсэн байна. Газардах үед Олон Улсын Монгол Эмнэлгийн Боржигин ясны тасгийн баг яаралтай тусламжийн багтай хамтран түүнийг хүлээн авч, эмнэлэгт хүргэжээ.

Саранбат:

– Би тэр үед хагас ухаан алдсан байсан ч Олон Улсын Монгол Эмнэлгийн Боржигин ясны тасгийн эрхлэгч эмчид англиар:
 – Би танай эмнэлгийн Боржигин ясны тасгийг зорин ирсэн шүү гэж хэлсэн гэж хожим манайхан намайг шоолж ярьдаг байсан. Бай эмч надад:
 – “Та мэс засал хийлгэвэл 20 хоногт эдгэрнэ, бариа заслаар эмчлүүлвэл 40 хоногт эдгэрнэ” гэхээр нь би мэс заслыг сонгосон гэж хэллээ.

Түүний гэмтэл, амин чухал шинж тэмдгүүдийн нарийн төвөгтэй байдлыг харгалзан Олон Улсын Монгол Эмнэлэг яаралтай тусламжийн протоколыг идэвхжүүлж, биеийн байдлыг нь тогтворжуулах яаралтай мэс засал хийв. Тэрээр байдал нь бага зэрэг сайжирсны дараа Боржигин ясны тасагт шилжүүлэв.

Саранбат өглөөний 02:00 цагт хагалгаанд орж, оройн 23:00 цагт гарсан гэж тэр үеийн байдлаа эргэн дурсжээ. Удаан хугацааны комын дараа аажмаар нүдээ нээхэд бүдэг хараанд нь хамгийн түрүүнд харагдсан хүн нь түүний орны дэргэд байнга сахиж, биеийн байдлыг нь нямбай хянаж байсан Бао Гүөчин эмч байв.

Саранбат:

– Би хагалгаанаас гарсны дараа маш хүнд байсан, хамарт гуурс хийсэн нь яг л өрөмдөж байгаа мэт өвдөлттэй байсан. Тухайн үед өөрөө мэдрэлгүй болсон мэт байсан ч яг тэр мөчид нэг хүн:

– “Мэс засал маш амжилттай болсон, бүх зүйл сайн болсон” гэж хэлсэн нь Бао Гүөчин байсан гэж дурслаа.

Тэр мөчөөс эхлэн тэрээр амийг нь аварсан эмч бол насан туршдаа итгэж болох хүн гэдгийг гүн гүнзгий ойлгосон юм.

Дараагийн өдрүүдэд Бао Гүөчин эмч түүний эдгэрэлтэд бүх сэтгэлээ зориулсан байна. Монгол бариа заслын уламжлал болон өөрийн өргөн клиник туршлагад тулгуурлан нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж, өдөр тутмын үзлэг, эмийн тохируулга, нөхөн сэргээх дасгал, шархны эмчилгээ болон сэтгэл зүйн дэмжлэг хүртэл бүх нарийн ширийн зүйлийг анхааран ажиллаж байв. Хэлний бэрхшээл байсан ч эмчийн энэрэнгүй сэтгэл энэ зайг нөхсөн юм. Бао Гүөчин эмчийн халамжийн ачаар Саранбатын биеийн өвдөлт намдаж, гадаад орчинд мэдрэх ганцаардал ч багассан байна.

Саранбат:

– Намайг хагалгаанаас гарсан өдрөөс эхлээд эмнэлгээс гарах хүртэл Бао Гүөчин надаас огт салдаггүй байсан. Өдөрт ердөө 20–30 минут л алга болдог, би хайгаад байдаг байсан. Хажуугийн хүмүүс “хоол идэхээр явсан” гэж хэлдэг байсан. Тэр бараг хэзээ ч холддоггүй, өвчтөнүүдээ яг цэцэрлэгийн багш хүүхдүүдээ харж байгаа мэт асардаг байсан гэж нулимстай ярьж байлаа.

Үхлээс арай ядан мултарсан тэрээр өөрт нь ирсэн амийг аврах сайхан сэтгэлийг хэзээ ч мартаагүй. Түүний хувьд Бао Гүөчин эмч зүгээр нэг эмч биш, амьдрал бэлэглэсэн эрхэм хүн байв. Тэрээр гүн талархлаар Бао эмчийг хүүгээ болгон өргөж, хил дамнасан эх, хүүгийн холбоог тогтоожээ.

Саранбат:
– Энэ бүхэн анх харахад золгүй явдал мэт байсан ч одоо бодоход гайхамшигт учрал байжээ. Би дөрвөн хүүхэдтэй, Бао Гүөчин миний хоёр дахь хүүтэй ойролцоо настай. Тиймээс тэр миний дундах хүү болсон. Одоо би гурван хүү, хоёр охинтой, нийт таван хүүхэдтэй болсон. Бао Гүөчин бол намайг амьдруулсан ачит хүн гэж ярьсан байна.

Эмнэлгээс гарсан нь тэдний холбооны төгсгөл биш, харин бат бөх нөхөрлөлийн эхлэл байв. Арав гаруй жилийн турш тэд холбоотой байж, өдөр тутмын видео дуудлага нь амьдралынх нь салшгүй хэсэг болсон байна.

Саранбат:
– Би 21 хоног эмнэлэгт хэвтээд Монгол руугаа буцсан. Гэртээ очсоноос хойш Бао Гүөчинтэй утсаар болон видео дуудлагаар байнга холбогддог болсон. Тэр бараг орой бүр залгаж, дасгал хийлгэж, эмчилгээ хянаж байсан. Миний зүүн гар эхэндээ огт ажиллахгүй байсан ч түүний удирдлагаар дасгал хийсээр одоо хэвийн болсон гэж сонирхууллаа.

Дэлгэцийн цаанаас “ээж” нь өдөр тутмын амьдралаа хуваалцаж, “хүү” нь эрүүл мэндийн зөвлөгөө, анхаарал халамжаа тасралтгүй өгч байв. Ийнхүү эмч, өвчтөний харилцаанаас эхэлсэн холбоо өдөр тутмын халамж, талархал, хайраар гүнзгийрсэн сэтгэл хөдөлгөм гэр бүлийн холбоо болон хувирсан байна.

Саранбат:
– Миний амь нас хамгийн хүнд байсан үед ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэг надад амьдрал бэлэглэсэн. Бао Гүөчин болон бүх эмч, сувилагч нарт би гүн талархаж байна гэж хэлэв.

Бао Гүөчин:
– Тухайн үед би Олон Улсын Монгол Эмнэлгийн ясны тасагт дөнгөж хоёр жил ажиллаж байсан залуу эмч байлаа. Тэр үед Монгол Улсаас хүнд гэмтэлтэй өвчтөн ирсэн нь Саранбат байсан. Би түүний хариуцсан эмч болж, багийн хамт мэс засал хийж, уламжлалт эмчилгээ хийж, эдгэрүүлсэн. Эмнэлэгт байх хугацаанд нь би түүнийг байнга асарч байсан. Тэр үеэс бидний харилцаа гүнзгийрч, тэр намайг хүү шигээ, би түүнийг ээж шигээ хүндэлдэг болсон гэж ярилаа.

2026 оны 6-р сарын 10-ны өдөр, Улаанбаатар хотноо Саранбат ярилцлага хүлээж байгаа нь

Бао Гүөчин эмчийн ур чадвар болон чин сэтгэлийн халамж нь Саранбатын амийг аварч, түүний талархал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Хятад, Монгол хоёр орныг дамнан үргэлжилсэн эх, хүүгийн энэхүү онцгой холбоо нь уламжлалт монгол анагаах ухааны ур чадвар, хил хязгаарыг даван түгэж, хөрш ард түмнүүдийн харилцан туслалцсан, харилцан түшиглэсэн сайхан нөхөрлөлийн тод гэрчлэл болон үлдлээ.

 

Зохиогч: ЧАН ХЭ, Т.ШИНЭЦЭЦЭГ, ӨНӨР, ХАНЬ ХУНШЯ, ТЭРГҮҮН
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл