Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Америкийн төрийн тэргүүн нар хагас жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилж буй нь хоёр орны харилцааны түүхэнд урьд өмнө байгаагүй тохиолдол юм. Ерөнхийлөгч Дональд Трамп бид хоёр янз бүрийн хэлбэрээр байнгын харилцаа холбоотой байж, Хятад, Америкийн харилцааны том чиг хандлагыг удирдан чиглүүлж ирсэн юм. Энэ оны тавдугаар сард Ерөнхийлөгч Трамп бид хоёр Хятад, Америкийн бүтээлч, стратегийн, тогтвортой харилцааг цогцлоохоор санал нэгтэй шийдсэн. Энэхүү шинэ байр суурь нь Хятад, Америкийн харилцааны бодит байдлыг тусгаж, цаашдын ирээдүйн талаарх хүлээлтийг илэрхийлж байгаа бөгөөд хоёр улс зөв харилцах замд хийх чухал алхам юм. Бид энэхүү алсын харааг хөрсөн дээр буулгаж, хамтын ажиллагааг гол чиглэл болгож, өрсөлдөөнийг зохистой түвшинд байлгаж, санал зөрөлдөөнийг хянаж, энх тайван ирээдүйг байгуулах чиглэлд хүчин чармайлт гарган, хоёр том гүрэн зөв харилцаж зэрэгцэн орших замыг хамтдаа эрэлхийлэх хэрэгтэй. Хятад, Америк хоёр улс ажил хэрэгч хамтын ажиллагаагаар харилцан ашиг хүртэж, хамтдаа хожин, эрүүл, зүй зохистой өрсөлдөөнөөр бие биенийхээ хөгжлийг дэмжиж, нийтлэг ойлголтыг эрэлхийлэхийн зэрэгцээ санал зөрөлдөөнөө зохистой зохицуулж, харилцан итгэлцлийг хуримтлуулах замаар энх тайвныг бэхжүүлнэ. Ингэснээр Хятад, Америкийн бүтээлч, стратегийн, тогтвортой харилцаа хоёр орны ард түмэн төдийгүй дэлхийн улс орнуудын ард түмэнд улам их үр өгөөжөө хүртээх болно гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, хоёр талын эдийн засаг, худалдааны багууд шинэ ээлжийн зөвшилцөл хийж, шинэ хамтарсан тохиролцоонд хүрсэн нь хоёр орны аж үйлдвэрийн салбар, жирийн иргэд, цаашлаад дэлхийн эдийн засагт ч сайн мэдээ болж байна. Хамтын ажиллагаа бол хоёр талын зам юм. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой байлгахын тулд хамтын ажиллагааны жагсаалтыг өргөжүүлэхийн зэрэгцээ асуудлын жагсаалтыг багасгах шаардлагатай байна. Эрх тэгш, харилцан хүндэтгэн, харилцан ашигтай байх зарчмыг баримталж чадвал асуудлыг шийдвэрлэх гарцыг олж чадна. Хоёр тал харилцан урагшилж, харилцан ашигтай, хамтдаа хожих чиг баримжааг тууштай баримтлан, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой, эрүүл чиглэлээр тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Америк хоёр улс хиймэл оюун ухааны салбарт томоохон орон бөгөөд хоёр талын хооронд өрсөлдөөн байгаа ч хамтран ажиллах боломж бүр ч их байна. Харилцан хамгаалалт, хязгаарлалт тавихаас илүүтэйгээр тус тусын давуу талаа бүрэн ашиглах хэрэгтэй. Хоёр тал хиймэл оюун ухааны талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, түүний эрсдэл, үр өгөөжийн талаар санал бодлоо солилцон, хиймэл оюун ухааныг зүй бусаар, хор уршигтайгаар ашиглахаас хамтран сэргийлж болно. Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны технологид тавих хяналтаа баримталж, хүн төвтэй, зөв зүйтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний хөгжил дэвшилд үйлчлүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятадын талын улс орны нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах байр суурь тодорхой хэвээр байна. Америкийн тал Тайванийг тусгаар тогтнуулахыг эсэргүүцэх зөв байр суурь баримталж, Тайванийн асуудлыг болгоомжтой, зохистой шийдвэрлэн, Хятад, Америкийн стратегийн хамтын ажиллагаа болон хоёр орны харилцааг хөгжүүлэх бат бөх суурийг бүрдүүлэхийг хүсэж байна гэжээ.
Трамп хэлэхдээ, Дарга Ши Жиньпиний энэ удаагийн төрийн айлчлал нь агуу айлчлал болж байна. Америк, Хятад хоёр улс хоёулаа том гүрэн. Би дарга Ши Жиньпинтэй сайн найз бөгөөд бид гүнзгий, нягт харилцаа холбоотой байсаар ирсэн. Бидний удирдлага дор Америк, Хятадын харилцааг гарцаагүй сайн хөгжүүлж чадна. Хоёр орны эдийн засаг, худалдааны багуудын шинэ ээлжийн зөвшилцөл шинэ үр дүнд хүрсэн бөгөөд хоёр тал яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, илүү сайн тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой. Америк, Хятад хоёр улс энэ асуудлаар яриа хэлэлцээгээ баримталж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар мөн Ойрх Дорнодын нөхцөл байдал, Украины хямрал, Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцов.
Хоёр орны төрийн тэргүүн нар 2026 оны Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалт болон “Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэхээ баталгаажуулав.
Цай Чи, Ван И, Хэ Лифэн нар болон бусад албаны хүмүүс уулзалтад оролцов.
