solongonews
Дэлхийн ур чадварын тэмцээнд БНХАУ-ын баг түүхэн дээд амжилт тогтоолоо
2026-09-28 10:07
Дэлхийн ур чадварын тэмцээнд БНХАУ-ын баг түүхэн дээд амжилт тогтоолоо

Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээн 9-р сарын 27-ны өдөр Шанхай хотод хаалтаа хийлээ. БНХАУ-ын баг 41 алтан медаль, 11 мөнгөн медаль, 4 хүрэл медаль болон 6 тусгай шагнал хүртэв. Хятадын баг тав дахь удаагаа алтан медалийн тоо болон багийн нийт оноогоор дэлхийд тэргүүлж, тус тэмцээнд оролцож эхэлснээс хойших түүхэн дээд амжилтаа тогтоолоо.


Энэ удаагийн тэмцээн нийт 64 төрлөөр явагдсан бөгөөд барилга, бүтээн байгуулалтын технологи, үйлдвэрлэл ба инженерийн технологи, мэдээлэл, харилцаа холбооны технологи, бүтээлч урлаг ба загвар, нийгэм болон хувь хүнд үзүүлэх үйлчилгээ, тээвэр ба логистик гэсэн зургаан салбарыг хамарчээ. БНХАУ-ын баг нийт 71 тамирчнаа бүх төрөлд оролцуулсан бөгөөд энэ нь Хятад улс тэмцээний бүх төрөлд оролцсон гурав дахь тохиолдол юм.

Тодруулбал, CNC фрезердэх төрөлд зургаан удаа дараалан аваргалсан бол, өрлөг болон хувцас загварын технологийн төрөлд тав дахь удаагаа дараалан түрүүлжээ. Харин цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, электроникийн технологи, бие даан хөдөлдөг роботын төрөлд дөрөв дэх удаа дараалан түрүүлсэн байна.

Автомашины кузов засварын төрөлд өрсөлдсөн Жяо Жяо БНХАУ-ын багийн шилдэг тамирчны шагнал хүртэв. Мөн Хятадын тамирчин Хэ Шяомань төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний технологийн төрөлд бүх оролцогчдоос хамгийн өндөр оноо авч, Альберт Видалийн нэрэмжит шагнал хүртлээ. Энэ нь Хятад улс энэ шагналыг гурав дахь удаагаа хүртэж буй тохиолдол юм.


Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээний төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний технологийн төрөлд алтан медаль хүртсэн Хэ Шяомань: 

-  Би маш их догдолж, бас нэр төрийн хэрэг гэж бодож байна. Өөрийгөө хамгийн дээд шагналыг хүртэнэ гэж огт төсөөлөөгүй. Төмөр замын тээвэр бол Хятад улсын тулгуур салбар учраас би үүгээрээ маш их бахархаж байна. Цаашид би энэ салбарт илүү олон залуусыг татан оролцуулахыг хүсэж байна гэж догдлон хэллээ.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://pic.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл