solongonews
Амралтын өдрийн эдийн засаг эрчимжиж байна
2026-10-09 15:01
Алтан намар тохиосон үндэсний баярын өдрүүдэд Хятад даяар баяр хөөрөөр бялхлаа. Олон зуун сая хүн бүс нутгуудын хооронд аялан зорчиж, хүмүүсийн урсгал, бараа бүтээгдэхүүн болон хэрэглээний урсгал хоорондоо нягт уялдаж, Хятадын эдийн засгийн цэцэглэн хөгжиж буй эрч хүчтэй дүр төрхийг бүрдүүлэв.

Хятадын Тээврийн яамны мэдээллээс үзэхэд, үндэсний баярын амралтын өдрүүдэд (10-р сарын 1-нээс 7-ны хооронд) бүс нутаг хоорондын зорчигч тээврийн нийт хэмжээ 2.142 тэрбумд хүрч, 2025 оны Тэргэл сарны баяр болон үндэсний баярын амралтын үеийн өдөр тутмын дундаж үзүүлэлттэй харьцуулахад 0.6 хувиар өссөн байна.

Гадагш болон дотогш чиглэсэн аялал жуулчлал ч мөн ихээхэн идэвхжсэн байна. Үндэсний цагаачлалын албаны мэдээллээс үзэхэд, энэ жилийн үндэсний баярын амралтын өдрүүдэд Хятад даяарх хилийн хяналтын байгууллагууд нийт 15.462 сая хилээр гарсан болон орж ирсэн зорчигчдод үйлчилсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар өссөн байна.

Бодит дэлгүүр, худалдааны төвүүд бүхий худалдааны бүсүүд сэргэсээр байгаа бөгөөд хэрэглээний зах зээл идэвхтэй, эрч хүчтэй байна.

Баярын өдрүүдэд улс орон даяарх худалдааны бүсүүд, явган хүний гудамж, төрөлжсөн зах болон хоолны гудамжууд хөл хөдөлгөөн ихтэй байсан нь бодит эдийн засгийн сэргэлт эрчимжиж буйг илтгэж байна.

Худалдааны яамны мэдээллээс үзэхэд, 10-р сарын 1-нээс 3-ны хооронд тус яамны хяналтад байдаг явган хүний 78 гудамж (болон худалдааны бүс)-ийн үйлчлүүлэгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар, борлуулалтын орлого 5.3 хувиар тус тус өсжээ.

Гадаадын жуулчдын Хятад улсад аялах, худалдан авалт хийх сонирхол улам бүр нэмэгдсээр байгаа юм. Тэргэл сарны баяр болон үндэсний баярын өдрүүдэд Хятадад зорчсон гадаадын иргэн хос тоогоор өссөн бөгөөд "Хятад руу аялах" (China Travel) чиг хандлагын дэлхий дахинд үзүүлэх нөлөө үргэлжлэн тэлсээр байна.


Бодит тоо баримт болон хэрэглэгчдийн идэвхтэй үйл ажиллагаа нь дотоодын хэрэглээний зах зээл тогтвортой сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой бөгөөд эерэг хандлагатай байгааг тод томруун харуулж байна.

 


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл