
140 дэх удаагийн Хятадын импорт, экспортын яармаг 10-р сарын 15-наас 11-р сарын 4-ний өдрийг хүртэл Гуанжөү хотод гурван үе шаттайгаар зохион байгуулагдана. Энэ удаагийн яармагаар ухаалаг технологийн хэрэглээ, худалдааны дагалдах үйлчилгээ зэрэг чиглэлээр 50 гаруй шинэлэг арга хэмжээг хэрэгжүүлж, үзэсгэлэнд оролцогчид болон худалдан авагчдад бүх үе шатыг хамарсан үйлчилгээ үзүүлэн, нийлүүлэгч, худалдан авагчдын уулзалт, хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлнэ.

Яармагийн нээлтийн өдөр ойртохын хэрээр гадаадын худалдан авагчид оролцогчийн үнэмлэхээ авахаар бүртгэлийн цэгүүдэд ирж байна. Үзэсгэлэнд оролцогчид болон худалдан авагчдын үнэмлэх олгох үйлчилгээг сайжруулах зорилгоор энэ удаагийн яармагийн үеэр нисэх онгоцны буудал, өндөр хурдны галт тэрэгний өртөө, үзэсгэлэнгийн ордон болон тусгайлан заасан зочид буудлуудад үнэмлэх олгох 70 цэг, 628 цонх ажиллуулна. Гадаадын худалдан авагчид паспортоо шалгуулсны дараа ердөө 30 секундын дотор үнэмлэхээ авах боломжтой.
Энэ удаагийн Хятадын импорт, экспортын яармагийн зохион байгуулалтын бүх үе шатанд хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэг технологийг нэвтрүүлж, анх удаа ухаалаг хэрэглээний 22 хувилбар, хиймэл оюун ухаанд суурилсан 16 төрлийн онцлог үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэснээр Хятадын үзэсгэлэнгийн салбарт анх удаа үзэсгэлэнгийн бүх ордонд лангуу тус бүрээр чиглүүлэх навигацийн систем болон лангууны мэдээллийг нэмэгдүүлсэн бодит байдлын (AR) технологиор харуулах боломж бүрдэж байна. Үзэсгэлэнгийн ордон доторх навигацийн нарийвчлал нэг метр хүрч, 75 мянга гаруй лангууг хамарна.
Түүнчлэн үзэсгэлэнд оролцогчид болон худалдан авагчид QR код уншуулснаар цахим нэрийн хуудсаа солилцох боломжтой. Хиймэл оюун ухааныг ашиглан хэлэлцээний товч тэмдэглэлийг автоматаар үүсгэж, систем нь харилцагчдын мэдээллийг автоматаар ангилан архивлаж, хамтран ажиллах өндөр магадлалтай захиалгуудыг шүүн тодорхойлно.
Үүний зэрэгцээ Гуанжөү хотын гаалийн байгууллага 12 төрлийн хөнгөвчлөх арга хэмжээ хэрэгжүүлж, хилээр нэвтрүүлж буй үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүнийг үзэсгэлэнгийн ордонд шалган нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний экспортод дэмжлэг үзүүлэх, мөн улсаас гарах үеийн татварын буцаан олголтын шалгалт, баталгаажуулалтын үйлчилгээг сайжруулна.

Гадаад, дотоодын оролцогчид болон худалдан авагчдын ирэх үеийн угталт, үзэсгэлэнгээр аялахтай холбоотой үйлчилгээ, баталгааг сайтар хангахын зэрэгцээ энэ удаагийн Хятадын импорт, экспортын яармаг худалдааны дагалдах үйлчилгээг улам бэхжүүлж, сайжруулах юм.
