Ши Жиньпин:
- Хятад, Тогогийн найрамдалт хамтын ажиллагааны үзэл баримтлал нь нийцтэй, хэтийн төлөв өргөн байна. Хоёр тал улс төрийн намууд болон хоёр улсын бүх шатны харилцаа солилцоог улам нягтруулж, төр засаг удирдах туршлага солилцоог гүнзгийрүүлэн, харилцан нөгөө талынхаа язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй гол чухал асуудал дээр бие биедээ тууштай дэмжлэг үзүүлэх ёстой гэж хэлэв. Тэрээр мөн Хятад улс Африкийн бие даасан хөгжлийг дэмжих, Хятад-Африкийн хамтын ажиллагааг механизмын шинжтэй нээлттэй бодлогоор дэмжих зорилгоор гаалийн татварыг тэглэх арга хэмжээг хэрэгжүүлж байгааг тэмдэглээд, Того улс энэхүү татваргүй бодлого болон Хятад улсад экспортлох бүтээгдэхүүний “ногоон гарц” зэрэг боломжийг бүрэн ашиглаж, бүс нутгийн худалдаа, логистикийн зангилааны үүргээ улам нэмэгдүүлэн, өөрийн болон бүс нутгийн онцлог бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд илүү ихээр нэвтрүүлэхийг Хятад улс дэмжиж байна гэж тэмдэглэв. Того улс юанийн хил дамнасан хэрэглээг өргөжүүлэхийг дэмжиж буйг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд шинэ эрчим хүч, дижитал технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Тогогийн аж үйлдвэржилтийн үйл явцыг дэмжихэд бэлэн байна гэдгээ Ши Жиньпин мөн илэрхийлэв.

Ши Жиньпин Африкийн халуун цэгийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талын бүтээлч оролцоог хангах дөрвөн зарчмыг дэвшүүллээ. Тухайлбал, нэгдүгээрт, Африкийн манлайллыг баримтлах. Африкийн ард түмэн Африкийн жинхэнэ эзэн бөгөөд бүс нутгийн асуудалд гол үүрэг гүйцэтгэх ёстой. Хоёрдугаарт, шударга ёсыг хамгаалах. Оролцогч бүх тал НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг мөрдөж, холбогдох улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. Гуравдугаарт, дайныг зогсоож, энх тайвныг дэмжих. Дайн болон нэг талын хориг арга хэмжээ нь улс орнуудын хоорондын зөрчлийг бодитоор шийдвэрлэж чадахгүй. Харин харилцан хүндэтгэх, өргөн хүрээний зөвшилцөл хийх, нийтлэг ойлголтыг эрэлхийлэх, харилцан буулт хийх зарчмыг баримтлах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, түр зуурын болон үндсэн шалтгааныг хамтад нь шийдвэрлэх. Өнөөгийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай эдгээр болно.

Форэ Эссозимна Насингбе:
- Того улс Хятад улстай тогтоосон уламжлалт найрамдлаа өндөр үнэлдэг бөгөөд ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Того улс Хятадтай харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, яриа хэлэлцээг бэхжүүлэн, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ эриний Того-Хятадын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжийг хүргэхэд бэлэн байна гэж хэллээ. Тэрээр мөн Хятадын төр засаг удирдах туршлагаас гүнзгий суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Тогод хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг урив. Худалдаа, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.
