Хятадад визгүй зорчих боломжтой орнуудын хүрээ улам өргөжиж, тус улс руу чиглэсэн нислэгийн эрэлт эрчимтэй нэмэгдэн, гадаадын сошиал платформуудад “China Travel” сэдэв өргөн тархахын хэрээр гадаадын улам олон жуулчид Хятадыг аяллынхаа зорих газраар сонгож байна.
Энэ жилийн Хятадын Үндэсний баярын амралтын үеэр тус улсад нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 682 мянгад хүрч, үүний 505 мянга нь визгүй зорчих бодлогын дагуу нэвтэрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус бүр 5.4 хувь, 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гадаадын жуулчид Хятадын биет бус соёлын өвд бүртгэгдсэн хулсан саваат бүжгийг сонирхож байна.
Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ ВЭНЬБИНЬ.
Визгүй зорчих бодлогын үр өгөөж нэмэгдэж, дэлхийн жуулчдын урсгал өргөжив
Гадаадын иргэд Хятадад аялахын тулд онгоцны тийзээ аваад л хүссэн үедээ аяллаа эхлүүлэх боломж улам бүр нэмэгдэж байна. Визгүй зорчих бодлогын хүрээ өргөжсөнөөр олон улсын жуулчдад Хятадад нэвтрэх илүү хялбар боломж бүрдэн, холбогдох бодлогын үр өгөөж бодитоор илэрч байна. Хятадад ирэх гадаадын жуулчдын урсгалд хөрш орнуудын ойрын зайн аяллын зах зээлээс эхлээд Европ, Америкийн алсын зайн аяллын зах зээл хүртэлх олон чиглэлд өсөлт ажиглагдаж байна.
Хятадын Мобайлын Үтун мэдээллийн сангийн тоо баримтаас үзвэл, энэ жилийн Үндэсний баярын амралтын үеэр Хятадад ирсэн гадаадын жуулчдын дийлэнх нь Ази, Европын орнуудаас ирсэн бөгөөд нийт урсгалын бараг 70 хувийг эзэлжээ. Үүний зэрэгцээ Хойд Америк, Өмнөд Америк, Далайн орнууд зэрэг алсын зайн аяллын зах зээлээс ирэх эрэлт нэмэгдэж, эдгээр бүс нутгаас ирсэн жуулчдын тоо 23 хувиар өссөн байна.
Хятад улс дэлхийд улам нээлттэй болж байна. Зах зээлийн өөрчлөлт нь тус улсад ирэх аялал жуулчлалын өсөлтийн чиг хандлага ч өөрчлөгдөж буйг харуулж байгаа юм. Визгүй зорчих бодлогын хүрээ өргөжиж, олон улсын нислэгийн чиглэлүүд сэргэснээр аялалд тулгардаг саад бэрхшээл багасаж, жуулчид зөвхөн зорьсон газартаа хүрэхээс гадна аяллын чанар, туршлагыг илүү чухалчлах боллоо. Гадаадын жуулчид Хятадыг түр зуур дайран өнгөрөх газар гэж үзэхээ больж, тус улстай илүү гүнзгий танилцан, чөлөөтэй аялахад хангалттай хугацаа зарцуулахыг илүүд үзэх болсон байна.
Том хотуудаас жижиг, дунд хотууд руу чиглэсэн аялал нэмэгдэж байна
Гадаадын жуулчид голчлон Хөх мөрний гурвалжин хөндий, Бээжин–Тяньжин–Хэбэй болон зүүн өмнөд эргийн бүс нутгаар аялдаг байсан хандлага өөрчлөгдөж байна. Олон улсын жуулчдын аяллын чиглэл томоохон хотуудаас жижиг, дунд хотууд руу улам өргөжин тэлж байна.
Хятадын Мобайлын Үтун мэдээллийн сангийн мэдээллээр, Үндэсний баярын амралтын үеэр Гуанши мужийн Гүйлинь, Чүнзүө, Хунань мужийн Жанжяже, Шянтань, Шиньжяны Өрөмч, Или зэрэг хот, бүс нутагт аялсан гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 50 хувиас дээш өссөн байна.
Ctrip-ийн статистик мэдээллээр, энэ жилийн Тэргэл сарны баяр болон Үндэсний баярын амралтын үеэр баруун бүс нутагт байрлах Цэрэг морьдын хөшөөг зорьсон гадаадын жуулчдын захиалгын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 дахин нэмэгдлээ.
Гадаадын жуулчдын аяллын чиглэл зөвхөн Үндэсний баярын амралтын үеэр төдийгүй, энэ оны эхний найман сарын хугацаанд ч томоохон хотуудаас хоёр, гуравдугаар зэрэглэлийн хотууд болон төв, баруун бүсийн нутаг руу чиглэх хандлага эрчимтэй нэмэгдэв. Нинбө, Жэнжөү, Чиндао, Хэфэй, Наньчан зэрэг хотод ирэх гадаадын жуулчдын тоо мэдэгдэхүйц өсөж, өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин давсан байна.

Гадаадын жуулчид Юньнань мужид хэвлэмэл урлал туршиж байна. Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛӨ ШИНЬЦАЙ.
Хятад орныг илүү гүнзгий ойлгож, мэдэрч байна
“Зүгээр л ирж үзэх бус, харин гүнзгий ойлгож, танилцахыг хүсэж байна.” Энэ бол Хятадад аялж буй гадаадын олон жуулчны бодит сэтгэгдлийг илэрхийлсэн үг юм. Худалдааны төвүүдээр зочлох, өндөр хурдны галт тэргээр аялах, хятад үндэстний уламжлалт хувцас өмсөх, биет бус соёлын өвтэй танилцах, хотын гудамжаар зугаалах зэрэг олон арга хэлбэрээр гадаадын жуулчид Хятад орныг биечлэн мэдэрч байна.
Хятадын Мобайлын Үтун мэдээллийн сангийн мэдээллээр, энэ жилийн Үндэсний баярын амралтын үеэр гадаадын жуулчид нийгмийн сүлжээ, газрын зураг, навигацийн үйлчилгээ болон төлбөрийн аппликейшнүүдийг хамгийн их ашиглажээ. Тэдгээрийн дотор төлбөрийн аппликейшний гадаад дахь идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх үеийнхээс 13 хувиар өссөн байна. Энэ оны эхний найман сард Хятад улсын хэмжээнд худалдааны гол бүсүүдээр үйлчлүүлсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар нэмэгдэв. Шанхайн Вайтань, Шэньжэний Лүнхуа, Бээжингийн Саньлитүнь, Гуанжөүгийн Тяньхэ зам зэрэг худалдааны бүсүүд гадаадын жуулчдын хамгийн их зорьдог газруудын тоонд багтжээ.
Улам олон гадаадын жуулчид Хятадад аялж, тус орныг илүү гүнзгий ойлгож, мэдэрч байна. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийтэй нээлттэй харилцаагаа улам өргөжүүлсээр. Энэ бол “China Travel” хандлага улам бүр эрчээ авч буйн гол нууц юм.
Зургийн тайлбар: Гадаадын жуулчид Хятадын биет бус соёлын өвд бүртгэгдсэн хулсан саваат бүжгийг сонирхож байна.
