solongonews
Эрээн хотын төмөр замын боомтын импорт, экспортын ачаа тээврийн хэмжээ энэ онд 15 сая тонныг давлаа
2026-10-15 09:56
Эрээн хотын төмөр замын боомтын импорт, экспортын ачаа тээврийн хэмжээ энэ онд 15 сая тонныг давлаа

Хятадын Төмөр замын Хөх хотын товчоо групп компаниас 10-р сарын 12-нд мэдээлснээр, 10-р сарын 11-ний өдрийн байдлаар Эрээн хотын төмөр замын боомтоор энэ он гарснаас хойш нийт 15.0143 сая тонн импорт, экспортын ачаа тээвэрлээд байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс импортын ачаа 12.5565 сая тоннд хүрч, 5.8 хувиар өссөн бол экспортын ачаа 2.4578 сая тоннд хүрч, 15.8 хувиар нэмэгдсэн байна.

Эрээн хотын төмөр замын боомт нь Монгол Улсын Замын-Үүд өртөөтэй хамтран хэрэгжүүлдэг “Хоёр өртөөний нэгдсэн зохион байгуулалт”-ын загварыг улам гүнзгийрүүлж, гааль, хилийн шалган нэвтрүүлэх зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Мөн 95306 “Дижитал боомт” систем, “Төмөр замын шуурхай нэвтрүүлэлт” зэрэг горимд тулгуурлан хил дамнасан ачаа тээврийн үйлчилгээний баталгааг улам сайжруулжээ.

Эрээнхотын төмөр замын боомтод Хятад, Европыг холбосон нэгэн галт тэрэг ачилтад бэлэн зогсож байна.

- Бид өргөн болон нарийн царигийн төмөр замын холболт, ачаа шилжүүлэн ачих, галт тэрэгний бүрэлдэхүүн бүрдүүлэх зэрэг ажлын урсгалыг оновчтой болгож, тээврийн төлөвлөгөөг бодит нөхцөл байдалд нийцүүлэн уян хатан өөрчилж, вагонуудын саатах хугацааг богиносгосноор импорт, экспортын ачааг боомтоор түргэн нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн гэж Хятадын Төмөр замын Хөх хотын товчоо групп компанийн Эрээн өртөөний хөдөлгөөн зохицуулалтын хэсгийн орлогч дарга Жан Липин ярилаа.

Үүний зэрэгцээ Эрээн хотын төмөр замын боомт нь боомтын логистикийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч, төмөр зам, төрийн захиргаа болон аж ахуйн нэгжүүдийн логистикийн нэгдсэн маркетингийн хамтын ажиллагааны давуу талыг бүрэн ашиглаж байна. Мөн олон төрлийн тээврийн хэлбэрийг хослуулсан логистикийн иж бүрэн үйлчилгээ, барааг очих газарт нь боловсруулахад зориулсан захиалгат логистикийн үйлчилгээ зэрэг онцлог бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлжээ. Эдгээр арга хэмжээ нь ачаа тээврийн хамрах хүрээг өргөжүүлж, импорт, экспортын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд үр дүнтэй нөлөөлсөн байна.

Эрээн хотын төмөр замын боомт нь Хятад, Монголын хилийн хамгийн том төмөр замын боомт бөгөөд Хятад, Европыг холбосон галт тэрэгний төв коридорын хилээр нэвтрэх цорын ганц боомт юм.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл