solongonews
Хятад болон гадаадын жуулчдын урсгал нэмэгдсээр байна
2026-10-15 10:01

2026 оны Хятадын Үндэсний баярын амралтын өдрүүдээр /10-р сарын 1-нээс 7-ны өдөр хүртэл / хятадын жуулчид гадаад улс орнуудыг зорьж, харь орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёлтой танилцаж байгаа бол дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын жуулчид Хятадад ирж, тус улсын байгалийн үзэсгэлэн, түүх, соёлын өвийг мэдэрч байна. Визгүй зорчих боломж өргөжиж, олон улсын нислэгийн чиглэл, давтамж нэмэгдэн, хил дамнасан төлбөр тооцоо хялбар болж байгаатай холбоотойгоор Хятад болон гадаадын жуулчид харилцан зорчих нөхцөл улам сайжирч байна. Ийнхүү аялал жуулчлал, соёлын солилцоогоор дамжуулан талууд бие биеэ илүү сайн ойлгож, найрамдалт харилцаагаа бэхжүүлж байна.


Италийн Ром хотод Үндэсний баярын үеэр олон тооны Хятадын жуулчид аялав

  
Хил дамнасан зорчигчдын урсгал нэмэгдсээр
Хятадын визгүй зорчих бодлого улам боловсронгуй болж, тус улсад аялах гадаадын жуулчдын тоо нэмэгдсээр байна. Австралийн бизнес эрхлэгч Шарон Бенжамин олон жилийн турш байгальд ээлтэй өдөр тутмын хэрэглээний барааны бизнес эрхэлж иржээ. Визгүй зорчих бодлогын ачаар тэрээр Хятад, Австралийн хооронд чөлөөтэй зорчих боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ Мельбурн–Бээжингийн шууд нислэгийн багтаамж өнгөрсөн оныхоос мэдэгдэхүйц нэмэгдэж, Хятад руу аялах тухай мэдээлэл, зөвлөгөө авах хүмүүсийн тоо ч тасралтгүй өсөж байна.
   
БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын мэдээллээр, энэ жилийн Тэргэл сарны баярын амралтын өдрүүдэд Хятад болон гадаадын иргэдийн хилээр нэвтэрсэн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16.8 хувиар өсжээ. Үүнээс гадаадын иргэдийн хил нэвтрэлтийн тоо 37.7 хувиар, харин визгүй зорчих бодлогын хүрээнд Хятадад нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 32.7 хувиар тус тус нэмэгдсэн байна.
   
2026 оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл Хятад улсын хэмжээнд хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд нийт 499 сая удаагийн хил нэвтрэлтийг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ хугацаанд гадаадын иргэдийн хил нэвтрэлтийн тоо 61.287 саяд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 19.5 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс 23.72 сая удаагийн хил нэвтрэлт визгүй зорчих бодлогын хүрээнд хийгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 26.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

 
Гадаадын жуулчдын Хятадад аялах нөхцөл улам хялбар болж байгаагийн зэрэгцээ олон улс, бүс нутаг Хятадын жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлж байна. Хятад, Лаосын төмөр замын чухал хилийн боомт болох Юньнань мужийн Мүхань боомтоор Хятадын Үндэсний баярын амралтын өдрүүдэд хил дамнасан зорчигч тээврийн галт тэрэг өдөрт дунджаар 12 удаа нэвтэрч, Хятадын олон жуулчин галт тэргээр Хятад, Лаосын хооронд зорчжээ.
   
Харилцан аялал жуулчлал эрчимжиж байна
Хятадын Үндэсний баярын амралтын өдрүүдээр Хорватын нийслэл Загреб хотод Хятадаас олон жуулчин зочиллоо.  Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр, энэ оны есдүгээр сард Хятадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар, харин хоноглон аялсан жуулчдын тоо 8 хувиар өссөн байна. Бээжин–Загреб чиглэлд шууд нислэг анх удаа нээгдсэнээр Хятадаас ирэх жуулчдын тоо нэмэгдээд зогсохгүй, Хорватын иргэдийн Хятадад аялах сонирхол ч өсөж байна.


Өмнөд Америкт ч Хятад, Бразилын аялал жуулчлалын харилцаа улам эрчимжиж байна. Энэ оны эхний найман сард  Бразилд ирсэн хятад жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 73.3 хувиар өсөж, 2025 оны бүтэн жилийн үзүүлэлтээс давжээ. Хятад жуулчдыг татах, тэдэнд илүү таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд Бразилын Игуасу хот Хятадын нийгмийн сүлжээний платформуудаар дамжуулан орон нутгийн аялал жуулчлалын газруудаа сурталчилж байна. Мөн UnionPay  International орон нутгийн түншүүдтэй хамтран төлбөр тооцоог хялбарчлах ажлыг өрнүүлж, Хятад, Бразилын хооронд QR кодоор төлбөр хийх харилцан холболтын төслийг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр арга хэмжээ нь хил дамнасан аяллын үеийн төлбөр тооцооны хүндрэлийг багасгаж байна.
  

Австралийн Мельбурн хотын нисэх онгоцны буудалд Хятадыг зорих гэж буй жуулчид олон байлаа. Австралийн залуу Майкл найзынхаа хуримд оролцохоор Жянсү мужийн Чанжөү хотыг зорьж байгаа бөгөөд энэ аяллаараа дамжуулан   Хятадын гэр бүлийн амьдралтай илүү ойр танилцахыг хүсэж байна. Харин Хятадад анх удаа аялах гэж буй их сургуулийн оюутан Алексей Бээжингийн нугасны шарсан мах амталж, хотын хоолны соёл, үзэсгэлэнт газруудтай танилцахаар догдлон хүлээж байна. Оросын аялал жуулчлалын компанийн захирал Олеся:
   - Оросын жуулчдыг Хятад руу, Хятадын жуулчдыг Орос руу аялуулах ажлын явцад Хятадын соёл, аялал жуулчлалын зах зээлийн асар их эрч хүчийг биечлэн мэдэрсэн гэж хэлэв.


Испанийн Барселона хотын алдарт барилгуудын өмнө Хятад жуулчид зургаа авахуулж байна.

 
Аялал соёлын солилцоог гүнзгийрүүлж байна
Өнөөдөр хил дамнасан аялал жуулчлал нь зөвхөн үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалт зүйлсийг үзэж сонирхохоос илүүтэй тухайн орны соёл, амьдралын хэв маягтай гүнзгий танилцах чиглэлд хөгжиж байна. Хятадад ирж буй гадаадын жуулчид алдартай үзмэр, түүхэн дурсгалт газруудаар зочлохоос гадна хот, хөдөөгөөр аялж, орон нутгийн хоол амтлан, Хятадын уламжлалт соёлыг биечлэн мэдэрч байна. Харин гадаад улс орнуудад аялж буй Хятадын жуулчид кино, телевизийн бүтээл, уран зохиол төдийгүй тухайн орны хүмүүсийн өдөр тутмын амьдралыг илүү их сонирхох болжээ.
 
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн мэдээллээр, 2025 онд Хятадын аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас хоёр дахин давж, гадаадын жуулчдын Хятадад зарцуулсан зардал 10 гаруй хувиар нэмэгдсэн. Хятадын үзэсгэлэнт байгаль, баялаг түүх, соёлын өв, өвөрмөц хоолны соёл нь дэлхийн өнцөг булан бүрээс улам олон жуулчныг татаж байна. 
 
Үүний зэрэгцээ Хятадын жуулчид аяллаар дамжуулан дэлхий ертөнцтэй танилцаж байна. Их Британийн Темза мөрний эрэг дээр нэгэн хятад жуулчин Биг Бений зурагтай англи хэлний сурах бичгээ гаргаж, номон дээрх дүр зургийг нүдний өмнө харагдах бодит байдалтай харьцуулан гэрэл зураг дарж, дурсгал болгон үлдээжээ. Мөн “Харри Поттер” зэрэг  алдартай кино, телевизийн бүтээлийн зураг авалт хийсэн газрууд жуулчдын зорин очих дуртай газруудын нэг болж байна.  

   
Хил дамнасан зорчигчдын урсгал нэмэгдэж, соёлын солилцоо улам гүнзгийрч буй нь Хятадын Үндэсний баярын амралтын үеэр Хятад болон гадаадын жуулчид харилцан зорчиж, бие биеэ илүү сайн танин мэдэж байгаагаас тод харагдаж байна. Энэхүү харилцан зорчилт нь зөвхөн өсөж буй тоон үзүүлэлтээр хэмжигдэхгүй, харин бодит уулзалт, халуун   дотно харилцаа, соёлын солилцоогоор илэрч байгаа юм. Аяллын явцад жуулчид шинэ газар орон, өөр өөр соёлыг биечлэн мэдрэхийн зэрэгцээ бие биедээ улам ойртож, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж байна. Ийнхүү аялал жуулчлал нь Хятад улс болон дэлхий ертөнцийг холбож, ард түмнүүдийн харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэх чухал гүүр болж байна.

 


Редактор : Х.АРВИНТАЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл